Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

Өнгөрсөн баасан гарагийн /2022.12.16/ чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Авлигын гэмт хэргийн хор уршгийг нийт нийгэм даяараа төлдөг. Авлига нь төрд итгэх итгэлийг алдагдуулж, ардчиллыг доройтуулж байна. Өнөөдрийн баталсан энэ хууль авлигатай тэмцэхэд томоохон алхам болно гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Энэхүү хууль батлагдсанаар дараах өөрчлөлтүүд орж байна. Үүнд,

-Хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолно.

-Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.

-Түүнчлэн дээрх албан тушаалтнууд авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна.

-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарлалаа

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй 17 хүний нэрийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн мягмар гарагт /2022.12.13/ зарлалаа.

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүст дараах хүмүүсийг нэрлэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир

Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд

УИХ-ын гишүүн Б.Наранбаатар

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир

Өмнөговь аймгийн засаг дарга асан Бадраа

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан А.Ариунболд

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Б.Ганхуяг

“Эрхэт Монгол” группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр гэсэн мэдээллийг танилцуулсан юм.

Эдгээр нэрс зарлагдсаны маргааш УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд нар мэдээлэл нүүрсний хулгайтай огт холбоогүй гэдгээ зарлаж, Тавантолгой хаана байдгийг мэдэхгүй, нэр цэвэр, шударга бизнесмэнүүдийг энэ хэрэгтэй хутгалаа, гайхаж байна гэх тайлбаруудыг өгөөд буй юм. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нүүрсний хулгайтай нэр холбогдсон таван гишүүн "Биднийг шалгаагүй, нэг ч асууж, байцаалт аваагүй. Хэрэг бүтгэлийн хэрэг гэдэг юм нээгээгүй. Тэгсэн хэр нь гэнэт зарлалаа" гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай бичиг ирээгүй. Прокурорын байгууллагаас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ” гэсэн тайлбарыг хэлээд буй билээ.

Мөн нүүрсний хулгайн гэх хэрэгт холбоотой 17 хүний нэрс дунд УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Х.Мандахбаяр нэрлэгдсэн. Тэгвэл тэрээр дээрх тушаалаасаа түдгэлзэх хүсэлтээ өчигдөр гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдээд буй юм.

Жагсаал үргэлжиллээ

Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхэлсэн иргэдийн жагсаал энэ долоо хоногт ч мөн үргэлжиллээ. Хүйтний эрч чангарсан ч иргэд жагсаалаа зогсоохгүй, Төв талбайд  үргэлжлүүлж буй юм. Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн энэхүү жагсаалд өдөрт дунджаар 800-2500 иргэн оролцож буйг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.  Жагсагчдад гэр барих зөвшөөрөл олгох шаардлагатайг олон нийт уриалж, мөн жагсагчид шаардлага тавьсны дагуу Төв талбайд жагсаж буй иргэдэд Нийслэлийн ЗДТГ-аас хоёр гэр болон бусад шаардлагатай зүйлсийг олгохоор болж, дулаалгатай хоёр гэр мөн  галын хор, кабелийн утас,  ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг олгосон юм. Цагдаагийн ерөнхий газраас жагсагчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж буй ч өнгөрсөн баасан гарагт /2022.12.16/ Төв талбайд нэг иргэн өөрийгөө шатаахыг завдсан тохиолдол гарлаа.

Өнгөрсөн долоо хоногт долоон удаа газар хөрвөөлөө

Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 119 мянга гаруй удаагийн газар хөдлөлт болоод буй. Үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 259, түүний дотор зургаан магнитудтай газар хөдлөлт хоёр удаа болжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 5.7 дахин, хүнд мэдрэгдэм газар хөдлөлтийн тоо зургаа дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт долоо удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ. Үүнд,

-2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны даваа гарагт Увс аймгийн Сагил суманд 19.56 цагт  сумын төвөөс 41 километрийн зайд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт

-2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны даваа гарагт 22:57:33 цагт Булган аймгийн Баян-Агт сумаас хойд зүгт 15 километрийн зайд  4.2 магнитудын  газар хөдлөлт

-2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны мягмар гарагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 23 километрийн зайд 12.42 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт

-2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны пүрэв гарагт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 43 километрийн зайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт

-2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны баасан гарагт 03.07.03 цагт Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн урд зүгт 34 километрын зайд 4.1 магнитудын газар хөдлөлт

-2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны баасан гарагт 08:27:35 цагт Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 40 километрийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт

-2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны баасан гарагт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвөөс баруун хойд зүгт 73 километрийн зайд 4.4 магнитудын газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн юм.

Бодлогын хүүг 13 хувьд хүргэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт /2022.12.16/ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

Жилийн инфляц 2022 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарсан. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр буурч байгаа ч ирэх улирлуудад гадаад инфляц, хүнс болон шатахууны үнийн өсөлтийн нөлөө өмнөх төсөөллөөс нэмэгдэх, төсвийн зардал, цалин хүлээлтээс өндөр өсөхөөр байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, экспортын гол түүхий эдийн үнэ буурч, гадаад орчны төлөв муудсан. Ирэх онд гадаад орчны төлөв үргэлжлэн муудахтай зэрэгцэн төсвийн зардал огцом тэлж байгаа нь импортын эрэлтийг урамшуулж дотоод, гадаад тэнцвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна. Үүний зэрэгцээ цалингийн өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт эрчимжихээр байгаа нь өрхийн өр болон хэрэглээний импортыг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлэхээр байна. Иймд Мөнгөний бодлогын хороо дунд хугацаанд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг өсгөх зорилгоор бодлогын хүүг нэмэгдүүлснээ хэллээ.