Улиран одсон 2022 оныг Монголын спортын салбарынхан амжилт бүтээлээр арвин, бүтээн байгуулалтаар өрнүүн, томилгоогоор дүүрэн бас дуулиан шуугианаар таслалгүй үдэв. 2022 оны спортын онцлох үйл явдалд тодоор тэмдэглүүштэй содон нэгэн үйл явдал тохиосон нь дэлхийн анхаарлыг татсан Монголын баг тамирчдын хувцас байлаа. Тодруулбал, “Бээжин-2022” олимпын наадмын нээлтэд өмссөн цанын олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрахын үндэсний дээл, малгай Олон улсын олимпын хорооны Олимпын музейд дурсгал болон үлдлээ. Мөн Дэлхийн шатрын олимпиадад оролцсон Монголын шатрын эрэгтэй баг тамирчдын хувцас 187 орны багаас шилдгээр шалгарч, цом хүртсэн юм. Өвлийн олимпод оролцох баг тамирчдын хувцас ч “Mongolia ба Moncolia” гэх дуулианыг хэсэгтээ тарив.

“Michel&Amazonka” урласан Б.Ачбадрахын дээл

Олимпын наадам нь хэдийгээр спортын уралдаан тэмцээн ч нээлт, хаалтын ёслолд тамирчдын өмссөн хувцсыг загварын үзүүлбэр мэт хүлээн авч, шүүн хэлэлцдэг уламжлал дэлхийн өнцөг булан бүрд бий. Цэнхэр гарагийн иргэд хэдэн саяараа бус хэдэн тэрбумаараа ийнхүү сонждог. Тиймээс ч улс орнууд үүнд маш их ач холбогдол өгч, улсынхаа томоохон брэндүүд болон гаднын шилдэг спорт хувцасны брэндүүдтэй хамтран ажилладаг. “Бээжин 2022” өвлийн олимпын наадамд л гэхэд ОХУ-ынхан “Zasport”, италичууд “Giorgio armani”, шведүүд “Uniqlo”, германчууд “Adidas” брэндээр гоёж ирсэн. Гэхдээ тэдэн дундаас Монголын үндэсний үйлдвэрлэгч “Michel&Amazonka” брэндийн урласан хувцас Олон улсын олимпын хорооны анхаарлыг татсан нь үнэхээр бахархууштай хэрэг юм.

“Бээжин-2022” олимпын наадмын нээлтэд өмссөн Б.Ачбадрахын үндэсний дээл, малгай одоо Швейцарь улсын Лозанн хотноо байрладаг Олон улсын олимпын хорооны Олимпын музейд байрлаж буй. Олон улсын олимпын хорооны Соёлын өвийг хамгаалах сангаас хүсэлт тавьсны дагуу ийнхүү музейд хадгалагдах болжээ.

“Michel&Amazonka” брэндийн хувьд “Бээжин-2022” олимпын наадмаас гадна “Токио-2020” зуны олимпын наадам болоод “Бээжин-2022” паралимпын наадмын тамирчдын хувцсыг ч урлан бүтээсэн юм. Олон улсын анхаарлыг татсан Б.Ачбадрахын дээлийг хэрхэн бүтээсэн талаар “Michel&Amazonka” брэндийн менежер Б.Мөнхбаяртай ярилцсанаа хүргэе.

-Б.Ачбадрахаас сэтгэгдлийг нь сонсоход “Манай улсаас гадна дэлхийн цөөнгүй орон үндэсний хувцсаа нээлтэд өмссөн. Үүн дотроос Монгол үндэстний хувцас шилдгээр шалгарахад маш их баяртай байсан” гэж хэлсэн. Урлан бүтээсэн та бүхэнд харин ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Олон улсын сэтгүүлүүд болон загвар шүүмжлэгчдийн сайтуудад “Монголын багийн хувцас шилдгээр шалгарлаа” гэснийг хараад маш их баярлаж байсан. Бид ийм гоё юм хийчихлээ гэхээсээ илүү “Монгол үндэсний хувцас маань яалт ч үгүй агуу юм” гэж бахархаж суусан.

-Яагаад заавал дээлтэй загвар урлахаар болсон бэ?

-Судалгаа хийгээд өмнөх олимпын наадмуудыг үзэхэд Монголын баг сүүлийн олимпуудад дээлтэй загвар өмсөөгүй байсан. Ихэвчлэн хослол юм уу куртиктай нээлтэд алхсан байсан. БНХАУ-д олимп болж байгаа учир “Дээл бол Монгол үндэсний хувцас юм шүү” гэдгийг тодотгохоор дээлтэй загвар бүтээсэн. Үндэсний дээлний элементүүд болох зах, энгэр болон ханцуйг загварчлан гар ажиллагаа нэмж, баяр наадмын загвартай болгосон. Монголчууд хөх өнгийг эрхэмлэдэг учир дээлийн өнгийг энэ өнгөөр сонгосон.

-“Дээлийн доторт амьтны үс ашиглалаа” гэж шүүмжлэх хүмүүс байсан?

-Зарим хүн ингэж ойлгосон бололтой. Хэдийгээр бид хурган дотортой дээл өмсдөг ч гэсэн олимпын нээлтэд өмссөн энэ дээлийн дотрыг хиймэл материалаар хийсэн. Дэлхий дахины чиг хандлага амьтны үсээс татгалзаж байгааг загвараа гаргахдаа бодсон.

-Үндэсний хээ угалзаа оруулж өгснөөрөө их онцлог харагдсан. Монгол үндэсний ямар, ямар хээ угалз ашигласан бэ?

-Үндэсний зүйлүүдээ илүү ихээр оруулахаар шийдсэн. Тиймээс Монгол үндэсний хээ угалзны номоос судалгаа хийгээд өлзий хээг энгэр болон ханцуйнд оруулж өгсөн. Бүсэнд ашигласан хээнүүд ч мөн адил бүгд Монгол үндэсний хээ угалз. Үндэснийхээ хээг манай дизайнерууд нэмж баяжуулж зураад, дахин давтагдашгүй хэв шинжийг бүтээсэн. Бүсний хээг 100 хувь гараар хатгаж бүтээсэн.

-Монголчуудын хувьд маш олон төрлийн малгай өмсдөг. Энэ дундаас лоовуузан малгайг онцолсон нь ямар учиртай юм бол?

-Монголчууд маш олон төрлийн малгай өмсдөг боловч лоовууз малгайг нийтээрээ түлхүү өмсдөг. Лоовууз малгай нь зөвхөн Монголд л байдаг, хамгийн дулаахан малгай. Дээлийн дотрын үс ханцуйгаараа цухуйсан учир лоовууз малгайнд үслэг хэсэг оруулж өгсөн юм.

-Өвлийн олимпод өмсөх баг тамирчдын хувцас “Mongolia юу Moncolia юу” гэх зэргээр багагүй хэл ам таталсан. Үүний дараагаар “Яагаад заавал “Michel&Amazonka” олимпын наадмуудын хувцсыг урлаад байгаа юм бэ” гэсэн маргаан гарсан. Нэгэнт уулзсаных энэ асуултад хариулт авмаар санагдлаа?

-Бидний хувьд алдаан дээрээсээ суралцаж, шүүмжлэлийг хүлээж авсан. Зуны олимпын наадмын өмнө дизайнерууд руу урилга явуулж, уралдаан зарласан юм. Уралдаанд бүтээлээ явуултал нэгдүгээр шатанд шалгарсан. Хоёрдугаар шатанд 3-4 компани өрсөлдөөд “Michel&Amazonka” загвараар хийе гэж тохирсон. Уралдаан тэмцээн ямар зарчмаар явдаг, тэр дагуу л шалгарч олимпод оролцох багийн хувцсыг хийхээр болсон. Бидэнд огт танил тал, “арын хаалга” байхгүй.

Монголынхоо олон улсад танигдаж буй нүүр царайг шинэчилье, гоё болгоё гэсэн чин зорилготойгоор л оролцсон. Үүнийг бид ашиг гэж хэзээ ч хараагүй. Ашиг олох ч боломжгүй. Зарим тохиолдолд алдагдал хүлээсэн ч тохиолдол гарсан. Ингэлээ гээд “халтуурдаж” болохгүй. Монгол Улсын нүүр царайг олон улсад таниулах гэж байна шүү дээ. Цаана нь “Michel&Amazonka”  брэндийн нүүр царай ч давхар яригдана. Бид хамгийн сайн материалаар, хамгийн гоё хувцас хийхийг л зорьсон. Зуны олимпын дараагаар Монголын үндэсний олимпын хороо санал тавьсны дагуу өвлийн олимпын хувцсыг хийхээр болсон.

-2024 оны олимпын наадам хаяанд ирлээ. Хувцасны шалгаруулалтыг энэ жил хийнэ. Танай брэндийн хувьд бэлтгэсэн зүйл бий юү?

-Бидний хувьд өвөл, зуны олимпод хоёуланд нь ажиллалаа. Спорт хувцас их өөр технологитой. Материал сонголтоос эхлээд монгол хүний биед суух суултын байдал, цаг агаарын онцлогт тохируулах зэрэг нь бидэнд шинэ туршлага бас сорилт боллоо. Энэ бүхнийг амжилттайгаар давсан гэж бодож байгаа. Ер нь олимпын хувцаст чамгүй хүнд шалгуур тавьдаг. Зуны олимпын багийн хувцас гэхэд 5-6 коллекцтой. Өвлийн олимпын хувцас ч ялгаагүй. Бидэнд одоогоор маш олон бэлэн загвар, санаа байна. Загвар дээр огт санаа зовохгүй байгаа. Ямартай ч бүтээлээ илгээнэ.

Энэ ташрамд дурдахад, Б.Ачбадрахын дээл Олимпын музейд байршсан тул “Michel&Amazonka” брэндийн зүгээс түүнд яг ижил дээлийг урлаж өгсөн байна.

187 орноос шилдгээр шалгарсан шатарчдын гоёл

Энэтхэгийн Ченнай хотноо 2022 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-ны өдрүүдэд дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад амжилттай зохион байгуулагдсан. Манай улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатараар ахлуулсан С.Ган-Од дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ баг, Ц.Батсайхан дасгалжуулагчтай эмэгтэй шигшээ багийн хамт олон амжилттай оролцож ганзага дүүрэн ирсэн.

Энэхүү олимпадаас эрэгтэйчүүдийн баг 187 орны 188 багаас 35 дугаар байр эзэлж, эмэгтэй баг 160 орны 162 орны багаас 15 дугаар байр эзэлж, Монголын шатрын түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн. Дөрөвдүгээр ширээнд суусан Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нэгдүгээр байрт бичигдэж алтан медалийн эзэн болж, шатрын спортын анхны олимпын аварга мэндэлсэн. Шатарчид энэхүү тэмцээнээс өөр нэгэн шагнал хүртсэн нь Монголын эрэгтэй шигшээ багийн хувцас юм. Тодруулбал, энэхүү  тэмцээнд оролцсон дэлхийн 187 орноос хамгийн шилдэг хувцсаар шалгарч, хаалтын ёслолын үеэр эрэгтэй баг шагнал гардсан юм. Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч "Формон транспорт" ХХК-ны захирал Ж.Одонтуул шигшээ багийн шатрын олимпиадад өмссөн хувцсыг найман саяар ивээн тэтгэсэн байна. Мөн тэрээр 2022 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээнийг 100 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн юм. Дэлхийн шатрын олимпиадад оролцсон шатарчдын гоёлыг “Этно” салоныхон урлажээ. Бүтээлийнхээ талаар тус салоны захирал Г.Нямдаваа “Эрэгтэй багийн цамцны өнгийг сонгохдоо Монголынхоо цэнхэр хөх тэнгэрийг бэлгэдэж өнгийг сонгосон. Өмдийг нь эр хүний сүр сүлд, цог жавхааг илэрхийлсэн цэрэг шинель өмдний загвараар хийсэн. Тэмцээндээ амжилттай оролцохын бэлгэдэл болгож, олимпын таван цагариг болон бугын дүрслэлийг оруулж өгсөн. Энэтхэг оронд тэмцээн болсон учраас нимгэн, хөнгөн материалыг сонгосон. Эрэгтэй, эмэгтэй багийн хувцасны дизайныг манай загвар зохион бүтээгч С.Туул гарган, оёдлын технологич Э.Энхжаргал загварыг нь хариуцаж ажилласан. Түүний хариуцан ажилладаг оёдлын баг хамт олон энэхүү хувцсыг урлан бүтээсэн” гэсэн юм.

2022 онд Монголын спортын салбарт ийнхүү нэг түүх шинээр мэндэллээ. Анхдагч гэж хэлж болохуйц энэ түүх цаашид ч гэсэн түүчээлж, Монгол үндэстний хувцасны өв соёл дэлхий дахинд танигдах биз ээ.