Савангийн хэрэглээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж Монголын мянган эмэгтэйг ажлын байраар хангана гэсэн маш тодорхой зорилгыг өмнөө тавьсан “Mongol Made” нэгдлийн хамт олон өнгөрсөн жил гараанаас гарч, өнөөдөр цагт 3 мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн автомат үйлдвэрээ ашиглалтад оруулж байна.
Ахуйн хэрэглээ, арьс арчилгаа, ариутгалын чиглэлээр 20 гаруй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж 100 гаруй ажлын байр шинээр бий болгож, гар аргаар 300 орчим мянган саван сард үйлдвэрлэх хүчин чадалтай байсан “Mongol Made” өнөөдөр цагт 3 мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн автомат үйлдвэр ашиглалтад оруулснаар Монгол Улс хатуу савангаа 100 хувь дотоодоосоо хангах боломжтой боллоо.

95 хувь импортоос хамааралтай хатуу савангийн зах зээлд гадны бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц хямд үнэ, өндөр чанартай бүтээгдэхүүн бүтээх нь тус хамт олны чадлыг сорьсон томоохон ажил байсан ч хими, биологи, инноваци, оюуны өмчийн чиглэлээр ажилладаг 5 эрдэмтнээс бүрдсэн эрдэмтдийн зөвлөх баг Mongol Made нэгдлийн дэргэд тогтвортой үйл ажиллагаа явууулсан нь шинжлэх ухаанд тулгуурласан, оновчтой үйл ажиллагаа явуулж, зорьсон зорилгодоо хүрэхэд нь томоохон дэмжлэг болсон юм.
Гар аргаар үйлдвэрлэдэг, нарийн орц найрлага бүхий гар нүүр, биеийн, барааны савангуудаа 1800-3000 төгрөгийн хооронд тэд борлуулдаг байсан бол савангийн автомат үйлдвэр ашиглалтад орсноор шахалт сайн, чанар өндөр, үнэ хямд буюу 1000 орчим төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарах нь.
Монгол айл бүр сард нэг монгол савангаа худалдан авахад л Монголын 1000 эмэгтэй тогтвортой ажлын байраар хангагдах юм.