
Эв найрамдалтайгаар зэрэгцэн оршихын зэрэгцээ өөрсдийн уламжлалт сургаал номлолоороо ялгарагч олон шашин бий. Тэд өөр өөрийн онцлогоор сүсэгтнүүдээ ухуулан сэнхрүүлэхийн зэрэгцээ аливаа зүйлд огтсон ойлголтоо ч үеэс үед өвлүүлэн иржээ. Шашин бүртээ Ариун, Гэгээн гэсэн үгсээр цоллуулж, шашны сургаалиа өөрсдийнхөө үед номлож ирсэн номлогчид дундаас Ромын Пап Гэгээн хутагт Фрэнсис, Буддын шашны тэргүүн XIV Далай лам нар онцгой. Тэд гэр бүлийн харилцааны тухай, түүнээс үүдсэн асуудлуудад хэрхэн хандаж буй нь сонирхол татна. Ромын католик сүмийн 266 дахь Пап лам Гэгээн хутагт Фрэнсис, Бенедикт XVI нь дэлхийн католик шашинтнуудын хамгийн дээд хүн гэж болно. Католик шашны чухал сургаалиудыг даян дэлхийгээр түгээхийн зэрэгцээ өөрийн шашны сүмийн тахилч, номлогчдыг сүмийн уламжлалт үзэл бодлыг түгээхэд чиглүүлэх ариун үүрэгтэй хэмээн сүсэгтнүүд нь үздэг.
Хүн төрөлхтний хамгийн чухал харилцаа болох гэр бүлийн харилцааны талаар ч шашны урсгал бүр өөрсдийн гэсэн үзэлтэй, түүнийгээ өдгөө ч сурган номлосоор ирсэн нь байхад цагийн аясаар өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нь бий.
Хүн төрөлхтний хамгийн чухал харилцаа болох гэр бүлийн харилцааны талаар ч шашны урсгал бүр өөрсдийн гэсэн үзэлтэй, түүнийгээ өдгөө ч сурган номлосоор ирсэн нь байхад цагийн аясаар өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нь бий.
Тэрээр орчин үеийн гэр бүлийн харилцааны бүхий л асуудлын талаарх номлолуудаа багтаасан 256 хуудас бүхий “ Joy of Love” бүтээлээ бичжээ. Энэ номлолд нь түүний 3 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт айлчлахдаа номлосон сургаал, Ромд болсон хоёр ч удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн номлолууд багтсан юм. “Улс орон бүр өөрсдийн уламжлал, иргэд сүсэгтнийхээ соёлын онцлогт тохируулан гэр бүлийн харилцаа гэх энэ эмзэг атлаа хамгийн чухал харилцааг аз жаргалтай, баяр хөөртэй байхад хэрэгтэй шийдлүүдийг эрэлхийлэх хэрэгтэй”.
Харин буддын шашинтнуудын Дээрхийн гэгээн хэмээн өргөмжилдөг Далай лам Данзанжамц өөрийн шашны онцлог, хувийн үзэл сургаал, номлолоо тун уян хатан байдлаар илэрхийлсээр ирсэн билээ. “Хүн төрөлхтөн төрсөн цагаас эхлэн жаргалыг хүсч зовлонг үл хүсдэг билээ. Үүнд ямар ч нийгмийн байдал, боловсрол, үзэл суртлын нөлөө хамаагүй. Элдэв зовлонд өртөх нь зөвхөн гагц өөрт бус амьтан бүхэнд адил юм гэдгийг бид тодорхой мэддэг. Энэ нь бидэнд бэрхшээлийг ялах хүч, шийдвэр гаргахад тус нэмрээ өгдөг ” хэмээн Далай лам айлдсан нь бий. Тэгвэл ертөнцийг үзэх үзлээрээ гойд ялгарагч энэ хоёр Гэгээнтэн гэр бүлийн амьдрал, түүнд тулгардаг асуултуудыг хэрхэн тунгаана вэ?
Гэрлэлт-салалт-гэрлэлт

Пап лам Гэгээн Фрэнсис:
Хоёр дахь гэрлэлт буюу салалтын дараах шинэ гэр бүлийн амьдралыг шашин бүр л эсэргүүцсэн хандлагатай байдаг. Гэвч орчин үеийн эрх чөлөөт гэх тодотголтой амьдралд гэр бүлийн ариул байдал гэдэг анхны гэрлэлтийг хэлэхээ болиод уджээ. Либерал үзэлт католикчууд дахин гэрлэлтийг завхайралтай зүйрлэх нь олон сая сүсэгтнийг сүм хийдээс нүүрээ бууруулахад хүргэнэ гэж эмээж байгаа бол Консервативчууд гэр бүл салалт бүх муугийн эхлэл гэж үздэг хэвээр байгаа юм. Зөв бурууг нь ялгаж салгахад хэцүү энэ асуудалд Гэгээн хутагтын өгөх хариулт: “Хоёр дахь гэрлэлтийг илт буруутгах нь үндэстэн, шашин нэгтнийг хагаралдуулах, улмаар шашин шүтлэгийнхээ хүрээлэл болсон сүмд гадуурхагдсан мэт сэтгэгдэл төрүүлэх муу нөлөөтэй. Тийм ч учраас тэдний сонголтыг хүлээн зөвшөөрч ойлгохыг хичээн тэдний нийгмийн амьдрал, харилцааг дэмжих хэрэгтэй” Салалт гэдэг бараан зүйл, салалтын тоо нэмэгдэж байгаа нь бүхий л хүмүүсийн санааг зовоосон асуудал хэвээр байна.
“Дахин зохиосон амьдралд сүмийнхэн, тахилч номлогчид нуруугаа харуулах ёсгүй. Гэр бүлийн ариун харилцаа анхны гэрлэлтэнд оршино гэх үзэлтэнг ч буруутгах аргагүй. Бодит байдалд сүмүүд дахин гэрлэлтийн асуудалтай өдөр бүр тулгардаг, тийм ч учраас энэ асуудлыг либералчилж авч үзэх нь хамгийн зөв шийдэл болох биз” хэмээн Гэгээн хутагт нэмж айлджээ.
Дээрхийн гэгээн Далай лам:
Хэрэв гэрлэсэн хоёр хүн аз жаргалгүй байвал салсан нь дээр биз. Хамгийн чухал нь энэ салалтанд хүүхэд өртөхийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэр бяцхан бурханы зүрх сэтгэлд эцэг эхийнх нь салалтаас үүссэн шарх насан туршдаа эдгэрдэггүй. Бусдад хэлэхгүй л болохоос маш их зовлон, шаналлыг эцэг эхийнхээ салалтаас өөртөө үлдээж хоцордог. Ингэж аз жаргалгүй болсон хүмүүсээс аз жаргалгүй нийгэм үүсдэг. Аз жаргал гэдэг хайрлах, хайрлуулах дээр тогтохоос бус сексийн харилцаа, мөнгө, бусад сонирхол дээр оршин тогтнох нь үгүй. Насан туршдаа гэрлэхийг цээрлэсэн над шиг хүнд сексийн талаар ярих зүйл огтхон ч байхгүй. Гэхдээ хоёр хүн бие биенээ хайрлах нь энгийн зүйл, ертөнцийн жам юм. Гол нь зөв хүнээ олох хүртлээ амьдрал зохион гэрлэх хэрэггүй гэж бодож байна. Эцэст нь буруу үйлдлээс салалт- хүүхэд өнчрөл- аз жаргалгүй хүн- аз жаргалгүй нийгэм үүсч байна.
Ижил хүйстний хайр
Пап лам Гэгээн Фрэнсис:

-Шашин, сүмийн хувьд ижил хүйстний харилцааг дотоод эмгэг гэж тодорхойлон уламжлалт үзлээсээ татгалзан тэднийг хүлээн зөвшөөрөх, ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх эсэх дээр маргагчдын нэг том бүлэг болдог “Хүн бүрт өөрийн нийгэмд эзлэх байр суурь, гарал үүслээс үл шалтгаалан хувийн бэлгийн чиг хандлагаа илэрхийлснийх нь төлөө хүчирхийлэх, түрэмгий загнах, тэднийг ялгаварлан гадуурхах шалтгаан болох ёсгүй” Гэр бүлийн амьдрал, гэрлэлтийн талаарх Бурханы үгст ижил хүйстний харилцааг буруутгасан зүйлс огтхон ч байдаггүй. Гэгээн хутагтын энэ номлол сүм ЛГБТ хүмүүсийг гэмт хэрэгтэнд тооцох, тэдэнд тохиолддог хавчлага, Уганда зэрэг католик шашинт орнуудад хүчирхийллийн том шалтгаан болдогийг үл дурдсан нь харамсалтай.
Дээрхийн гэгээн Далай лам:

-Энэ хайрыг маш түвэгтэй гэж хэлнэ, бүр маш их шүү. Нэг удаа би Сан-Францискогийн ижил хүйстнүүдтэй уулзаж байлаа. Буддын сургаальд ижил хүйстнүүдийг буруу бусармаг үйл явдал хийж байна гэж үздэг. Энэ сургаалиа ч би тэдэнтэй уулзахдаа шууд хэлсэн, ингэх ёстой. Буддын сургаальд ижил хүйстний бэлгийн харилцааг буруутгахаас гадна эхнэр, хайртай бүсгүйтэйгээ аман болон шулуун гэдсээр хурьцал үйлдэхийг нүгэлд тооцон цээрлэдэг юм. Гэхдээ миний хувьд шүтлэггүй хүмүүсийн орон зайг хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч ижил хүйстэн хосын харилцааны хувьд бусдад хор хөнөөл, буруу дуурайлал үзүүлэхгүй бол анхаарахгүй нь дээр гэж боддог. Харин ямар нэг байдлаар бусдад хор хөнөөл хүргэхийг хувьдаа хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Жинхэнэ хайр сэтгэлийн үүднээс ижил хүйстний харьцаа байхыг би хувь хүнийхээ байр сууринаас зөвшөөрнө. Энэ орчлонд төрсөн хүн бүр хайрлаж, хайрлуулах, аз жаргалыг мэдрэх гэж төрсөн юм.
Үр хөндөлт нүгэлд тооцогддог хэвээр
Хүний амьдрал гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйл, тэрхүү үнэ цэнэтэй зүйлийг дуусгавар болгож буй нэгний шийдвэрийг хэзээ ч ямар ч тохиолдолд зөвтгөх аргагүй.
Пап лам Гэгээн Фрэнсис:
-Үр хөндөлт хэзээд бүхий л урсгалын шашны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Энэ үзэл номлол өнөө үед ч хэвээрээ. Хүний амьдрал гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйл, тэрхүү үнэ цэнэтэй зүйлийг дуусгавар болгож буй нэгний шийдвэрийг хэзээ ч ямар ч тохиолдолд зөвтгөх аргагүй. Ийм л учраас эхийнхээ хэвлийд бойжиж буй хүүхдийн амьдралд утга учир, үнэ цэнэ бий.
“Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хүн бүрт бурууг эсэргүүцэх ёс суртахууны үүргийг нь байнга сануулж байх хэрэгтэй” Түүний энэ үг католик шашинтнууд ямар ч тохиолдолд үр хөндөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ шийдвэр нь ирээдүйд ч ганхахгүй бат байна гэдгийн дохио болж байгаа юм.
Дээрхийн гэгээн Далай лам:
-Үр хөндөлт буруу зүйл. Буддын шашны үүднээс бол үр хөндөлтийг аллага гэж үзнэ. Гэхдээ тухайн нөхцөл байдлаас нь шалтгаалан буруутгах эсэх нь тодрох байх. Төрөлт эцэг эхэд нь ямар нэг ноцтой асуудал үүсгэх, эхийн амь насанд аюултай үед төрөлтийг зогсоож үр хөндөлт хийж болох юм. Үүнийг хуулинд зааж батлагдсаны дагуу үйлдэх хэрэгтэй биз. Уламжлалт Буддын шашны үзэл үр хөндөлтийн тал дээр бага ч болов өөрчлөгдөж энэ талаарх хатуу ёс суртахууныг зөөлрүүлж байгаа билээ. Эхийн сонголт үр хөндөлт байх нь түүний хамтран амьдрагч, эсвэл жирэмслүүлсэн хүний сонголтоос илүү чухал юм. Энэ хоёр сонголт бол маш ялгаатай зүйл юм. Тиймээс яг энэ асуудал дээр орчин цагийн буддистууд уян хатан ханддаг болсон.
Л.Сонсгоод