Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оноос үе шаттайгаар нэмэгдүүлж 17.0 хувьд хүргэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 2018 оноос жил бүр гурван сараар нэмэгдүүлж, 2042 онд эрэгтэй хүн, 2067 онд эмэгтэй хүний өндөр насны тэтгэвэрт гарах насыг тус тус 65 насанд хүргэх, хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлж тооцохоор хуульчилсан. Мөн даатгуулагч өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр гурван сараар нэмэгдүүлэх, малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг таван жилээр наашлуулах, тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацааг долоон жил болгон өөрчилж, дундаж цалингийн хэмжээг мөн хугацааны цалин хөлсний нийт дүнг 84 сард хувааж тооцох зэрэг зохицуулалтуудыг тус тус тусгасан. Ийнхүү тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг төрсөн оноос нь хамааруулан тогтоох, тэтгэврийн  наснаас эрт тэтгэвэр тогтоолгох иргэдийн хувьд шимтгэл төлсөн байвал зохих хугацааг үе шаттайгаар өсгөх зэрэг тэтгэврийн параметрийн өөрчлөлтүүд хийж байгаа ч хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг улам нэмэгдүүлж цаашид үүсэх асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүрчээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар 476.2 мянга гаруй тэтгэвэр авагчид 2.8 их наяд төгрөг зарцуулжээ. Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо нийт тэтгэвэр авагчдын 77.9 хувь буюу 371.1 мянгад хүрсэн байна. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа одоо дөрөв байгаа бол 2025 оноос хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж 2030 онд 10 даатгуулагчид долоо, 2050 оноос есөн тэтгэвэр авагч ногдохоор байна.

Мөн хүн амын дундаж наслалт 2021 онд 71 болж, 26 жилийн өмнөх дундаж наслалтын түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76 болж 11 жилээр өссөн байна. Тэтгэврийн насны хүн 2020 онд нийт хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувьд хүрэх тооцоолол гарчээ. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлах нь зүйтэй гэж үзжээ. Шинэчлэн боловсруулсан хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлсөн бол урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт зургийг тусгажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хуулийн төслийнхөө агуулгыг дараах байдлаар тодорхойлоод байна.