Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хамт олон Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 100 жилийн ойд зориулан нэгэн гайхалтай уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барихаар зэхжээ. Энэ бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэлт “Алтан ураг” ардын бүжгэн жүжгийг тайзнаа толилууах нь ээ. Энэхүү бүтээлийн 20 жилийн ойн тоглолт энэ сарын 29-нд 18:00 цагт ҮДБЭЧ-ын тайзнаа болох юм.
Уг бүжгэн жүжиг анх 1996 оны долоодугаар сарын 6-нд тайзнаа анх тоглогдож байсан бөгөөд энэ жил 20 жилийнхээ ойг ийнхүү тэмдэглэж буй.
Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэж бүтээсэн энэхүү түүхэн бүжгэн жүжигт Тэмүүжин анд Жамуха, эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан Бөртийг буцаан авч улмаар Их Монгол Улсаа байгуулсан хүртэлх үйл явдлыг бүжгийн хэлээр илэрхийлдэг.
"Алтан ураг" бүжгэн жүжиг нь ардын бүжгэн дээр тулгуурлаж, бүжгэн жүжгийн үндсэн хэлбэрээр хийгдсэн хоёр дахь томоохон бүтээл юм.