
Өнөөдөр “Харанга” хамтлагийн гоцлол дуучин гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Х.Лхагвасүрэнгийн мэндэлсэн өдөр. Тэрээр 1965 оны арванхоёрдугаар сарын 21-нд мэндэлсэн бөгөөд “Харанга” хамтлагтай 1989 онд хувь заяагаа холбожээ. Түүнийг хамтлагт орсон талаар гавьяат жүжигчин Ц.Энхманлай хэлэхдээ "Амьдрал" концертыг тоглохоос сарын өмнө "Томоотой хүн" гэж дуу хийгээд Чука бэлтгэл хийгээд долоо хонож байсан юм. Гэтэл би ердөө энэ рок дууг дуулж чадахгүй юм байна. Рок дуучин авсан нь дээр гэсэн. Тэр рок дуучин чинь хаана байгаа юм бэ гэтэл "Би нэг бацаан мэднэ, их хөөрхөн дуулдаг" гээд дагуулаад ирсэн. Тэгээд Лхагваа ирээд "Шүүдэр цэцэг"-ийг гитартай дуулж шалгуулж байсан. Бид “За яахав явж бай. Хариу хэлнэ” гээд явуулсан. Дуулж байгаа нь бол таалагдсан. Гэхдээ рок стильтэй биш цээлхэн гоё хоолойгоор дуулаад байсан л даа. Хоолойны чадал бүх юм нь болж байсан болохоор бид хэд "Энэ хүүхдийг аваад стилийг нь бага зэрэг эвдээд рок болгож болох юм. Өөрөө хүсвэл авна" гээд дахиж дуудсан. Тэгээд "За, бүх насаараа бидэнтэй хамт дуулж чадах уу" гэж асуусан чинь "Чадна" гэсэн. Ингэж л манай хамтлагт орж байсан түүхтэй"
Тэрээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг 2014 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардан авсан. Харин 2019 онд хамтлагаараа Төрийн соёрхол хүртсэн.
Х.Лхагвасүрэн “Харанга” хамтлагаас гадна хувийн уран бүтээлээ туурвидаг. 2008 онд анхны цомгоо "Харангын Лхагваа" нэртэйгээр гаргаж, түүнээс хойш “Лхагваа“, “Тэнгэрлэг андууд”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Мөнх хөх тэнгэр”, “Монгол ээж” цомгоо гаргасан. Харин 2011 онд “Нарыг хайрла”, 2013 онд “Морин хуур”, 2014 онд “Толин хул”, “Монгол ээж” тоглолтоо толилуулж байсан.