Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны дарга Б.Энхбаяр Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдсон. Ингэхдээ “Байнгын хорооны даргаар сонгогдсон ч хяналт шалгалтын түр хорооны даргын ажлаа дуусгана гэсэн бодолтой байгаа. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг. Айхгүй байгаа. Байнгын хорооны дарга болсон учраас түр хорооны даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн шалтгаан олж харахгүй байгаа. Түр хорооны даргаасаа чөлөөлөгдөхдөө тулбал Байнгын хорооны дарга болох албагүй” хэмээн даналзсан. Ингэхэд нь “Зөв, эхлүүлсэн ажлаа дуусгаарай. Шударга гишүүн шүү” хэмээн магтацгааж байлаа. Харин өчигдрөөс сонсголоо зохион байгуулаад эхлэхтэй нь зэрэгцэн “Шударга бус байна. Ийм байж болохгүй” хэмээн шуурцгаав. Энэ бол олон нийтийн сэтгэл зүй, санаа бодол ямар ч туйлбаргүй байдгийн жишээ. Аливаа асуудлын буруу, зөвийг шүүн тунгаахгүйгээр буруутгадаг, үзэн яддаг эсвэл хачин ихээр хайрлаж өрөвддөг хэлбэлзсэн сэтгэл зүйтэй ард түмэн боллоо. Үүнийг нь ч улстөрчид ашиглаж хүссэнээрээ тоглодог.
Аливаа нэг асуудлаар олон нийтийн санаа бодол хоёр туйлд хуваагддаг, аль нь буруу, аль зөвийг ялгахаа байдаг үе олон. Хууль шүүхийн байгууллага шийдвэрээ гаргатал итгэдэггүй, гаргалаа ч шүүхэд итгэхгүй байх нь ч бий. Энэ бол мэдээлэл ил тод бус байгаатай шууд холбоотой. Тухайн асуудлын цаана чухам юу болсныг нь ил тод болгоод шүүх таслах ажиллагаагаа ч ил тод явуулбал эргэлзээ тайлагдаж талцал хуваагдал арилна. Тийм ч учраас иргэдийн мэдэх эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар УИХ хяналт шалгалт явуулж, сонсгол зохион байгуулж байх зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулийн дагуу хамгийн анх зохион байгуулж буй сонсгол нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн тухай юм. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал нь өнгөрсөн жилээс хойш олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Зарим хэсэг нь төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хүмүүсийг үзэн ядаж яллахыг шаардаж байгаа бол зарим нь "Баялаг бүтээгчдээ дарамталлаа, улс төрийн зорилгоор харлууллаа. Арай ч ингэж болохгүй" хэмээн өмгөөлдөг. Ингэж хоёр туйлд хуваагдаад буй иргэдийнхээ мэдэх эрхийг хангах, үнэн бодит мэдээллийг ил боогох зорилгоор УИХ өчигдрөөс сонсголоо эхлүүллээ. УИХ шүүх шиг ажиллаж болохгүй гэсэн шүүмжлэл гарч байгаа ч баримтуудыг олон нийтэд дэлгэж байгаа нь сайшаалтай. Ингэж сонсгол зохион байгуулаагүй бол татвар төлөгчдийн мөнгөөр казино тоглосон, үйлдвэр барих зорилгоор авсан зээлээрээ өмнөх өрөө төлсөн зэрэг мэдээлэл ил болохгүй байлаа. Зөвхөн эхний өдрийн сонсголоос л ийм мэдээллүүд ил болсон. Ирэх өдрүүдийн сонсголоос байж болохгүй, арай ч дээ гэмээр ямар баримтууд гарч ирэхийг таашгүй. Харамсалтай нь "Энэ асуудал чинь цаанаа ийм байгаа шүү" гээд баримтуудыг нь гаргаад байхад л олон нийт талцсан хэвээрээ. “УИХ шүүх шиг ажиллаж байна. Хувь хүний дансны мэдээллийг ингэж ил болгож болохгүй” гэхээс эхлээд татвар төлөгчдийн мөнгөөр казино тоглосон хүнийг ч өмөөрөх хүмүүс байна. Олон нийт ийм туйлбаргүй, нэг асуудал үүсэхэд л хоёр туйлд хуваагдаж, тухайн асуудалд холбогдсон хүмүүсийг шонд дүүжилж, шороонд булахаас ч сийхгүй, илтэд буруутай байхад л хайрлаж өрөвдсөөр суухад УИХ шүүх шиг ажиллахгүй гээд ч яах билээ.