Хүний эрхийг хамгаалах бус иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан хэмээн шүүмжлэл дагуулж буй "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавилаа. Даваа гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дараах байдлаар хэлэлцэнэ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйл бүхэлдээ Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн хэлэлцэх талаар тусгасан байдаг.
88.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
88.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
88.3.Нэгдсэн хуралдаанд хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсны дараа энэ хуулийн 88.2-т заасан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоно.
88.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
88.5.Гишүүд энэ хуулийн 88.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
88.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
88.7.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл холбогдох Байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.
88.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
88.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.