Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири улсад нөхцөл байдал маш хүнд байна. Тус улсад олон жилийн турш үргэлжилж буй иргэний дайны улмаас дэд бүтэц нь сүйдэж олон улсын тусламж оруулахад хүндрэл үүсээд байгаа аж.
Сирийн идэвхтнүүд гамшигт нэрвэгдсэн бүс нутагт олон улсын зүгээс яаралтай тусламж үзүүлэхгүй байгааг хурцаар шүүмжилж байна.
Газар хөдлөлтөөс болж Турк Сирийг холбосон Баб ал-Хава шалган нэвтрүүлэх хэсгийн зам их хэмжээгээр эвдэрч сүйдсэн гэж албаныхан мэдээлж буй. Харин хил дээрх Сирийн иргэд үүнийг няцааж Туркээс Сирийн иргэдийн цогцсыг ачсан машинууд тус хэсгээр орж ирсээр байхад яагаад тусламжийн цуваа орох боломжгүй байгааг тайлбарлахыг шаардаж байгаа юм.
Туркийн Гадаад хэргийн яам Сири руу олон улсын тусламжийн цувааг нэвтрүүлэхийн тулд хилийн хоёр гарцыг нээхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ. Гэвч энэ хооронд нурангид дарагдсан хүмүүсийн амийг аврах цаг улам богиносож байгааг Сирийн идэвхтнүүд анхааруулсаар байна. Дэлхийн өнцөг булан бүрээс аврах баг, сайн дурынхан Туркт ирсээр байхад адилхан газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири улс олон улсын тусламжгүйгээр дангаараа гамшигтай тэмцэж байгаа нь шудрага бус гэж Сирийн эрүүл мэндийн сайн дурын ажилтан Обайда Ранноуш дэлхий нийтэд хандан гомдоллон хэллээ.
Тэрээр олон улсын нийгэмлэгүүд, Арабын орнууд, НҮБ-д хандаж яаралтай тусламж үзүүлэхийг уриалсан байна. Америк, Европын орнуудын хэрэгжүүлж буй хоригоос болж аврах ажиллагаанд шаардлагатай бульдозер, өргөгч цамхаг хангалтгүй байгааг Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын зөвлөх мэдээлжээ.
Европын холбоо 3.5 сая еврог Сирийн засгийн газар болон босогчдын хяналтад байгаа бүс нутагт тусламж болгон олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн НҮБ газар хөдлөлтөд ихээр нэрвэгдсэн Сирийн босогчдын хяналтад байгаа баруун хойд нутагт тусламж оруулах бүх арга замыг судалж байгаагаа мэдэгдсэн.
Даваа гарагт болсон газар хөдлөлтөд Сири улсад одоогийн байдлаар гурван мянга орчим хүн амиа алдаад байна.