Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийж буй. Айлчлалын багт Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг багтсан юм. Тэрээр ёслолын үеэр Японы хатан хаан Масакогийн биед зөвшөөрөлгүй хүрсэн нь шүүмжлэл дагуулаад байна.
Б.Батцэцэг сайд Японы хатан хаан Масакогийн биед хүрснийг Монголд зөгийн аж ахуй эрхэлдэг Япон улсын иргэн Томоко твиттер хуудастаа анх шүүмжилсэн юм. Тэрээр "Хатан хааны маань биед гараараа хүрсэн байх юм. Өөрөө хаан, хатан биш л бол Ерөнхийлөгч ч ингэж болохгүй" гэж жиргэжээ.
Япон улс нь дипломат ёслолын нарийн дэг журамтай. Хаан, хатантай гараа өгөөгүй байхад гар барих, биед нь хүрэх хориотой байдаг аж. Өөрөө хүсээгүй байхад биед хүрэх нь ёс зүйгүй, үл хүндэтгэсэн хэрэгт тооцогддог байна. Түүнчлэн бие биеийнхээ биед хүрэлцэхгүй байх тухай айлчлалын урьдчилсан протоколд ч дурдсан байдаг аж.
Гаднын улсад айлчлал хийж буй төрийн түшээд тухайн орны ёс заншил, дэг жаяг, соёлыг сайн судласан байх учиртай. Гэвч төрийн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд ийм үйлдэл гаргасан нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд буй.
