Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т тулгамддаг асуудлын талаар тус газрын дарга Б.Мөнхцэцэг ярьлаа. Тэрээр “Явган хүний замуудыг маш олон материалаар хийснээс болж асуудал үүсдэг. Тухайлбал, Зүүн салааны явган хүний замын хавтанг асфальтаар хийсэн, цэвэрлэхэд төвөгтэй, үйрсэн. Гэтэл арслантай гүүрний явган хүний замыг гантигаар хийсэн учир хүмүүс их халтирч байна. Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна. Хотын төв магистралыг зургаан удаа цэвэрлэх тарифтай. Гэтэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 22-25 өдөр цэвэрлэгээ хийж байгаа. Түүнчлэн хэчнээн тонн бодис, давс цацах хэмжээг стандартын дагуу тогтоовол эдийн засагт үр өгөөжтэй гэж бодож байна” гэв.
Тиймээс шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа явган хүний замын халтиргаа гулгааг арилгах ажилд төрийн байгууллагууд манлайлан оролцож, оюутан залуус, олон нийт, сайн дурын болон хүчний байгууллагуудыг татан оролцуулж, богино хугацаанд бодит үр дүнд хүрсэн олон нийтийг хамруулсан ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.