Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд малчдын түвшинд өвс 1.2 сая тонн, сүрэл 14.9 мянган тонн, ногоон тэжээл 88.5 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 57.4 мянган тонн, гар тэжээл 88.6 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, давс, хужир шүү 116.9 мянган тонн бэлтгэхээр төлөвлөсөн. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3 мянган тонн, тэжээл 12.5 мянган тонн бэлтгэх үүрэг өгсөн юм.
Өвөлжилтийн бэлтгэл хүлээн авахад малчдын түвшинд
- Өвс 1.1 сая тонн,
- Сүрэл 15.0 мянган тонн,
- Ногоон тэжээл 88 мянган тонн,
- Үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн,
- Гар тэжээл 47.9 мянган тонн,
- Дарш 13.1 мянган тонн,
- Хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувь юм.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 21 мянган тонн, тэжээл 8.2 мянган тонныг бэлтгэжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94 хувийг, тэжээлийн 69 хувийг бэлтгэсэн байна. Аймгуудын зах дээр дөрвөн мянган тонн өвс, 1.7 мянган тонн тэжээл байгаа мэдээтэй байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлээс тарьсан ногоон тэжээл, гурилын үйлдвэрээс гарах тэжээл, тэжээл рүү шилжиж буй улаанбуудай зэргээс 220 мянган тонн хүчит тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн баруун аймгууд жилд 25-30 мянган тонн хүчит тэжээл импортолдог бөгөөд энэ жилийн хувьд нэмэгдэх төлөвтэй байна.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 87.4 хувьтай бэлтгэл хангагджээ.