АНУ-ын Лос-Анжелес хотноо Алтан бөмбөрцөг наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслол болж, шилдгүүдээ тодрууллаа.

Алдарт найруулагч Стивен Спилбергийн бүтээсэн “Fabelmans” кино драм төрөлд шилдэг киногаар шалгарлаа. Түүнчлэн өөрийн өсвөр насны хүсэл эрмэлзэл, кино найруулагч болох замналынхаа залуу үеийн амьдралыг харуулсан тус киногаараа Стивен Спилберг шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн байна.

Драм киноны шилдэг эрэгтэй гол дүрийн шагналын эзнээр Америкийн жүжигчин, дуучин Остин Батлер “Elvis” кинонд бүтээсэн Элвис Преслигийн дүрээрээ шалгарчээ.

Харин Алтан бөмбөрцөг наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг “Tar” киногаараа Кейт Бланшетт хүртлээ. Тэрээр Их Британид зураг авалттай байсан учир шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирж чадаагүй байна.

Инээдмийн болон мюзикл киноны төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Ирландын жүжигчин Колин Фаррел “The Banshees of Inisherin” кинонд бүтээсэн дүрээрээ алтан бөмбөрцөгийн эзэн боллоо. Түүнчлэн тус кино төрөлдөө шилдэг киногаар шалгарчээ.

Харин инээдмийн болон мюзикл киноны шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Ази гаралтай Америк жүжигчин Мишель Йео “Everything Everywhere All At Once” киногаараа хүртлээ.