
Нидерландын нэрт зураач Винсент Виллем Ван Гогийн талаарх сонирхолтой баримтуудыг бэлтгэлээ. Түүнчлэн түүний алдарт “Café Terrace at Night” уран зургийг онцлон танилцуулна.
Винсент Виллем Ван Гог 27 насандаа уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Тэрээр амьдралынхаа 10 хүрэхгүй жилийг урлагт зориулсан ч мөн хугацаанд 2000 гаруй бүтээл туурвисан байдаг. Хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд урлажээ.
Нэрт зураач Винсент Ван Гогт эндсэн ахынх нь нэрийг өгсөн гэдэг. Тэрээр хожим ахынхаа булшийг эргэн очихдоо энэ тухай мэдсэн нь сэтгэл зүйд нь хүчтэй нөлөөлжээ. Хэн нэгнийг орлохоор төрсөн мэт мэдрэмж амьдралынх нь турш түүнийг шаналгасан болох нь захидал, бичвэрүүдээс нь харагддаг аж.
Ван гогийн түүхтэй салшгүй холбоотой хүн бол Францын нэрт зураач, Эжен Анри Поль Гоген юм. Тэд уран зургийн үзэсгэлэнгийн үеэр танилцсан бөгөөд Францын өмнөд хэсэгт буй Арль хотод багагүй хугацаанд хамт амьдарсан байдаг. Харамсалтай нь, эмэгтэй хүний асуудлын улмаас нөхөрлөл эцэс болжээ.
Ван Гогийн алдарт “Self-Portrait with Bandaged Ear”, “Self-Portrait with Bandaged Ear and Pipe” зэрэг зургууд тун сонирхолтой түүхтэй. Тэрээр сайн найз Поль Гогентэй муудалцаж, сахлын татуургаар чихээ огтолсныхоо дараа тэдгээр зургийг зурсан байдаг. Чихийг нь Гоген гэмтээсэн ч байж болзошгүй. Учир нь, Ван Гогийг шархны улмаас ухаангүй байх үед нь найз нь өөр хот руу зугтаасан юм. Гэвч Ван Гог чихийг нь хэн гэмтээсэн тухай амьд ахуйдаа хэнд ч хэлж байгаагүй. Энэ нь найзыгаа хамгаалахыг хүссэнтэй нь холбоотой байж болзошгүй гэж судлаачид үздэг.
Поль Гогеныг Арль хотоос явсны дараа Ван Гогийн сэтгэцийн өвчин хүндэрч, эцэстээ амиа хорлосон. Тэрээр 1890 оны долоодугаар сард 37 насандаа өөрийгөө буудаж, хорвоог орхисон юм.
Суут зураач Винсент Ван Гогийн амиа хорлохдоо ашигласан 7мм-ийн Лафоше маркийн гар буу 162.5 мянган еврогоор зарагдсан байдаг. Гар бууг худалдаж авсан хүний хувийн мэдээлэл одоо ч нууц хэвээр буй.
“Шөнө өдрөөс илүү амьд бөгөөд өнгө гэрэлтэй байдаг”
“Café Terrace at Night” зургийг Ван Гог амиа егүүтгэхээсээ хоёр жилийн өмнө буюу 1888 онд зурсан. Тэрээр тухайн үед Францын өмнөд хэсэгт буй Арль хотод амьдарч байжээ. Ван Гог энэ зургийг зурсныхаа дараа өөрийн дүү Теод хандан "Шөнө бол өдрөөс илүү амьд, илүү баялаг өнгөтэй гэж би олонтаа боддог" гэж бичсэн байдаг. Улмаар “Café Terrace at Night” зургийг зурснаас хойш тэрээр шөнийн сэдэвтэй хэд хэдэн уран бүтээл туурвисан нь дэлхий дахинаа алдаршсан билээ.
Ван Гог “Café Terrace at Night” зургийг 1888 оны есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө зурсан байдаг. Ийн зурахдаа тэрээр оддын байршлын ямар ч зөрүүгүй дүрсэлсэн нь хожим одон орон судалгаагаар нотлогджээ. “Café Terrace at Night” зурагт тэрээр өөрийн гарын үсэг эсвэл таних тэмдгийг огт үлдээгээгүй байдаг. Гэсэн ч өнгө, дүрслэлээс нь түүний зураг гэдгийг төвөггүй таньж болохоор байсныг судлаачид өгүүлдэг.

Ван Гогийн зургуудад шар өнгө түгээмэл ажиглагддаг. “Café Terrace at Night зурагт ч хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй өнгө бол шар юм. Энэ нь түүний сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй гэж судлаачид үздэг. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд архинд хэт автаж, сэтгэцийн эмгэгийн улмаас шаналж байсан нь захидал, бичвэрүүдээс нь харагддаг байна. Улмаар юмсын өнгө, үзэгдлийг байгаагаар нь бус хийсвэрээр хардаг болсон байж болзошгүй гэж үздэг. Зурагт дүрслэгдсэн энэ кафе одоо ч байдаг бөгөөд Ван Гогийн шүтэн бишрэгчдийн очихыг хүсдэг газруудын нэг юм.