УИХ-ын чуулганы өчигдрийн /2023.01.06/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэлдээ манай улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 18 байраар урагшилж, 74 дүгээр байрт орсныг хэллээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж, “бичгээр” буюу "цаасан хэлбэрээр” гэсэн агуулга бүхий заалт, үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байгааг өөрчлөхөөр ажиллаж буй аж.
2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар байгуулсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Цахим хөгжил, терийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан нийслэлийн зургаан үйлчилгээний нэгдсэн төв, нийслэл дэх 59 төрийн үйлчилгээний цэг, аймгууд дахь 21 үйлчилгээний нэгдсэн төв, 309 сум, суурин газар, нийт 395 цэгт төрийн 431 үйлчилгээг хүргэхээр бэлтгэл хангаж байна.