“Үндэстний тойм” сэтгүүл дэлхийн алдарт уран зургийн талаар болоод нэрт зураачдын намтар түүхийг цувралаар хүргэдэг билээ. Бид энэ удаагийн дугаартаа Голландын алдарт зураач Йоханнес Вермеерийн “The Art of Painting” хэмээх аугаа бүтээлийг онцолж байна. Нэрт зураач Йоханнес Вермеер нь Умардын Мона Лиза хэмээгддэг “Сувдан ээмэгтэй бүсгүй” зургаараа олонд танигдаж, дэлхийн уран зургийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн авьяастан юм.
Зураач “The Art of Painting” бүтээлийг XVII зууны үед зотон дээр зурж, тосон будгаар будсан бөгөөд тус зураг нь түүний хамгийн их илэрхийлэмжтэй, нарийн хийцээр бүтсэн уран бүтээлд зүй ёсоор тооцогддог.
Зурагт цэнхэр даашинтай залуухан авхай болон түүний хөргийг зотон дээр урлаж буй зураачийг дүрсэлжээ. Эргэн тойрны эд хэрэгсэл, элдэв зүүсгэл нь тухайн үеийн язгууртнуудын хэв шинжийг нэвт шингээсэн гэдгээрээ онцлог. Гэхдээ яг хэнийг дүрсэлж, юуг илэрхийлсэн тухай сэдэв одоо ч урлаг судлаачдын дунд маргаан дагуулсаар буй.
Энэ зургийг Вермеер амьдралынхаа аль ч үед арилжаагүй нь түүний хувьд орлуулж, борлуулж боломгүй чухал бүтээлийн нэг байсныг гэрчилж буй. Зураачийг нас барсны дараа зээлдүүлэгчид тус бүтээлийг зээлийн барьцаанд авахаар санаархсан тул гэргий Катарина Болнес зургийг өөрийн ээждээ шилжүүлсэн байдаг. Ингэхдээ бүтээлийг “The Art of Painting” хэмээн нэрийдсэн гэдэг.


Зургийн төв хэсэгт буй арагш харсан зураачийн талаарх элдэв таамаг одоо ч уран зураг сонирхогчдын дунд хөвөрсөөр буй. Зураачийг тухайн үеийн хаад, язгууртнуудын онцгой үедээ зэхэж өмсдөг үнэтэй, хээнцэр хувцастайгаар дүрсэлсэн тул язгууртны захиалгаар бүтээсэн бүтээл хэмээн таамагладаг. Харин зарим судлаач Йоханнес Вермеер өөрийгөө дүрсэлсэн гэж үздэг. Учир нь тэрээр ханцуй болон нурууны хэсэгтээ тайралт бүхий дэгжин хар хувцастайгаар өөрийн хөрөг зургийг зурж үлдээсэн байдаг. Тиймээс энэ зурагт ч мөн өөрийгөө хээнцэр хувцас, дээд зиндааны хэв маягтайгаар зурсан гэж үзэх хүн цөөнгүй бий.

Зурагт буй хоёр гол дүрийн нэг болох залуухан эмэгтэйг Вермеерийн охин байж болзошгүй гэж хүмүүс таамагладаг. Охин нэг гартаа бүрээ, нөгөө гартаа ном барьсан байх бөгөөд навчаар хийсэн зүүсгэлээр толгойгоо гоёжээ. Эдгээрт үндэслэн охиныг нэгэн алдартай уран зохиолын номын гол дүрээс сэдэвлэж зурсан ч гэж үздэг. Гэхдээ харц нь эгц урагш бус доош чиглэсэн байгаа нь дээрх таамгийг үгүйсгэх үндэслэл болдог аж. Зарим судлаач цэнхэр хувцастай охиноор яруу найргийг төлөөлүүлсэн гэж таамаглах нь бий.
Өгөгдөл ба өгүүлэмж
Дээр өгүүлсэнчлэн зургийн эргэн тойронд буй эд хэрэгсэл тухайн үеийн нийгмийн аж байдал хийгээд зураачийн ур чадвар, гайхалтай авьяасыг тодотгожээ. Түүнчлэн цөм өөр өөрсдийн агуулга, бэлгэдэл, утга учиртай аж.
Эмэгтэйн барьсан бүрээ алдар нэрийн бэлгэдэл бол лаврын титэм нь нэр төр, алдар сууг илэрхийлдэг. Харин түүний гарт буй номоор түүх судлалыг төлөөлүүлсэн гэж үздэг байна. XVII зууны үед зураачид уран бүтээлдээ уран зохиол, домог, түүхэн үйл явдлыг номоор төлөөлүүлэн дүрслэх нь элбэг байжээ.
Харин зургийн дээд хэсэгт буй гоёмсог лааны суурь зураачийн ур чадварыг хамгийн сайн тодотгосон хэсэг. Лааны гэрлийн тусгалыг бодит мэт зурсан нь үе үеийн уран зураг сонирхогчдын алмайруулдаг байна. Түүнчлэн зурагт дүрслэгдсэн лааны суурь XVII зууны үед хувийн өмчийн байшинд тун ховор, ихэвчлэн сүм хийд болон язгууртнуудын барилгад байжээ. Тиймээс урланг ийм хээнцэр гэрэлтэйгээр зурсан нь зурагт язгууртны хэв шинж шингээхийг хичээсэн гэдгийг илтгэж буй.
Зургийн зүүн буланд буй хагас нээлттэй хөшиг болон гантиг шал зэрэг нь мөн л Вермеерийн гоц авьяасыг тодотгосон хэсэг бөгөөд хөшиг болон зураачийн суусан сандал үзэгчийг зураг руу хөтөлдөг чухал элемент юм. Объект бүрд гэрлийг өөр, өөрөөр тусгасан нь зураачийн авьяасын тод илэрхийлэмж.
Харин эмэгтэйн урд буй ширээн дээр хөглөрөх эд хэрэгсэл маргаан, мэтгэлцээнийг зөгнөсөн гэж судлаачид үздэг. Мөн ширээн дээр цаас, арьс шир, даавуу зэргийг дүрсэлсэн нь либерал урлагийн бэлгэдэг юм.

Зургийн төв хэсэгт үзэгдэх хананд Нидерландын 17 мужийн газрын зургийг харуулжээ. Харин баруун, зүүн талд нь хамгийн чухал хотуудын аж байдал, дүр төрхийг дүрсэлсэн байдаг. Мөн зүүн дээд хэсэгт гартаа таяг, бийр, луужин зэргийг барьсан хүмүүсийг урлажээ. Үүгээрээ амжилтад хүрсэн зураач өөрийн амьдарч, ажиллаж буй хот, улсдаа алдар нэрийг авчирсан гэдгийг илэрхийлэхийг зорьсон гэж судлаачид үздэг байна. Хамгийн сонирхолтой нь, тухайн үед газарзүйн болон улс төрийн байдал газрын зураг дээрхээс эрс өөрчлөгдсөн байжээ. Тодруулбал, тэр үед долоон муж тусгаар тогтнолоо зарласнаар 17 муж оршин тогтнохоо больсон байж. Улмаар Нидерландын Бүгд Найрамдах Улсыг хүлээн зөвшөөрөхөд хүрч, наян жилийн түүхтэй дайн дуусгавар болсон түүхтэй. Газрын зураг дээр хойд зүгийг өмнөд хэсгээс тусгаарлаж буй тодорхой нугалаагаар онцлон тэмдэглэсэн байдаг. Үүнийг зураачийн урьдын нөхцөл байдалд буцаж очих хүсэлтэй нь холбоотой гэж зарим хүн тайлбарладаг.
Ямартай ч, Йоханнес Вермеерийн “The Art of Painting” зураг нь XVII зууны дээд зиндааны хүмүүсийн хувцас хэрэгсэл, язгууртнуудын онцлог шинжийг уран зургаар дамжуулан түүхэнд мөнхөлсөн бүтээл юм. Түүнчлэн Йоханнес Вермеерийг давтагдашгүй авьяастан болохыг нь гэрчилж, өнөө хүртэл бүрэн тайлагдаагүй оньсого хэвээр буй суут бүтээл юм.