Монгол Улс авлигын индексээр 116 дугаарт бичигджээ. Ингэтлээ Монголын авлигачид хичээн зүтгэж. Харамсалтай нь, тэдний үйлийн хор уршгийг нийтээрээ, шударга үнэнээр яваад боломжоо хулгайлуулж байгаа хүн бүхэн хүртэж. Одоо бид авлигачдаа ханаж цаддаггүйгээр нь гахайтай зүйрлэдэг болсон. Эцэст нь гахай хариулсан монголчууд уураа барж байна.
Гахай уг нь хөхтөн амьтны аймгийнх. Гэхдээ махчнаас их иднэ. Тарга тэвээрэг авсан үедээ бусдад дийлдэнэ гэж үгүй. Тэд их бүлэрхэг. Их азарган гахайг харсан, барьсан хүн үгүй. Түүний дараа хангал бодон, хязаалан хадаргаа бодон, соёолон залуу бодон гээд үргэлжилнэ.
Гахай том багагүй хохирол сүйтгэл ихтэй. Хоёр настай тоорой ховс, гурван настай тоорой шавшуурга ч ашигтай л бол будааны хаягдлаас бүхэл үйлдвэр залгих нь ч бий. Ийн гударсаар гахайнууд нэгхэн жилийн дотор улсад таван их наяд төгрөгийн хохирол учруулжээ.
Залгидгийн гэрт хоолгүй
Хэтэрхий ховдог, гударган нь дэндсэн гахайтай хийх тэмцэл эрчимжсэн. Гэхдээ жил ирэх тусам гахайнуудын тарьсан гай, хохирол дүн өссөөр. Ер нь гахайтай хийх тэмцэл эрчимжиж бүх шатанд шалгалт шүүлэг, соён гэгээрүүлэх ажил хийгдэж байна.
Төрийн албанд хэрсэн гахайнуудын сүлжээ гүн бат нутагшжээ. Одоо гэхэд 754 хэрэг шалгагдаж байна. Энэ 754 хэргийн холбогдогч гээд үржүүлбэл бүр олон гахай гарна.
Манай дарга нар гахайнуудад гишгэх зам байхгүй, гахайг жигшицгээе гэж дандаа ярьдаг. Амьдрал дээр гахайнуудын тарьсан хэрэг нэмэгдсээр. Гахайнуудыг шалгадаг ганц газарт маань 2022 онд 662 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн. Гэхдээ энэ тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүхэл бүтэн 100-аар өссөн байгаа юм. Ер нь гахайнуудын хэрэг шүүх дээр очоод гацдаг, олон арван удаа хурал нь хойшилдог. Бүр арван жил ч үргэлжилдэг хэргүүд бий. Яг үүнээс болоод шүүх засаглал ялзарсан гэх шүүмжлэл хамгийн их яригдах болж.
Гахайчин бидний зовлон
Гахайнуудыг шалгадаг газарт ирсэн гомдол, шалгасан хэрэг, шийдсэн хэрэг бүгд өсчээ. 2022 онд гахайнуудын 1806 үйлдэлтэй, 1184 холбогдогчтой, 1520 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хамгийн гол нь энэ олон хэргийг хэрхэн шийдэж байна вэ? Прокурор дээр, шүүх дээр очоод гацчихаад байна уу гэх олон нийтийн шүүмжлэл тасрахгүй нь. Гахайнуудын хэргийн шийдвэрлэлт 2021 онд 1307 байсан бол 2022 онд 1520 болж. Шалгагдсан хэргүүд прокурор, шүүх дээр очоод гацаж болохгүй. Ер нь уддаг. Үүнийг ойлгож болох ч хөндлөнгийн нөлөө хэтэрхий ихтэй. Өмгөөлөгч нар ч хугацаа авах, хурал хойшлуулах 500 аргатай гэж ярьдаг. 2022 онд 188 гахайны хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж. Энэ тоо өмнөх жил нь 160 байсан юм. За энэ 188 дотор ямар хэргүүд байна гээд харахаар төр түмний өмнө тангаргаа өргөсөн, хариуцлагатай алба хашиж байсан том, жижиг, бүдүүн, нарийн гахайнууд. Одоо гахай бидний зовлон болсон.
Бид гахайгаа маллаад байна уу, гахайдаа маллуулаад байна уу?
Гахайнуудын тарьсан гайг шалгаж шүүгээд яллаад хэрэг дуусахгүй. Тэдний учруулсан гэм хохирол гэж бий.
2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 5 их наяд 24 тэрбум 895 сая 829 мянга 317 төгрөгийн хохирол учирсан. Энэ бол аймшигтай их тоо. 2023 оны төсвийн тухай хуулиар 21 аймагт хуваарилсан, төсвөөс санхүүжүүлэх татаас 214 тэрбум. Тэгвэл гахайнууд өнгөрсөн жил 21 аймгийн 23 жилийн төсвийн татаастай тэнцэх мөнгийг залгижээ гэсэн үг.
Харин энэ 5.2 их наяд төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 их наяд 374 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 518 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ. Энэ дотор өнөөх алдартай гадаадад гаргасан хөрөнгүүд байгаа. Тухайлбал ИБУИНВУ-д байрлах 1.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа нэг орон сууц, 269.0 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө 2 ширхэг, нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.долларыг улсын орлого болгож, Британийн Виржинийн арлаас 2.2 тэрбум төгрөгийн буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг, Мэн арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.долларыг мөн улсын орлого болгон хураан авсан байна.
Авлигач гахайнуудыг жигшье. Үнэндээ л гахайд өөрийнх нь махнаас өөр үржил шим, ашиг үгүй. Ядаж байхад гахайны үржил яасан ч хурдан юм. Жилд хэд төрнө, нэг төрөхдөө арваад торой гарна. Одоо бүр тоо толгой нь тоймгүй болж. Нэг удаа манай төр малчдаа дэмжээд ямааны тоогоор мөнгө өгсөн бол гахайнд гахайны тоогоор албан тушаал өгчээ. Ингээд эцэст нь бид гахайгаа маллаад байна уу, гахайдаа маллуулаад байна уу алин болох нь мэдэгдэхээ болив. Аймшигтай энэ олон тооны араас үүдсэн хор хохирол монголчуудыг үнэхээр уурлуулж байна. Үнэндээ л гахай хариулсан хүн уураа барна гэдэг баараггүй үнэн юм. Харин гахайтай тэмцээд төрөө хуу цэвэрлэнэ гэдэг төрийн өндөрлөгүүдийн үг “хуурай” байна.
