Монгол Улсын 3.4 сая хүний 1.6 сая нь буюу 48.1 хувь нь улсынхаа газар нутгийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод амьдран сууж байна. Энэ нь зөвхөн бүртгэлтэй иргэдийн тоо. Цаана нь хэдэн мянган бүртгэлгүй иргэн бий.
Нийслэлийн 88 хэсэгт хүн амын нягтралын дээд хязгаарыг давлаа
Төвлөрөл, түгжрэл, бохирдол нь дээд цэгтээ хүрсэн хотын хүн ам, нягтаршилтын судалгааг саяхан буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Одоо байгаа хүн амын нягтралыг тооцож үзэхэд, хүн амын тооцоот нягтралын дээд хязгаар 460 хүн/га-гаас хэтэрсэн 88 хэсгийн 733 га талбай байгааг тогтоожээ. Иймээс дээрх газар орон сууцны барилга бариулахгүй, харин шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга барих, эс бөгөөс өөр газраар солих гэх мэт шийдвэр гаргах шаардлагатай байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өгүүлсэн юм. Энэхүү тооцооллыг гаргахдаа хотын суурьшлын бүсийн 35206 га талбайг авто замын сүлжээгээр 1183 хэсэгт хувааж, одоо байгаа болон шинээр барихаар төлөвлөсөн барилгын мэдээлэлд тулгуурлан хүн ам, барилгажилтын нягтралтын хэмжээг шинэчлэн тогтоожээ.
Өөр нэгэн жишээ дурдахад, Монгол Улсын цорын ганц сая давсан хүн амтай хот болох Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт нэг квадрат километрт 7969 хүн амьдарч буй. Хэт чихцэлдсэн энэ хотоо уужуу болгох нь нийслэлийн удирдлагууд төдийгүй Засгийн газрын “шүдний өвчин” болоод буй. Үүнтэй холбогдуулан дэлхийн улсууд төвлөрлийг хэрхэн шийдэж, хүн амаа хөдөө тарааж чадсан бүтэлгүй болон бүтэлтэй жишээнүүдтэй танилцъя.
НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа”-наас бүтэлгүйтлийн жишээнүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Хятадын “хукоу” систем бүтэлгүйтсэн нь
Бүтэлгүй жишээний эхэнд Хятадын “хукоу” системийг онцолъё. 1958 онд Хятад улсын Засгийн газар нь “хукоу” гэх өрхийн бүртгэлийн системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлжээ. Өрхийн бүртгэлийг хийхээс гадна энэхүү систем нь орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөнийг хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ. Хотод хукоу буюу бүртгэл хийлгэх нь маш хэцүү бөгөөд ялангуяа Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг томоохон хотуудад бүр ч их бэрхшээлтэй байж. Учир нь хөдөөгөөс хот руу шилжин суурьшиж буй иргэд нь өргөдлийн хураамж төлөхөөс гадна өндөр орлоготой байх, бизнесийн ур чадвартай байх, гадаадад боловсрол эзэмшсэн байх, төрөл садан нь хотын “хукоу”-тай байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангах хэрэгтэй болдог.
Албан ёсны “хукоу”-тай биш бол хөдөө орон нутгийн шилжигчид нь хотод ажил эрхлэх, боловсрол, хүнс, эмнэлгийн үйлчилгээ болон бусад нийгмийн үйлчилгээг хүртэх боломжгүй байдаг аж. Хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарласнаараа систем нь бүртгэлгүй, бичиг баримтгүй шилжилт хөдөлгөөн үүсэхэд нөлөөлж иргэдээ суурь үйлчилгээ авах боломжийг нь хязгаарлаж, эмзэг нөхцөл байдалд оруулдаг байна.
Энэхүү сөрөг үр нөлөөг ойлгосны үндсэн дээр БНХАУ-ын Засгийн газар нь 2014- 2020 онд орон нутгаас хот руу шилжин суурьшиж буй 100 сая иргэнд хотын оршин суух “хукоу” зөвшөөрөл олгохоор болсон бөгөөд гурван саяас доош хүн амтай жижиг хотуудад энэхүү хязгаарлалтыг тавихаа больсон байна.

Нигери улсын бэлчээрийн хориг үр дүнгүйдсэн нь
Малаа чөлөөтэй бэлчээрлүүлэхэд хориг тавьснаас болж малчдын үндсэн амьжиргаа нь асуудалд орсон байна. Ган, цөлжилт зэрэг цаг уурын өөрчлөлтөөс болж малаа алдсан малчид нийслэл хотод ирж, ажиллаж амьдрах орчноо сайжруулах боломжийг хязгаарласан нь Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалттай төстэй байгаа юм.
Нигери улсад тавигдсан хориг нь малчдад нутагтаа үлдээд эдийн засгийн бэрхшээлтэй нүүр тулж, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй нүүр тулах, эсвэл өөрсдийг нь хүлээн авах сонирхолгүй газар руу тодорхойгүй ирээдүйн төлөө зугтах гэсэн сонголтыг л өгч байгаа юм.
Нигерийн тус хориг нь Гадаад харилцааны зөвлөл зэрэг олон улсын оролцогч талуудаас ихээхэн шүүмжлэл хүлээсэн бөгөөд улс доторх зарим муж нь энэхүү хоригийн хэрэгжилтийг царцаагаад байгаа юм. Бодлогын мэргэжилтнүүд нь малчдыг аажимдаа фермер болоход нь туслах, малчдад зориулсан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ялгаварлан гадуурхаагүй үйл ажиллагаа явуулахыг зөвлөсөн байна. Энэ нь дотоодын шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад ямар нэгэн хязгаарласан бодлого хэрэгжүүлэх нь шийдэл болж чадахгүй гэсэн томоохон сургамжийг Монгол Улсад өгч байна.

Мьянмарын Рохинжа нарыг ялгаварласан нь
Рохинжа нь Мьянмарын баруун хэсгээр байрлах Рахины мужид байрладаг Исламын шашинтай үндэстний цөөнх юм. Энэхүү кейс нь шашин, үндэс угсаа, төрсөн газраас нь хамааран шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан хэт туйлширсан кейс юм. Мьянмарын Засгийн газар нь эдгээр хүмүүст иргэншил олгохгүй, хууль бус цагаачид гэж үзэн улс орноор зорчих хөдөлгөөн, гол үйлчилгээг хүртэх боломжийг нь хязгаарласан юм. Рохинжа хүмүүс нь орон нутагт үймээн самуун үүсгэж улсын аюулгүй, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэж буруутгагддаг бөгөөд энэ нь Мьянмарын Засгийн газраас тэдгээр хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл болно гэж үздэг байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон улсын хүмүүнлэгийн байгууллага, хүний эрхийг дэмжигч нар болон бусад улс орон Мьянмарын Засгийн газрыг Рохинжа хүмүүсийг хамгаалах үйл ажиллагаа явуулах талаар шахаж шаардаж байгаа юм.

Албадлага хэзээ ч амжилт олдоггүй
Дээрх жишээнүүдээс Монголд анхаарах ёстой хэд хэдэн зүйл байгааг судалгаанд мөн сануулжээ. Бүтэлгүйтлээс Монгол Улс юунд суралцах вэ. Нэгдүгээрт, шилжилт хөдөлгөөний хязгаарлалт нь эмзэг байдлыг бий болгох, нийгмийг хуваах, хүчирхийллийн эрсдэлийг бий болгох зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлыг үүсгэдэг гэдгийг ойлгох ёстой. Эдгээр ялгаварлан гадуурхах бодлогыг ардчилсан, чөлөөт зах зээл бүхий улс орнуудад нийтлэг хэрэглэдэггүй. Тиймээс үүнтэй адил бодлого хэрэгжүүлвэл ардчилсан, чөлөөт зах зээлтэй Монгол Улс нь дэлхийн тавцанд хүний эрхийн бүлэг, олон талт байгууллага, Засгийн газраас маш хүчтэй шүүмжлэлд өртөх юм.
Тэгвэл одоо сайн жишгүүдийг хүргэе. “Монгол Улсын хөгжлийн хурдасгуур буцах шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг 2022 оны зургаадугаар сард зохион байгуулагдсан. Энэ үеэр Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко “Буцах шилжилт хөдөлгөөний олон улсын сайн туршлага, сургамжууд” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Төвлөрлөө шийдэж чадсан сайн жишгүүдээс тоймлон хүргэе. 2020 онд хөгжиж буй улс орнуудад 86 сая иргэн буцах шилжилт хөдөлгөөнд оролцжээ.
Казахстаны “Энбек” хөтөлбөр буюу хөдөлмөрийн нөөцийн хуваарилалт
Казахстаны Засгийн газраас нь санаачилж бас санхүүжүүлэн “Энбек” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. "Энбек" хөтөлбөр нь хүн ам зүйн тэнцвэргүй байдлыг бууруулж, хөдөлмөрийн нөөцийг хойд бүс нутгийн аж үйлдвэрийн салбар руу хуваарилах зорилготой. Товчхондоо энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн шалтгаан нь хотоос хөдөө рүү иргэдийг шилжүүлэн суулгах, аж үйлдвэржсэн мужуудаасаа арай хөгжил дорой байгаа мужууд руу хүмүүсийг татан суурьшуулах гол агуулгатай хөтөлбөр юм. Хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажилгүй боловсон хүчнийг яаж илүү оновчтой шилжүүлэх вэ гэдгийн шийдэл олох гэж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 9206 хүнээс орон нутаг руу шилжсэн бөгөөд 770 (8.3 хувь) нь нүүсний дараа буцаж нүүсэн байна. Тэдний нүүх шалтгаан нь орон нутгийн уугуул иргэдтэй холбоотой бөгөөд шилжсэн иргэд очсон нутагтаа уугуул нутгийxантай нэгдэж чадахгүй тоxиолдлууд гарсны улмаас эргэн иржээ. Харин нутгийн иргэдийн дэмжлэг маш чухал байсныг хэлээд уугуул нутгийн иргэд хэдий чинээ халуун дотноор хүлээж авна төдий чинээ идээшиж, шинэ ирсэн газартаа удаан суурьших нөхцөл бүрдэж байжээ.

Бангладешийн эмзэг бүлгийн иргэдийн нүүлгэлт
Дараагийн сайн жишээгээр Бангладешийг нэрлэсэн юм. Тус улсын хувьд орлого багатай эмзэг бүлгийн хүмүүсийг хотоос хөдөө рүү нүүлгэн шилжүүлсэн байна. Хөдөө орон нутагт өсөлтийн төвүүдийг байгуулж, тэдгээрээр дамжуулж эмзэг бүлгийн хүмүүсийг хөдөө орон нутаг руу шилжүүлэн суурьшуулсан байна. Энэ нь шилжилт хөдөлгөөнөөс гадна ядуурлыг бууруулахад маш чухал хувь нэмэр оруулж байжээ. Авто замуудыг барьж хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжиж, хөдөө орон нутагт газаргүй, тариаланчид, ядуу эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Мөн бизнесийн зээлийн хүртээмжийг баталгаажуулсан нь ч нэмэр болжээ.

Их Британичууд боломжийг ойлгуулсан нь
Их Британи улсын хувьд “Inverclyde Living campaign ба Rural Resettlement Fund” хэмээх бизнес эрxлэгчид, залуу төгсөгчид, орон байртай xүмүүс рүү чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Хөдөө орон нутагт шилжин суурьшсан иргэдэд татварын дэмжлэг үзүүлэхээс гадна хөдөө рүү нүүх зардлыг нь шийдвэрлэж өгчээ. Эндээс татварын бодлогодоо өөрчлөлт оруулсан бодлогоос нь суралцах боломжтой. Жишээлбэл, нутаг орондоо буцаад ирсэн хүмүүсийг удаан хугацаагаар оршин суухыг дэмжихийн тулд орон байртай xолбоотой татварыг хоёр жилийн хугацаагаар бууруулжээ. Мөн орон нутагт ямар боломжууд байгааг маш сайн сурталчилж таниулах “Promote Shetland” хэмээх маркетингийн үйлчилгээг эрчимтэй өрнүүлж, орон сууц, бизнесийн боломжийн талаар маш сайн ойлголт өгч чаджээ. Ингэснээр хотод байгаа ажилгүй иргэд боломжийг харж хөдөө орон нутаг руу нүүх шийдвэрийг гаргасан байна.

Залуу бизнес эрхлэгчдээ дэмжсэн БНХАУ
Бидний урд хөрш Хятад улсад хотод байсан маш олон хүн хөдөө орон нутаг руу шилжиж байна. Хятадад байгаа нийт шилжигчдийн 1/3 нь буцаж нүүсэн xүмүүс байгаа юм.
Эдгээр хүний дийлэнх нь залуучууд бөгөөд бизнес эрхлэх сонирхолтой залуус хөдөө рүү явж байна. Учир нь хөдөөд бизнес эрхлэх юм бол маш их боломжууд нээгдэж байгаа аж. Бизнесээ эхлүүлэх санхүүжилт, компаниудыг хөдөө орон нутагт салбараа нээх боломжоор нь хангаж өгсөн учраас олон тооны залуучууд хөдөө рүү нүүсэн байна.
Мөн дээр дурдсан Хятадын “хукоу” системийн нөлөөгөөр xот суурин газруудад төрийн үйлчилгээний хүртээмж муу байгаа нь иргэдийг хөдөөг зориход хүргэдэг бас нэг шалтгаан болжээ. Мөн иргэд өөрийн уугуул нутагт эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ эргэн нэгдэх, амьжиргааны өртгийг бууруулах зэрэг шалтгаанаар хөдөөг зорьж байна.
Сайн жишээнүүдээс бид юунд суралцаж болох вэ
Дээрх сайн жишгүүдээс бидэнд суралцах зүйл олон байна. Тухайлбал, Казахстаны жишээнээс хөдөлмөрийн зах зээл дээрээ анализ хийж, орон нутгаа давхар хөгжүүлэх, аж үйлдвэрээ хөгжүүлэх бодлогыг харах л ёстой. Таван хүн тутмын хоёр нь ядуу амьдарч буй Улаанбаатар хотын хувьд Бангладешийн эмзэг бүлгийн иргэдээ өсөлтийн төвүүдээр дамжуулан хэрхэн хуваарилснаас судлах хэрэгтэй. Нийслэлээс хөдөөг зорих иргэдэд мэдлэг мэдээлэл дутмаг, огт хангалтгүй байдаг талаар хөдөө амьдарч буй хотын иргэд хэлж буй юм. Харанхуй бүдүүлэг гэгддэг хөдөө аль хэдийнэ хойно хоцорсныг таниулахын тулд Их Британичуудын туршлагыг танин мэдэх нь ашигтай. Мөн дэргэд буй үргэлж муулдаг хөршөөсөө ч гэсэн залуусаа дэмнэсэн, дэмжсэн бодлогыг нь өнгийгөөд үзэхэд гэмгүй биз ээ.
Гэхдээ манай улсын хувьд Хотын дарга Д.Сумъяабазарын гаргасан “Байр авбал, албан ажлаар л ирвэл хотод хүлээн авна” гэдэг албадлагын баримт бичгийг эс тооцвол хотоос хөдөө рүү нүүлгэхдээ алдаад байсан зүйл алга. Татварын хөнгөлөлт, орон сууцны дэмжлэг зэрэг төстэй зүйлүүд цөөнгүй байна.
Эцэст нь сануулахад, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко Монгол Улсыг шилжилт хөдөлгөөний талаар маш сайн судалж ойлгох хэрэгтэйг онцолсон. Тэрээр “Ямар шалтгааны улмаас хүмүүс хөдөө рүү нүүх шийдвэр гаргаж байна вэ. Монгол Улсад ямар боломж байна вэ, шилжилт хөдөлгөөнд нөлөөлж байсан хүчин зүйлүүдийн мэдээллийг сайн цуглуулж ямар зорилтот бүлгүүдэд хандах вэ гэдэг судалгааг маш сайн хийж байж бодлогоо боловсруулах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.