Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 544 дэх дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна. Энэ удаагийн дугаараас онцлох сэдвийг танилцуулъя.

НЭГ. Шүүхээс өмнө яллах процесс хуульчлагдав

Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутайд тооцож болохгүй. Гэтэл шүүхээр орж буруутай нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орчноор дамжуулан хүнийг буруутгаж энэ хүн буруутай юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгч нийгмийн сэтгэл зүйг бэлтгэснийхээ дараа ялладаг гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ процесс одоо бүр хуулийн дагуу албан ёсоор хийгддэг боллоо. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол нэрээр дансных нь хуулгыг ил болгож, ямар хугацаанд хаана юу хийж явсныг нь асууж “Энэ хүн ийм гэмт хэрэг хийсэн, ийм буруутай. Тийм учраас шүүхээс заавал ял оноох ёстой” гэсэн ойлголтыг олон нийтэд өгдөг болох нь. Зээлсэн мөнгөөрөө казино тоглосон гэдэг мэдээллийг ил болгохтой зэрэгцэн тоглож байгаа зургийг нь олон нийтийн сүлжээнд ил гаргаж байгаа нь санаандгүй давхцал лав биш.

С.Шийлэгтөмөр "Шүүхийн өмнөх шүүх"

ХОЁР. Баян Итгэлт ч малаа ингэж тоолохгүй

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь ялгавартайгаар олгохоор болсон шийдвэрийг хэрэгжүүлэх явцад өөр олон булхай, хулгай иргэний бүртгэлийн цаана явагдаж байж болзошгүй нь илэрлээ.

Аливаа үйлийг хийхдээ хөгөө чирж, будилж, ундуй сундуйтайгаа хутгалдан уймрахыг бид “Бойтоглох” хэмээн егөөддөг. Тэгвэл Засгийн газар энэ удаа ёстой л бойтоглож өглөө. Иргэний бүртгэл, мэдээллийн лавлагааг өгдөг “E-Mongolia” систем нь гацаж, тэнд иргэд төрүүлээгүй атлаа хүүхэдтэй болж, гэрлээгүй атлаа нөхөртэй, эхнэртэй ч болж амжив. “Тунгалаг тамир” романы нэгэн дүр болох баян Итгэлт ч малаа ингэж тоолохгүй. Хамгийн хөгжилтэй нь, энэ бүх алдаагаа төр засаг, төрийн албан хаагчид хүлээн зөвшөөрөхгүй, буруугаа эргээд иргэд рүүгээ чихэх гэж үзсэн нь хөгтэй байлаа.

Эцэст нь энэ Засгийн газраас хүсэх нэг л зүйл үлдлээ. “Тэр цахим үндэстэн, иргэний бүртгэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг ч яамай хэвтэнэ. Түүнээс өмнө иргэнээ нэг ян тан тоолчихвол яасан юм бэ” гэж санагдаж байна. Малаа л тоолохоо мэдэхээс хүнээ ер нь тоолж, бүртгэл мэдээллийг нь цэгцэлж чадах улс юм уу даа, бид. Мал бүрэн. Харин хүн бүрэн үү, хөөе!

Д.Дамдинжав "БОЙТОГ ажиллагаа"

ГУРАВ. Бушуу туулай борвиндоо баастай

Монгол Улс парламентын сонгуулийн 76 тойрогтой. Сүүлийн сонгуулийн санал өгсөн тоог харахад нэг мандаттай тойрогт 28-30 мянга, хоёр мандаттай тойрогт 55-60 мянга, гурван мандаттай тойрогт 85-100 мянга гаруй л санал өгөгдөн. Энэ санал нэр дэвшигчдэд худаагдана. Ингээд үзэхээр Монгол Улсийн сонгуулийн тогтолцоо нэг гишүүн цөөн хүний саналаар гарсан ч бүтэн тойрог төлөөлөх хариуцлагыг үүрүүлдэг. Ийм том хариуцлагыг хүлээн зөвшөөрч сонгогдсон гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн гишүүний үүргийг чин шударгаар биелүүлэхээ тангарагладаг. Харамсалтай нь сонгуулиар санал гуйж “Таны төлөө би зүтгэе” гэж байсан хүмүүс тангараг өргөмөгцөө хандлагаа өөрчилдөг зарц биш хаан болсон шиг аягладаг. Хууль тогтоох ажлаас илүү улс төр бизнесийн бүлэглэлд анхаарч, спорт холбоод, аймаг сумдын нутгийн зөвлөл тэргүүлж, элдэв төрийн бус байгууллага ажиллуулж завгүй мэт сатаарах болжээ. Энэ бүх сатаарал эцэстээ парламентыг ирцийн хямралд оруулж байна.

С.Эрдэнэбаяр "Туулай гишүүдээ туушиндъя"

ДӨРӨВ. “8 хувийнхан” 6 руу буурах өртөг 350-500 тэрбум

Шадар сайд С.Амарсайхан 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд мэдээлэл хийх үеэрээ “Найман хувийн хүүтэй, ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох боломжтой, урьдчилгааг 30-аас 20 хувь руу бууруулах боломжтой гэсэн мэргэжлийн байгууллагуудын (Сангийн яам, Хөгжлийн банк, БХБЯ, СЗХ, Монголбанк) дүгнэлт гарсан” хэмээн мэдэгдсэн нь иргэдийн дунд бас нэгэн хүлээлтийг бий болгов.

Орон сууцны найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг бууруулан зургаан хувь болгоход Монголбанкнаас урьдчилан тооцоолж байгаагаар нийтдээ 350-500 орчим тэрбум төгрөг шаардагдаж байгаа аж. Энэ зардлыг бонд эзэмшигчид буюу Монголбанк болон арилжааны банкууд үүрэхээр байгаа. Инфляц 13.2 хувь, бодлогын хүү 13 хувьд хүрсэн энэ үед тэд нэг дахин бага буюу эрсдэлтэй ийм алхам хийх эсэх нь асуулт хэвээр байна. Зардлын өртөг 350-500 орчим тэрбум төгрөгийг хаанаас, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр шийдэл олж чадаагүй гэдгээ ч Монголбанкнаас зарлаад буй юм.

О.Эрдэнэчимэг " 2023 оны ипотек"

ТАВ. Улирал сөрөх үзэгдэл

Өнгөрсөн онд манай улсын 728.6 мянган (давхардсан тоогоор) иргэн гадаадад зорчсон байна. Тэдгээрийн 429.4 мянга буюу 59 хувь нь аялал жуулчлалын зорилгоор зорчжээ. Энэ нь өмнөх оноос 3.6 дахин өссөн үзүүлэлт юм. Аялах зорилгоор гаднын улсыг зорьсон иргэдийн талаас илүү хувь нь хүйтний улиралд буюу аравдугаар сараас хойш хил гарсан байгаа юм. Ялангуяа, сурагчдын амралт эхэлснээс хойш гадаад руу явах иргэдийн тоо эрс нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байв. Гадагш зорчсон иргэдийн найман хувь нь буюу 23.9 мянга нь хүүхэд байна. Эндээс монгол хүмүүсийн хамгийн их халгадаг улирал нь өвөл болохыг харж болохоор байна. Арга ч үгүй биз. Тэсгим хүйтнийг тэвчих нэг хэрэг. Утаа униар, ханиад томуу, халтиргаа гулгаа, түгжрэл, бөглөрөл гээд түмэн зовлонг өвөлтэй хамт илээхээс өөрцгүйд хүртдэг нь гашуун ч үнэн. Тиймээс бага ч болов хугацааг дулаан газар, тухтай орчинд, дурсамж бүтээн өнгөрөөхийг хүсэхээс ч аргагүй.

О.Даваасүрэн "Өвлөөс дайжих монголчууд"

ЗУРГАА. Зээл нэртэй хулгай

Хөгжлийн банкнаас нийт 3000 мянга орчим төслийг 7.5 их наяд төгрөгөөр санхүүжүүлжээ. Гэвч тус компаниудын ихэнх нь төслийнхөө хүрээнд мөнгөө зарцуулаагүй,  зээлсэн мөнгөөрөө өөр зээл хаасан, хувьдаа хэрэглэсэн зэрэг нийтлэг шинж илэрсэн нь ил болсон билээ. Хэрэв тэд гангийн үйлдвэр байгуулна, гэр хорооллыг орон сууцжуулна гэсэн шигээ олон сайхан төслөө амжилттай хэрэгжүүлсэн бол ажлын байр нэмэгдэж, татварын орлого өсөж, валют дотооддоо үлдэх зэрэг эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөллүүдийг үзүүлэх байлаа. Гэвч тэд хийх ёстой ажил, хэрэгжүүлэх төслөө умартаад зогсохгүй зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байснаас 55.2 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтсан юм. Ингээд зээл авсан компаниудыг зээлээ төлөхийг өнгөрсөн оноос хойш иргэд олон нийтээрээ шахаж шаардсан бөгөөд 2022 оны эцэст нийт 16 аж ахуйн нэгж зээлийн эргэн төлөлтөө хийж 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна. Хамгийн хачирхалтай нь төлөх ёстой байсан мөнгөө иргэд олон нийтийн шахалтаар төлснөөр тэд өр зээлээ төлдөг сайн хүн, сайн байгууллага гэсэн нэрийг нийт массын зүгээс аваад байгаа юм. Үнэн хэрэгтээ тэд бол улсын хөгжлөөс нэг алхам хойш чангаасан, бидний ирээдүйн боломжийг үгүй хийсэн “нөхдүүд”.

Ж.Лувсан-Ёндон "Тэд л буруутай"

ДОЛОО. Хамгийн үр дүнтэй “Нано” нөлөөлөгчид

Нано нөлөөлөгчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 10 000 хүрэхгүй дагагчтай. Тэд үзэгчидтэйгээ илүү ойр байж чаддаг бөгөөд чанартай зөвлөгөө өгдөг. Тухайлбал тэд өөрийн хамгийн сайн эзэмшсэн мэдлэг туршлагаа бусдад зааж зөвлөж чиглүүлдэг. Жишээ нь, эрүүл чийрэг биетэй болох, зөв хооллох, байгаль экологид ээлтэй байх, мэдээллийн технологи шинэчлэлт зэрэг тодорхой сэдвээр танд хамгийн чанартай мэдлэгийг түгээж, түлхэц болж өгч чадах юм.

Нано нөлөөлөгчид ихэвчлэн Instagram болон ямар нэгэн харилцан яриа үүсгэх боломжтой платформд контентоо үйлдвэрлэдэг. Одоогоор дэлхий дахинд томоохон хэмжээний нөлөөлөгчдөөс илүү нано нөлөөлөгч маргаангүй том орон зайг эзэлж байна. Мөн маркетингийн мэргэжилтнүүд хувь хүний хандлага, үзэгчдийнхээ итгэлийг хүлээсэн бүтээгчдийг хайж байна. Үүнд төгс тохирох нөлөөлөгч бол нано нөлөөлөгч бөгөөд хамгийн тохиромжтой түнш болж чадна. Тэд хийж буй зүйлдээ бүхнээ зориулдаг бөгөөд өөрсдийн итгэдэг зүйлээ сурталчлахад нээлттэй байдгаараа бусад нөлөөлөгчөөс онцлогтой юм. Тэдний зорилго бүх хүнд таалагдах бус зорилтот бүлэгтээ хүрч ажиллах юм.

И.Сарангоо "Шинэ үеийн нөлөөлөгчид"

НАЙМ. “Michel&Amazonka” урласан Б.Ачбадрахын дээл

Олимпын наадам нь хэдийгээр спортын уралдаан тэмцээн ч нээлт, хаалтын ёслолд тамирчдын өмссөн хувцсыг загварын үзүүлбэр мэт хүлээн авч, шүүн хэлэлцдэг уламжлал дэлхийн өнцөг булан бүрд бий. Цэнхэр гарагийн иргэд хэдэн саяараа бус хэдэн тэрбумаараа ийнхүү сонждог. Тиймээс ч улс орнууд үүнд маш их ач холбогдол өгч, улсынхаа томоохон брэндүүд болон гаднын шилдэг спорт хувцасны брэндүүдтэй хамтран ажилладаг. “Бээжин 2022” өвлийн олимпын наадамд л гэхэд ОХУ-ынхан “Zasport”, италичууд “Giorgio armani”, шведүүд “Uniqlo”, германчууд “Adidas” брэндээр гоёж ирсэн. Гэхдээ тэдэн дундаас Монголын үндэсний үйлдвэрлэгч “Michel&Amazonka” брэндийн урласан хувцас Олон улсын олимпын хорооны анхаарлыг татсан нь үнэхээр бахархууштай хэрэг юм.

“Бээжин-2022” олимпын наадмын нээлтэд өмссөн Б.Ачбадрахын үндэсний дээл, малгай одоо Швейцарь улсын Лозанн хотноо байрладаг Олон улсын олимпын хорооны Олимпын музейд байрлаж буй. Олон улсын олимпын хорооны Соёлын өвийг хамгаалах сангаас хүсэлт тавьсны дагуу ийнхүү музейд хадгалагдах болжээ.

О.Эрдэнэчимэг " Монгол тамирчдын дэлхийн анхаарлыг татсан хувцас"

ЕС. Кино урлагийн нөлөө

Солонгос цувралд эмэгтэйчүүдийг манлайлагч, чадварлаг байдлаар ихээр харуулах болсон нь нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг өөрчлөх зорилготой гэж зарим мэргэжилтнүүд дүгнэж буй.

Өнөө цагт солонгос эмэгтэйчүүдийн гэрлэх дундаж нас хойшлогдоод зогсохгүй хүнтэй гэрлэхгүй байхыг илүүд үзэж, гэрлэхээс сайн дураараа татгалздаг “bihon” гэсэн нэр томьёо хүртэл шинээр бий болжээ. Нийгмийн энэ үзэгдлийг дагаад сүүлийн жилүүдэд хийгдэж буй кинонд хүртэл  гэрлэх талаар санаа тавьдаг эмэгтэй дүрийг олоход тун хэцүү болжээ. Аз жаргалтай төгсгөлд заавал гэрлэлт шаардлагагүй гэж үзэх болсон бөгөөд эмэгтэйчүүд өөрсдийнхөө хүслээр амьдарч, амжилтад хүрч байгааг харуулсан кино ч ихээр хийгдэх болжээ.

Ж.Аззаяа "Эмэгтэй гол дүр цахиур хагалах болсон шалтгаан"