Иран улс исламын шашны хувцаслалтын дүрмийг иргэдэд мөрдүүлэх үүрэгтэй ёс суртахууны цагдааг татан буулгажээ. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдийг заавал толгойн алчуур зүүх ёстой гэсэн хижабын хуулийг хүчингүй болгосон гэсэн үг биш гэдгийг Ираны Ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери мэдэгдлээ.
Энэ оны есдүгээр сард 22 настай Махса Амини гэх эмэгтэй хижабын хуулийг зөрчсөн хэргээр Тегераны ёс суртахууны цагдаа нарт баривчлагдсанаасаа гурав хоногийн дараа амиа алдсан билээ.

Түүний үхэлтэй холбоотойгоор Иран улсад гурав дахь сардаа үргэлжилж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогч эмэгтэйчүүд толгойн алчуураа тайлж, шатаан эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа.
Ёс суртахууны цагдааг татан буулгасан шийдвэр нь шашны хатуу дүрмийг сулруулах нэг алхам болж олон зуун хүний амийг авч одсон жагсаал үр дүнгээ өгөх эхлэл тавигдаж байна гэж жагсагчид найдацгааж байна.
Хижаб заавал өмсөх ёстой гэсэн дүрмийг Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг үүсгэн байгуулсан 1979 оны хувьсгалаас хойш дөрвөн жилийн дараа баталсан юм.
Гашт-е Эршад хэмээн нэрлэгддэг ёс суртахууны цагдаа анх 2006 онд Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын үед байгуулагджээ. Эхэн үедээ цагдаа нар зөвхөн сануулга өгөх үүрэгтэй байсан ч яваандаа эрх мэдэл нь нэмэгдэж баривчлах эрхтэй болсон байна.