Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар  Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ. Энэ хуулиар авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгах юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг өөрчилж, ҮАБЗ-ийн шийдвэрээр аливаа гэрээг нууцад оруулахгүй болгох аж. Үүнээс гадна ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр, хүүг бууруулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн Төрийн болон албаны нууцын тухай хууль болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.