Хүйтний эрч чангарах үед томуу, томуу төст өвчлөлийн тархалт нэмэгддэг. Энэ нь агаарын бохирдол, тухайн жилд дэгдэж байгаа вирусийн төрөл зүйлтэй холбоотой бөгөөд жил бүр ханиад томуугаар өвчилж буй иргэдийн тоо, хэвтэн эмчлүүлбэл зохих хоног, эмчилгээ өөр өөр байдаг аж. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрсэн талаар эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа ”Сүүлийн 3 жилтэй харьцуулахад томуу төст өвчлөл нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдийн 72 хувь, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 85 хувь, сэхээнд байгаа хүүхдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна" хэмээсэн юм.
Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ үед томуугийн дэглэлт өрхийн амьжиргаанд ихээхэн дарамт болж буй. Нийгмийн сүлжээнд иргэд ханиадаа хэрхэн эмчилсэн хийгээд хэдэн төгрөг зарцуулж буй талаараа ийнхүү өгүүлжээ.
Иргэн Л
Би ханиадыг уламжлалт аргаар эмчлэхийг илүүд үздэг. Арваад жилийн өмнө фэйсбүүкээс зөгийн балтай байцайны ороолт хийх аргыг сурсан. Тэр цагаас хойш ханиадны асуудлаар эмнэлэгт хандсангүй. Халуун буулгах эмээс өөр эм авсангүй. Ойрын 10 жилд нэг, хоёр бондгор байцай, 100гр орчим зөгийн бал л авсан байх.
Иргэн Н
Он гараад гэр бүлээрээ (5 ам бүл) ханиад хүрсэн. Эм тариа, хоолондоо нийт 500 мянган төгрөгөөс илүүг зарцуулсан. Зөвхөн хоёр эм авахад л ойролцоогоор 50 мянга болж байна. Гэтэл тэр авсан эмийг нь ганцхан өдөр уугаад л дуусчхаж байгаа юм. Тэгээд дархлаа дэмжих илчлэг, тэжээллэг сайтай хүнс хоолондоо хэрэглэе гэхээр зардал илүү нэмэгдэж байгаа юм. Одоо цагт цалин хаанаа ч хүрэлцэхгүй байна. Тэглээ гээд ямар үхэлтэй биш. Өр зээл тавиад зохицуулаад л явж байна.
Иргэн Э
Ханиадны эмчилгээнд доод тал нь 500 мянган төгрөг зарцуулсан.
Иргэн О
Гэр бүлийн хүний хамт ханиад хүрсэн. Терафлью 3200, амоксициллин 10 ширхэг нь 15000, тайлал хот 2800, септолит 6ширхэг нь 6000 гэх мэтээр дөрвөн зуу гаруй мянган төгрөгөөр эм авсан байна. Бас гурван өдөр хувийн эмнэлэгт тариа хийлгэхэд 180 мянган төгрөг болсон. Одоо бол ханиад бүрэн эдгэсэн. Гэхдээ ахиад ханиад тусахаас сэргийлж чацаргана, үхрийн нүд, аньс, халуун аарц ууж байна.
Иргэн Ж
Ханиад, томууны өвчлөл маш их байна. Манай гэр бүл зунаас хойш хүрсэн ханиад, шуухинаагаа эмчлэхдээ нийт дөрвөн сая төгрөг зарцуулжээ. Яагаад ийм их мөнгөн дүн гарсан нь миний ханиад хүндэрч есдүгээр сард эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэнтэй холбоотой. Түүнчлэн насанд хүрсэн таван хүн, дөрвөн хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, эмчилгээ хийлгэсэн нь дээрх зардалд тооцогдоно.
Иргэн Н
Ханиад, томуу тусахаас урьдчилан сэргийлж тодорхой витаминуудыг авч уудаг. Мөн дархлаа дэмжих нэмэлтүүдэд сард дунджаар 100 мянган төгрөг зарцуулдаг. Харамсалтай нь хүн л болсон хойно дэглэм алдах, даарч хөрснөөс болж жилдээ гурван удаа ханиад хүрдэг. Ингээд багадаа 7 хоног хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэдэг. Би эмч мэргэжилтэй болохоор өөртөө үзлэг хийн, шаардлагатай эм тариагаа авчихдаг. Ингээд тооцохоор ханиаданд 110 мянгаас 200 мянган төгрөг хүртэлх эмчилгээ зарцуулдаг. Жилдээ гурван удаа давтагдана гээд тооцоолохоор 330 мянгаас 600 мянга болж байна.
Иргэн Ц
Нэг хүүхэд ханиад хүрээд эмчийн бичсэн эмийг авахад 150 мянга төгрөг болдог. Эгч, дүү нь хамт ханиад хүрвэл 500 мянган төгрөг рүү дөхнө.
Иргэн Б
Ханиад томуунаас сэргийлээд есдүгээр сард адууны мах, жимс ногоо, цагаан идээ зэрэг дархлаа дэмжих хүнс авдаг. Эдгээр хүнс нь багадаа 500 мянган төгрөгөөс нэг сая орчим болдог. Харин хүүхэд ханиад тусахад 50 мянган төгрөгөөс 150 мянган төгрөг болж байна.
Иргэд хөнгөхөн ханиадаа эмчлүүлэхэд багадаа 50-150 мянган төгрөгийн эм, тариа авдаг. Харин гэр бүлээрээ өвчилсний улмаас дөрвөн сая төгрөг зарцуулсан тохиолдол ч буй. Иргэд голдуу ямар эм тариа хэрэглэж байгаа талаар эмийн санчдаас тодруулахад "Ханиад, томуугаар өвчилж байгаа иргэд маш олон байна. Үйлчлүүлж байгаа ихэнх иргэд нь ханиадаа эмчлэх гэж эм авч байна. Ингэхдээ витагрипп, терафлью, цитроман, амоксциллин, их авч байна. Иргэдийн худалдан авах чадвар харилцан адилгүй байгаа болохоор багадаа 10-20 мянган төгрөгт, ихдээ 100 мянгаас 200 мянган төгрөгийн хооронд эм, тариа авч байна" гэв.
Идэр есийн хүйтнээс илүүтэй хотын агаарын бохирдол, орчны эрүүл ахуй өвчлөл гаарахад нэрмээс болж байгаа учраас иргэд өвлийн улирлыг өвчний улирал хэмээн нэрийдэх боллоо. Доороосоо даарах, шимт тэжээлтэй хоол хүнс хэрэглэхгүй нэг л хоноход хамраас шингэн нус гарах, хоолой сэрвэгэнэх шинж тэмдэг илэрч, эм тариа хэрэглэсэн ч эдгэхгүй ужгирч байгаа нь хүн амын эрүүл мэндийн зэрэгцээ өрхийн амьжиргааг туйлдуулж байна. Тиймээс өвчний энэ улиралд дархлаа дэмжих хүнс тогтмол хэрэглэх, дулаан хувцаслах, амны хаалт тогтмол зүүх, олон хүнтэй газар явахгүй байх зэргээр өвчлөлөөс сэргийлэхийг танд зөвлөе.