
Гуравдагч хүчнээс хамгийн олон удаа парламентад төлөөлөлтэй явсан ганц нам бол ИЗНН.
Тус нам 2000 онд байгуулагдсанаасаа хойш 2016 он хүртэл парламентад суудалтай байж, зарим үед төрийн эрхийг ч барилцаж байсан. Үүнээс хойш хоёр сонгууль өнжсөний эцэст 2024 онд тэд дөрвөн гишүүнтэйгээр эргэн ирээд буй. ИЗНН байгуулагдсаны 26 жилийн ой 3 дугаар сарын 12-нд болж, баярын хурлаа хийв.
Гэтэл үүнтэй зэрэгцээд энэ намын хэсэг гишүүн Онц их хурал зохион байгуулж, дарга Б.Батбаатарыгаа “хөөх” нь тэр. Туг барьж, Засгийн газарт багтаж явсан он жилүүддээ ч дотроо талцаж үзээгүй, харьцангуй нэр цэвэр эл намынхан 26 жилийн ойн дээрээ ийнхүү хоёр хуваагдаад байна. Ерөнхийлөгчийн сонгууль ойртох хэрээр Төрийн тэргүүнд нэр дэвших хүсэл сонгогдсон дөрвөн гишүүнийх нь 50 хувьд “оволзож” эхэлсэн аж. Б.Батбаатарын хувьд намын дарга учраас нэрээ дэвшүүлэх нь зүй. Харин Р.Батболд хэмээх гишүүн хэний захиалгаар ажиллаад, гэнэт “хэлд орсон” нь анхаарал татна.
ИЗНН-аас жагсаалтаар намын дарга Б.Батбаатар болон М.Нарантуяа Нара, Р.Батболд, С.Замира нар сонгогдсон юм. Ёс зүйгүй үйлдэл, бүдүүлэг авир, хандлагаараа ИЗНН-ын нэрийг Нара хангалттай унагаж, бас чихийг нь халууцуулж буй. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Р.Батболд хэмээх гишүүн “амилжээ”. Тэрээр хэсэг гишүүний хамт Онц их хурал зохион байгуулж, оролцсон хүмүүсийнхээ олонхын саналаар намын дарга болсон байна. Б.Батбаатар үүнийг нь мэдээж хүлээн зөвшөөрөхгүй. Ийнхүү ИЗНН 26 жилийн түүхэндээ анх удаа хоёр хуваагдан талцав.
Найман жил нам жим байсны эцэст УИХ-д дахин төлөөлөлтэй болж, бүр Засгийн газарт хамтрах болсон ИЗНН-ынхан үнэндээ “эрх мэдлийн шок”-нд орчихоод байгаа аж. Намын дарга Б.Батбаатар хамаатан саднаараа ИЗНН-ыг дүүргэлээ, удирдах байгууллагыг “эзэллээ” хэмээн зарим гишүүн нь шүүмжилж эхэлсэн. Р.Батболдын талынхан ч Онц их хурлынхаа үеэр түүнийг огцруулах үндэслэлдээ энэ талаар дурджээ. Ерөөс намын дарга, түүний хүрээллийнхэн шийдвэр гаргадаг болсон хэмээж буй. Мөн тэд Б.Батбаатарыг шалгуулахаар АТГ-т хандсан юм. Хамгийн сүүлд Р.Батболд гишүүн “Нэгэнт намын дарга биш болсон хүнийг БОУАӨ-ийн сайдаас чөлөөлж өгнө үү” гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Түүний оронд “хууль ёсны” даргатай нь Засгийн газарт хамтрах асуудлаа ярихыг тэр хүссэн байх юм. Намууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор үндсэн дүрэм, хөтөлбөрөө Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, үүнийгээ Дээд шүүхэд хүргүүлсэн. Дээд шүүх ч түрүүчээс нь бүртгээд, хэлэлцээд, засаад явж буй. ИЗНН уг шалгуурт нь дөрвөнтөө бүдэрсэн, одоогоор үндсэн дүрмээ баталгаажуулаагүй байна. Тиймээс л дээрх хэсэг гишүүн нь намын даргаа буруутгаж, үүн дээр нь дөрөөлөн улс төр хийхээр шийдсэн аж. Түүнийг нэлээд их үнээр “сумлаж” буй бололтой.
Тэгвэл Б.Батбаатар гишүүн энэ талаар “Намын эрх мэдлийг хууль бусаар авах, ИЗНН-ыг “хүүхэлдэй” болгох оролдлого хийж байна. Энгийн гишүүдийг төөрөгдүүлж, намын нэрийг ашиглахыг зөвшөөрөхгүй. ИЗНН хэн нэгний улс төрийн хэрэгсэл биш. Бид бизнес, улс төрийн бүлэглэлийнхний захиалгаар ажиллахгүй, хэн нэгний захиалсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй, үзэл баримтлалдаа үнэнч байна, зарчмаа худалдахгүй” гэсэн тайлбар хийсэн. Мөн Дээд шүүхийн бүртгэлд тэр өөрөө ИЗНН-ын дарга хэвээр, үндсэн дүрэм нь ч хүчин төгөлдөр гэдгийг онцолжээ. Тиймээс намыг нь хагалан бутаргах оролдлого хийж буй хүмүүст Дүрмийн хороогоороо дамжуулан арга хэмжээ авна гэсэн юм. Мөн “Удирдах зөвлөлд нь л 2-3 ах, дүү нь бий, эзэлсэн юм байхгүй” гэсэн тайлбарыг ч өмнө нь хэлж байв. Ямартай ч тус намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний зөвлөл нь хуралдахаар болжээ. Үүгээр тэд “үймээн дэгдээгчдэд” хариуцлага тооцох, дотроо үүсээд буй зарим үл ойлголцлоо шийдэхээр төлөвлөжээ.
Үнэндээ ИЗНН-д өрнөж буй энэ бүх үйл явц бол парламентад суудалтай, Засгийн газарт төлөөлөлтэй болсон намуудад учирдаг “зовлон” билээ. Парламентад суудалтай нам л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх эдэлдэг. ИЗНН 16 жил тасралтгүй парламентад төлөөлөлтэй байх зуурт таван удаа Ерөнхийлөгчийн сонгууль болсон гэсэн үг. Гэвч тус намынхан 2001 онд л ганц удаа уг сонгуульд бие даан оролцож, нэр дэвшүүлсэн гэхэд болно. АИХ-ын төлөөлөгч асан, академич, зохиолч Л.Дашнямыг тэд сойсон юм. Тухайн үед Иргэний зориг нам нэртэй байлаа. Улмаар 2002 онд парламентад нэг суудалтай БНН-тай нэгдэж, ИЗ-БНН болсон юм. 2005 оны сонгуульд эл нэгдсэн намаас Б.Жаргалсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байжээ. Б.Жаргалсайхан, С.Оюун нарын хамтрал 2006 онд салж, ИЗН нэрээ буцаан сэргээсэн түүхтэй. Үүнээс хойш болсон 2009, 2013, 2017 оны сонгуульд ИЗНН-ынхан АН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцсон байна.
С.Оюун хэдийгээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн лидер байсан ч Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргаж байсангүй. Магад эмэгтэй улстөрчийн хувьд зориг, итгэл дутсан байж ч болох. Нөгөө талаар улс төрийн өөр тохиролцоо, ашиг сонирхол байдаг учраас бусад намыг дэмжин оролцсон биз ээ. Харин 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН өмнөх “бусдыг дэмждэг” уламжлалаа давтахгүй гэв. Тус намын дарга Б.Батбаатар 26 жилийн ойн баярын хурал дээрээ энэ тухай хэлж, гишүүд нь түүнийг нэр дэвшүүлэхийг дэмжиж буйг уламжилсан билээ. ИЗНН-д олон жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд дангаар, бие даан оролцох дахин нэг боломж гараад байна. Б.Батбаатарын хувьд бол анхных нь боломж гэсэн үг. Түүнийг ИЗННын дарга болох үед энэ нам хэдийнэ парламентын гадна байсан юм. Тэгэхээр түүнд Төрийн тэргүүнд өрсөлдөж, намтартаа мөр нэмүүлэх хүсэл, амбиц байх нь тодорхой. Гэхдээ тэр эхлээд тус намын үүсгэн байгуулагч С.Оюунд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт тавьсан ч хүлээн авах боломжгүй гэсэн юм. Ингээд өөрөө тунаж үлдэв. ИЗНН-д түүнээс дээр хүн угаас байхгүй. Б.Батбаатар сонгуульд нэр дэвшээд ялахгүй, тоймтой санал ч авахгүй болов уу. Гэвч хувь улстөрчийн тухайд энэ бол том ахиц. Тиймээс тэр бусдад энэ боломжоо алдахыг хүсэхгүй нь мэдээж.
АН, МАН-ынхны хувьд ИЗНН, ХҮН, Үндэсний эвслийн өрсөлдөгчдийг өөрсдөдөө ашигтай байдлаар нэр дэвшүүлэх, эсвэл бүр уг сонгуульд дангаар оролцуулахгүй, “хамжлага” болгох сонирхол байгаа. Учир нь зөв хүнээ нэр дэвшүүлж чадвал гуравдагч хүчний намуудад ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломж бий. 2021 оны сонгуулиар ХҮН намаас нэр дэвшүүлсэн Д.Энхбат АН-ын нэр дэвшигч С.Эрдэнийг давсан санал авсныг мартаж болохгүй. Тиймээс “ах” нарын зүгээс гуравдагч хүчний намуудыг энэ мэтээр дотор нь хагаралдуулах ажиллагаа өрнүүлжээ гэж хардаж болно. Энэ ажиллагаанд нь автчихгүйгээр парламентад суудалтай бие даасан нам гэдгээ харуулахын төлөө ИЗНН-ын олонх тэмцэж буй.
С.Туул