Манай улсад эм, эмийн бүтээгдэхүүний худалдаа хамгийн ашигтай бизнесийн талбар билээ. Учир нь хүн ам цөөн хэдий ч өвчлөл их тул импортын эм эмнэлгийн хэрэгсэл илүүтэй давамгайлдаг. Үүнийгээ дагаад ч бидний хэрэглэж буй эмийн үнэ өндөр. Эмийн зах зээлд жилд ойролцоогоор нэг их наяд төгрөг эргэлддэг ч бид үнэдээ дүйцэхүйц чанартай эм хэрэглэж чаддаггүй.

Чанартай эмийн эрэлд

Хүн ам найдвартай, чанартай, аюулгүй гэх үзүүлэлтэд багтсан эмийг хэрэглэх ёстой. Монгол Улсын бүртгэлд 4220 эм байдгаас 79 хувь нь импортоор орж ирдэг бол үлдсэн хувийг дотооддоо үйлдвэрлэдэг аж.

Эмийн бүртгэлд:

  • Эм-4220
  • Оношлуур-1627
  • Биологийн идэвхт бүтээгдэхүүн-1442 бүртгэгджээ.

Манай улс дэлхийн 47 улсаас 3391 эм импортоор авдаг. Үндэсний аюулгүй байдал стратеги судалгааны хүрээлэнгээс 2021 онд Монгол Улсад бүртгэлтэй эмийн жагсаалтад нарийвчилсан дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээгээр манайх 1279 нэршлийн эмийг дэлхийн 47 улсаас импортолдог аж. Тухайлбал нэг эмийг 1-42 хүртэл янз, хэлбэрээр оруулж ирдэг. Үүнд 13 улсын 42 янзын Ципрофлоксацин (өргөн хүрээний үйлдэлтэй хүчтэй антибиотик), 12 улсын 39 янзын Диклофенак (өвчин намдаах үйлдэлтэй, ходоод гэдэсний салстыг хүчтэй цочроож шарх үүсгэх эрсдэл ихтэй эм) хэрэглэдэг байна. Ийнхүү жагсаалтад хамгийн олон давтамжтай 61 нэршлийн эмийг 10-42 янз, хэлбэрээр дэлхийн 13 улсаас авч буй нь эмийн аюулгүй байдал хангагдахгүй байгаагийн тод жишээ гэж үзжээ.

Доорх хүснэгтээс харахад манай улс Энэтхэг улсаас их хэмжээгээр эм импортоор авч нийлүүлдэг бол Герман, БНСУ зэрэг улс удаад нь жагсаж байна.

Монгол эмч нарын ур чадвар сайн, эмчилж чадаж байна. Дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг хийж байна. Гэтэл эмчилгээний үр дүн хангалттай сайн болохгүй байгаагийн шалтгаан нь эмийн чанартай шууд холбоотой. Тиймээс эрүүл мэндийн салбарын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох эм үйлдвэрлэл, тээврийн хяналтын тогтолцоо сайн байх шаардлагатай. Эрүүл мэндийн салбар 30 жил хямд үнэтэй, чанаргүй эм авлаа. Чанартай эмээр нэг хүнийг долоо хоног эмчлэх боломжтой байхад бид 14-21 хоног эмчилж байна. Хүнийг хурдан хугацаанд эрүүл болгох нь эмийн чанартай шууд холбоотой.

ЭМДС-аар хөнгөлөлттэй олгож байгаа нийт эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй

Өнгөрсөн онд Төрийн аудитын байгууллага төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийжээ. Аудитаар эмийн бүртгэлийн үйл ажиллагаа болон учир дутагдалтай олон зөрчил илэрсэн аж. Тухайлбал зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгааг тогтоожээ. Мөн ЭМДС-аар хөнгөлөлттэй олгож байгаа нийт эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж үзсэн байна. Гэтэл иргэд өөрт шаардлагатай эмийг аль улсад үйлдвэрлэгдсэн болон чанартай эсэхийг тэр бүр ялган, дүгнэж чадахгүй. Иймд бидний худалдан авч буй эмд хяналт шалгалт хийх зохицуулалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хариуцаж буй.

Эм шинжлэх лабораторид эм эмийн түүхий эд, уламжлалт эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг шинжилдэг. Бидний хувьд дэлхий дахинд ашигладаг багажаар дотоодын болон импортоос орж ирж байгаа эмийн чанарын хяналтын шинжилгээг хийдэг. Шинжилгээний хувьд лабораторид ирж буй эмийн үйлчлэгч бодис нь байгаа эсэх, агууламж нь олон улсын баримт бичиг стандартын дагуу байна уу гээдгийг шинжилдэг. Эм шинжлэх лаборатори 2022 онд нийт 1957 дээж 20242 үзүүлэлтээр шинжилгээ хийж гүйцэтгэсэн.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр “Импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг эхний ээлжид зохистой орчинд үйлдвэрлэгдсэн эсэхийг хянадаг. Үүний дараагаар найрлага, тун, идэвхийг нягталж тогтвортой эсэхийг тогтооно. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсэхийг шалгаж, ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн жагсаалтад орсон эсэх, үйлдвэрлэгч улсын эмийн жагсаалтад орсон үгүйг шалгадаг. Ийнхүү нэг эмд дунджаар 7-8 үзүүлэлтээр шалгалт хийдэг" гэсэн юм.

Эмийн чанар хаана алдагдаж байна

Мэргэжилтнүүдийн  хэлж байгаагаар эмийн чанар зөвхөн үйлдвэрлэлээс бус хадгалалт тээвэрлэлттэй нягт холбоотой аж. Монгол Улсын хяналт шалгалтын цахим санд 1400 орчим эмийн сан, 2000 орчим эрүүл мэндийн байгууллага бүртгэлтэй байдаг. Эдгээр байгууллагууд эм эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчийн заасан горимын дагуу хадгалж байгаа эсэхийг улсын байцаагч нар шалгалт хийж аюулгүй байдлыг хангаж ажилдаг. Тэгвэл хяналт шалгалтаар зарим эм ханган нийлүүлэх байгууллага эмээ зориулалтын аргаар тээвэрлээгүй, тусгай хэмийн дагуу хадгалаагүй гэх зөрчлүүд илэрдэг байна.

Иргэд өөрт шаардлагатай эмийг худалдан авахдаа тухайн мэргэжлийн эмчид үзүүлж өөрт тохирсон эмийг жорын дагуу эмийн сангаас худалдан авах хэрэгтэй. Мөн эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд http://licemed.mohs.mn/  цахим санд хандаж тухайн эмийн мэдээлэл хүчинтэй хугацаа, хэрэглэх заавартай танилцах боломжтой. Түүнчлэн сүүлийн үед иргэд цахимаар эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авах нь ихэссэн. Тэгвэл онлайнаар борлуулж буй дийлэнх эм нь улсын бүртгэлд бүртгэлгүй байдаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүнд чанарын баталгаа хийгдээгүй байна гэсэн үг. Хэрэв тусгай зөвшөөрөлгүй эмийг худалдан авч эсвэл борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хулиар арга хэмжээ авдаг. Иймд иргэд заавал эмийн сан болон эмч, эмийн санчийн зөвлөмжөөр жорын дагуу олгогдож байгаа эмийг худалдан авах нь зүйтэй.

Ийнхүү хамгийн ашигтай гэгдэх эмийн наймаа иргэдийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Тиймээс цаашид эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөөг илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай. Түүнчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг сайтар мөрдөж эмийн чанарт хатуу хяналт тавьж, цаашид эх орондоо чанартай эмийг оруулж ирэхэд анхаарах нэн шаардлагатай байна.