Казахстаны Nur.kz мэдээллийн хуудсанд “ Улаанбаатар руу нисэх Air Astana компанийн нислэгийг Монгол улс хориглолоо” гэсэн гарчигтай мэдээ гарчээ.
Уг мэдээнд Казахстаны агаарын тээврийн Air Astana компанийн байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал, “Монголын агаарын тээврийн удирдлагууд тодорхойгүй шалтгаанаар ирэх зургаадугаар сараас эхлэх байсан Астана Улаанбаатарын чиглэл дэх шууд нислэгийг үйлдэнэ гэсэн амлалтаасаа буцсан тул уг нислэгийг манай талаас цуцлахаас өөр аргагүйд хүрч байгаад харамсалтай байна” гэжээ.
Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар 1992 онд агаарын тээврийн хоёр талын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, 2014 онд нислэг үйлдэх санамж бичигт гарын үсэг зурж, баталсан юм.
“Нислэг үйлдэх зөвшөөрөл авахын тулд баримт бичиг бүрдүүлэн ажиллахад хоёр сарын хугацаа шаардлагатай болсон. Air Astana компани нь монголын Иргэний Агаарын Тээврийн аудитын шалгалтыг амжилттай давж, ямар ч асуудал үүсээгүй” гэж уг мэдээнд дурджээ. Энэ тухай Монгол Улсын Зам Тээврийн яамны сайд М.Зоригт "Эйр Астана компани нь гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ /зөвшөөрөл/ аваагүй, Астана-Улаанбаатар-Астана нислэгийн чиглэлд хэрэглэх тарифыг хоёр талын удирдах газрууд хүчин төгөлдөр болгоогүй байгаа" хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.