Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцад (ЭДЦС) гал гарчээ. Тодруулбал, “ЭДЦС” ТӨХК-ийн зуухан цехийн нэгдүгээр дүгээр зуух шатсан бөгөөд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиж хөөс үүсгэгч бодис ашиглан түймрийн тархалтыг зогсоосон байна. "Гал гарсны улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Тус цахилгаан станц нь нийт долоон зуухтай, нэг зуухын үйл ажиллагаа зогсоход станцад ямар нэгэн доголдол гараагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа" хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Ташрамд дурьдахад "ЭДЦС" нь долоон зуух, гурван турбинтэй, цагт 302.5 Гегакалори/цаг дулаан, 28,8 Мегаватт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай бөгөөд нэг алба, таван хэлтэс, найман цехийн зохион байгуулалттай, 454 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм.
