
Олимпийн таэквондогийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 17-18-нд Спортын төв ордны “А” танхимд боллоо. Монгол Бүх ард түмний XIV их наадмын хүрээнд болсноороо онцлог эл тэмцээнд 45 байгууллагын 210 тамирчин оролцов. Энэ жилийн УАШТ-ийг телевизээр шууд дамжуулж, олон улсын стандартын дагуу зохиосныг нь онцолъё. Оролцож буй тамирчид, хөгжөөн дэмжигчид ам сайтай байгаа нь анзаарагдаж байлаа.
Багийн дүнгээр эрэгтэйчүүдийн ангилалд ”Алдар” спорт хорооны таэквондочид тэргүүлж,”Аврагч” спорт хороо, Налайх дүүргийн тамирчид удаалав. Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар”, “Хилчин”, “Хүч” спорт хорооны тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээний үеэр МТХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Л.Отгонбаатар, 46 кг-д түрүүлсэн Налайх дүүргийн тамирчин Б.Гэрэлт-Од нартай цөөн хором ярилцлаа.
Л.Отгонбаатар: “Рио-2016”-д эхний V байрт шалгарах зорилготой
-Энэ жилийн УАШТ-д өмнөх жилүүдээс юугаараа онцлог, давуу талтай болж байна вэ?
-Олимпийн жил, Бүх Ард түмний XIV их наадмын хүрээнд анх удаа болж буйгаараа онцлог. Жин бүрт гал гарсан өрсөлдөөнтэй сайхан тэмцээн болж байна. Бид аль болох шүүлтийн маргаан, будлиангүй, тамирчдыг амжилт гаргах нөхцөл боломжоор нь бүрэн хангахын тулд бүхий л бололцоогоо дайчиллаа.
-Манай тамирчдын ур чадвар, жилээс жилд ахиасаар байгаа нь мэдээж.
-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэлээ базааж, тэмцээнд оролцох тусам манай тамирчдын амжилт, ур чадвар ахиж байгаа нь дамжиггүй. Монголын таэквондогийн холбоо дотроо цэрэг, оюутан, пара таэквондо гэсэн гурван салбартай. Зөвхөн пара таэквондогоор л гэхэд ДАШТ-ээс гурван алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль хүртээд байна. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд хичээвэл энэ спортоор өндөр амжилтад хүрч болдгийн илрэл.
-Олимпийн эрх олгох тэмцээнээс П.Тэмүүжин мөнгөн медаль хүртэж, Риог зорих “тийз”-ээ захиалсан. Түүнтэй хамт оролцсон бусад тамирчинд ч бас олимпийн эрх авах боломж байсан нь мэдээж.
-Олимпийн эрх олгох тэмцээн, таэквондо, пара таэквондогийн Азийн АШТ дөрөвдүгээр сард боллоо. “Рио-2016”-гийн эрх олгосон тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцсоноос П.Тэмүүжин Монголын таэквондогийн спортын түүхэнд олимпийн эрх авсан анхны тамирчин болсон. Энэ бол бид шигшээ баг байгуулж, уйгагүй зүтгэсний үр шим. Мөн Азийн АШТ-ээс М.Түмэнбаяр мөнгө, пара таэквондогийн Азийн АШТ-д таван тамирчин оролцож, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, бахдам амжилт гаргалаа. Тамирчдынхаа амжилтад сэтгэл хангалуун байна. Энэ дашрамд бидэнд үргэлж тусалж, дэмждэг ЭМСЯ, БТСХТ, МҮОХ-ны хам т олонд баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.
Азийн АШТ-ээс М.Түмэнбаяр мөнгө, пара таэквондогийн Азийн АШТ-д таван тамирчин оролцож, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, бахдам амжилт гаргалаа.
-П.Тэмүүжингийн олимпийн өмнөх бэлтгэлийг хэрхэн базааж байна вэ?
-Бид энэ онд тавьсан хамгийн том зорилт бол олимпийн эрх авах, “Рио-2016”-д өндөр амжилт үзүүлэх. Эхний давааныхаа ард гарчихсан болохоор П.Тэмүүжингийн бэлтгэлийг сайтар базааж, өндөр амжилт гаргах бүхий л боломжоор хангах нь чухал байна. БТСХТ, Үндэсний шигшээ багийн хэлтсээс биднийг маш их дэмжиж байгааг нь онцолъё.
Бид энэ онд тавьсан хамгийн том зорилт бол олимпийн эрх авах, “Рио-2016”-д өндөр амжилт үзүүлэх.
-“Рио-2016” олимпод ямар зорилготой оролцох вэ?
-Үнэнийг хэлэхэд медаль авах боломж бага байгааг нуугаад яах вэ. Таэквондогийн спорт өндөр хөгжсөн, өрсөлдөөн ихтэй байгаа учраас тэр. Гэхдээ бэлтгэлээ л сайн базааж, хичээвэл олимпоос медаль авах боломж байгаа нь мэдээж. “Рио-2016”-д эхний V байрт шалгарах зорилготой.
Манай тамирчид ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?
-Дотоодод сар бүр цуврал тэмцээн зохиож байна. Харин олон улсын тэмцээний хувьд долдугаар сард болох “Кореа Опен”-д оролцоно.

Б.Гэрэлт-Од: Өрсөлдөгчөө ялсан байх гэж бодож байлаа
-Юуны өмнө УАШТ-д анх удаа түрүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Насанд хүрэгчдийн ангилалд анх удаа оролцон аваргалсандаа их баяртай байна. Сэтгэл их хөдөлж байна. Би өмнө нь өсвөрийн УАШТ-ээс дөрвөн хүрэл медаль авсан.
-Сая аваргын төлөө цаг сунгасан, нэлээн хүнд тоглолт хийлээ. Нэмэлт цаг тэнцээгээр өндөрлөсний дараа “Би ялсан” гэх итгэл хэр их байсан бэ?
-Өрсөлдөгчөө басаж болохгүй. Өрсөлдөгч маань л ялсан байх гэж бодож байлаа.
Өөрийн тоглолтоо бүрэн гаргаж чадав уу?
-Чадсан. Сэтгэл хангалуун байна.
-Энэ тэмцээнд нийт хэдэн тоглолт хийв. Аль нь хамгийн өрсөлдөөнтэй, хүнд болсон бэ?
-Хамгийн эхнийх болон хагас шигшээд хийсэн тоглолт хамгийн өрсөлдөөнтэй байлаа.
-Та өмнө нь 50 кг-д тоглодог байсан. Энэ тэмцээнд 46 кг-д оролцлоо. Жин хассан болохоор нэлээн цуцаж, ядарсан байх.
-Тэглээ. Их хурдан цуцаж, ядардаг юм байна. Цаашдаа жингээ барьж, 46 кг-д тоглох төлөвлөгөөтэй.
-Энэ спортоор хэдэн настайгаасаа хойш хичээллэж байна вэ? Эмэгтэй хүүхэд хичээллэх боломжтой олон спортын төрлөөс яагаад таэквондог сонгосон юм бэ?
-Би айлын ганц охин. Дээрээ нэг ахтай. Тийм болоод ч тэр үү, чамгүй эршүүд. Энэ спортын “А” үсгээ Ганболд багшаар заалган, 2012 оноос хойш хичээллэж байна.
-Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав, ээж хоёр маань намайг их дэмждэг. Энэ нь миний өнөөгийн амжилтад маш их нөлөөлж байгаа.
-Үлгэр жишээ авч явдаг тамирчин бий юү?
-Байлгүй яах вэ. Үндэсний шигшээ багийн П.Тэмүүжин ах, С.Янжинлхам эгч нарыг их хүндэлж, үлгэр дууриал авч явдаг.
-Ирээдүйд өмнөө тавьсан зорилгоосоо хуваалцана уу?
-Мэдээж олимпод оролцож, түрүүлэхийн төлөө хичээнэ ээ.

Тэмцээний дүн:
Эрэгтэй:
50 кг: 1.Б.Буянтулга /Хилчин/ 2.Б.Батхүү /Аврагч/ 3.Б.Урантөгс /Сэлэнгэ/, С.Гандорж /Аврагч/
54 кг: 1.Э.Буяншагай /Алдар/ 2.Н.Энхжаргал /Дорнод/ 3.О.Азхүү /Орхон/, Г.Билэгсайхан /Аврагч/
58 кг: 1.М.Түмэнбаяр /Алдар/ 2.Э.Батэрдэнэ /Хүч/ 3.Г.Түвшин /Баянгол/, Ж.Буянжаргал /Хүч/
63 кг: 1.Х.Билгүүн /Алдар/ 2.Б.Батбилэг /Дархан-Уул/ 3.Р.Чинбаатар /Чингэлтэй/, С.Үржинжжав /Орхон/
68 кг: 1.А.Нацагдорж /Алдар/ 2.Г.Юндэндорж /Багануур/ 3.Б.Бямбатөр /Аврагч/, Э.Алтанхуяг /Соёмбо/
74 кг: П.Тэмүүжин /Алдар/ 2.Э.Мөнхбуян /Хүч/ 3.Б.Даваажамц /Хилчин/, О.Отгонцогоо /Сүхбаатар аймаг/
80 кг: 1.Г.Даваацэрэн /Сүлд/ 2.Б.Эрдэнэ-Очир /Хилчин/ 3.Б.Энхоргил /Ховд/, Ч.Уртнасан /Налайх/
+80 кг: 1.О.Билгүүн /Алдар/ 2.Б.Насанбаяр /Орхон/ 3.Б.Зоригоо /Аврагч/, М.Наранбаатар /Баянгол/
Эмэгтэй:
46 кг: 1.Б.Гэрэлт-Од /Налайх/ 2.Б.Оюун-Түлхүүр /Нэгэн бүл/ 3.Ө.Номинзул /Хүч/, Б.Оюунчулуун /Баянгол/
49 кг: 1.М.Сувд-Эрдэнэ /Алдар/ 2.Э.Батцэцэг /Орхон/ 3.Л.Мөнгөнцэцэг /Хүч/, Э.Оюун-Эрдэнэ /Чингэлтэй/
53 кг: Б.Намуун /Алдар/ 2.У.Ханд /Аврагч/ 3.Б.Мөнхтуяа /Хүч/, Э.Баасанханд /Орхон/
57 кг: 1.С.Янжинлхам /Алдар/ 2.М.Уугантамир /Хүч/ 3.Б.Түвшинзаяа /Хилчин/, Д.Уранцэцэг /Сэлэнгэ/
62 кг: 1.Э.Хишгээ /Аврагч/ 2.С.Уранбилэг /Хүч/ 3.Р.Алтантуяа /Орхон/, Б.Ангирмаа /Булган/
67 кг: 1.Ч.Ангирмаа /Налайх/ 2.Ж.Баянжаргал /Аврагч/ 3.Э.Номин /Хүч/, Г.Намуунцэцэг /Сэлэнгэ/
