ОХУ-ын Украины эсрэг явуулж буй дайн Хар тэнгисийн экологийн байдалд сөргөөр нөлөөлж тэнгисийн зарим хөхтөн амьтныг устгаж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Өнгөрөгч оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Хар тэнгисийн эрэгт үхсэн далайн гахай болон олон төрөл зүйлийн загас шидэгдэх тохиолдол эрс нэмэгдсэн байна.

Украины дайнтай холбоотойгоор Орос тэнгисийн цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн нь үүнд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Молдавийн хилээс холгүй орших Украины баруун өмнөд хэсгийн “Тузлын байгалийн үндэсний хүрээлэн”-гийн судалгааны албаны дарга Иван Русев өглөө болгон Хар тэнгисийн эргээр алхдаг байна. Тэрээр дайн эхэлснээс хэдэн сарын дараа тэнгисийн эрэгт түгшүүртэй, санаа зовоосон зүйл ажиглах болжээ. Түүний ажигласнаар эрэгт шидэгдэж үхсэн далайн хөхтөн амьтдын биеэс загас агнуурын ул мөр огт илрэхээ больсон байна. Өмнөх жилүүдэд эрэгт үхсэн амьтдын дийлэнхэд нь загас агнуурын хэрэгсэлд баригдсан ул мөр байдаг байжээ.

Дайнаас өмнө байгалийн үндэсний хүрээлэнгийн газрын 44 км үргэлжлэх эргийн дагуу жилд ойролцоогоор гурваас дөрвөн үхсэн дельфин ажиглагддаг байжээ. Харин дайн эхэлснээр тэнгисийн эргийн ихэнх хэсгийг цэргүүд хаасан байна. Улмаар ердөө таван км газрыг нээлттэй үлдээжээ. Эргийн нээлттэй хэсэг болох 5 км газраас 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын сүүл хүртэлх хугацаанд нийт 35 хөхтөн амьтныг олсон байна.

Иван Русевийн баг Орос, Гүржээс бусад Хар тэнгисийн орнуудын мэргэжил нэгтнүүдтэйгээ холбогдож нөхцөл байдлын талаар тодруулахад, өнгөрөгч оны тавдугаар сарын байдлаар нийт 2500 орчим хоёр төрөл зүйлийн хөхтөн эрэгт шидэгдсэнийг олж тогтоожээ.

Гэхдээ үхсэн амьтдын дийлэнх нь эрэгт шидэгдэхгүйгээр тэнгисийн гүнд живдэг учир бодит тоог үүнээс ч их гэж үзэж байгаа аж.

Хар тэнгис орчмын байгаль хамгааллын бусад байгууллагууд ч гэсэн амьтад ихээр үхэж байгааг мэдээлж буй.

Румын улсын “Mare Nostrum” байгаль орчны холбооны мэргэжилтнүүдийн ажигласнаар үхсэн амьтад эрэгт олноороо шидэгдэж байгаа нь 2010 оноос хойшхи хамгийн өндөр тохиолдолд тооцогдож байгаа аж.

“Mare Nostrum”-ийн гүйцэтгэх захирал Мариан Пайугийн танилцуулснаар өмнөх жилүүдэд 100-аас доош тооны үхсэн амьтан бүртгэгддэг байсан бол 2022 оны нэгдүгээр сараас 9-р сарын хооронд нийт 194 амьтан эрэгт шидэгдэж үхсэн байна.

Дайн хэрхэн тэнгисийн амьтдыг үхэлд хүргэж байна вэ?

Амьтад олноороо устаж буйн гол шалтгаан нь Оросын тэнгисийн цэргийн хүчин усан доторх шумбагч объектуудыг илрүүлэгч дуу авианы локаторыг (sonar) Хар тэнгист ихээр ашиглаж байгаагаас үүдэлтэй. Учир нь дуу авианы локаторын улмаас амьтад акустик гэмтэл авч үхэлд хүрч буйг мэргэжилтнүүд хэлж байна. Акустик гэмтэл гэдэг нь ихэвчлэн өндөр децибелийн дуу чимээний нөлөөллөөс үүдэлтэй дотоод чихний гэмтэл юм.

Дельфин, далайн гахай болон тэнгисийн бусад амьтад дуу авианы локатораас ирж буй даралтаас үүдэн акустик систем нь бүрэн гэмтэж улмаар өөрийгөө удирдаж, жолоодох чадваргүй болдог байна.

Амьтдын хувьд өөрсдийгөө жолоодож, бусадтайгаа харилцаа холбоо тогтоож, зүг чигээ тодорхойлохдоо исгэрэх, час хийх чимээ гаргах, товших зэрэг байгалиас өгөгдсөн төрөлх аргыг ашигладаг. Харин дотоод чих нь гэмтсэнээр энэ чадвараа алддаг байна.

2000 онд Багамын арлуудад далайн амьтад эрэгт олноороо шидэгдсэнийг дуу авианы локатор ашигласан тэнгисийн цэргийн сургуулилалттай холбоотой гэдгийг анх удаа тогтоож байжээ.

Түүнчлэн 2008 онд Их Британийн Корнуоллд далайн амьтад эрэгт олноороо шидэгдсэн явдлыг тэнгисийн цэргийн идэвхжил нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна. Тухайн үед 26 богино хошуут далайн гахай эрэгт шидэгдэхээс дөрөв хоногийн өмнө дундын давтамжит дууны аппарат ашигласан олон улсын тэнгисийн цэргийн сургуулилалт болж байжээ.

Дуу авианы локатор нь амьтдын үхэлд шууд нөлөөлдөггүй ч тэдний дотоод чихийг гэмтээснээр зүг чиг, хоол хүнсээ олох чадварыг нь алдагдуулж, шууд бусаар үхэлд хүргэдэг байна.

Амьтдыг дотоод чихний гэмтлээс болж үхсэн эсэхийг нь тогтоохын тулд үхсэнээс нь хойш 24 цагийн дотор дээж авч шинжлэх шаардлагатай аж.  Харин 24 цаг өнгөрсний дараа үүнийг тогтоох боломжгүй болдог.

Ихэнх далайн гахай, дельфиний сэг ялзарч, муудсаныхаа дараа эрэгт шидэгддэг учир дотоод чихний гэмтлээс болж үхсэн гэдгийг нь шинжилгээгээр албан ёсоор тогтоох боломжгүй байдаг аж.

Хар тэнгис нь Оросын  хувьд аюулгүй байдлынх нь стратегийн чухал ач холбогдолтой газруудын нэг.

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа Москва Оросын хар тэнгисийн флот байрладаг Крымын Севастополь боомтыг Украинаас түрээслэсэн. Харин 2014 онд ОХУ Крымын хойгийг эзэлж өөртөө нэгтгэсэн юм.  Хар тэнгисийн флот нь Украины флотоос хүчин чадлаар илүү хамаагүй томд тооцогддог.

Оросын шумбагч онгоцнууд Украин руу буудах үеэр усан доорх дэлбэрэлт, мина зэрэг нь амьтдын акустик гэмтэлд нөлөөлдөг байна.

Түүнчлэн ОХУ Хар тэнгисээс олон зуун удаа пуужингаар харвасан бөгөөд тэнгист унасан зарим пуужин амьтдыг үргээж, дайжихад хүргэсэн байж болзошгүй аж.

Өнгөрсөн хавар Болгарын эрэгт дайжсан далайн хөхтөн амьтдын нягтрал ихсэж, тоо толгой нь өссөн нь сүүлийн зургаан жилийн хугацаан дахь хамгийн өндөр тохиолдолд тооцогдож байна.

Амьтад өөр газраас дайжин ирж нягтаршил үүсгэх нь өвчин тархах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Хар тэнгис дэх стратегийн чухал байршил болох Могойн арлыг ОХУ довтолгооны эхний өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд эзэлж байсан.

Тузлын байгалийн үндэсний хүрээлэнгээс 50 км-ийн зайд орших тус арлыг Украинчууд зургаадугаар сард дахин хяналтдаа авсан.

Энэ газарт далайн амьтдыг хамгаалахын тулд  5000 хавтгай дөрвөлжин км газрыг тусгай хамгаалалттай бүс болгохыг байгаль хамгаалагчид Украины байгаль орчны яамнаас хүсэж буй.

Оросууд Украин руу довтлохоос өмнө Хар тэнгист  дельфин, далайн гахайн тоо толгойг нэмэгдүүлж чадсан нь том амжилт болж байжээ.

Эрдэмтэд судалгаа хийхэд одоогоор хэтэрхий аюултай байгаа учир Хар тэнгисийн амьтдад учирсан хохирлын хэмжээг дайн дууссаны дараа л тодорхойлох боломжтой гэжээ.

Гэхдээ дайны дараа тэнгисийн амьтдад маш ноцтой хохирол учирсан байх нь ойлгомжтой гэж мэргэжилтнүүд эмээж байгаа юм.