Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн талаар танилцуулгадаа "Монгол Улсын санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, улмаар иргэд болон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн санхүүгийн ачаалал, зардлыг бууруулах, санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс санхүүгийн зах зээлд даатгалын баталгааг шинээр нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу аливаа санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдах барьцаа, баталгаа, урьдчилгаа төлбөр, батлан даалтыг зөвхөн банкны баталгаа, бонд, үнэт цаас хэлбэрээр хэрэгжүүлэхээр зохицуулсан байгаа нь санхүүгийн зах зээлд бусад төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлэх боломжгүй байдлыг үүсгэж байна. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар аливаа тендерт оролцогч нь тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг зөвхөн банкны баталгаа байдлаар ирүүлэхээр тусгасан байгаа нь учир дутагдалтай юм. Улмаар энэхүү хуулийн хязгаарлагдмал зохицуулалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхэн ажил, үйлчилгээнийхээ таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад дунджаар 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулах, өөрийн гэх бүх хөрөнгөө банкны барьцаанд тавих зэрэг олон хүндрэлтэй асуудлыг үүсгэж байна.

Мөн өнөөдөр ипотекийн зээлэнд хамрагдах хүсэлтэй, урьдчилгаа төлбөр дутаж буй иргэдэд ч гэсэн зөвхөн банкны шаардлага болох 30 хувийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхээс өөр санхүүгийн арга хэрэгсэл, хямд үүсвэр байхгүй байгаа нь байртай болох гэсэн айл өрх бүрд санхүүгийн дарамт, ачаалал болж байгаа нь өнөөгийн санхүүгийн зах зээл дэх нийтлэг үзэгдэл болж байна. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хууль болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр банкнаас шаардах аливаа барьцаа, баталгаа, батлан даалт, урьдчилгаа төлбөрийн шаардлагыг орлох санхүүгийн үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, даатгалын баталгааг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, аж аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хөрөнгө, мөнгөө банканд 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулахгүй, хямд эх үүсвэрээр барьцаа, баталгааны асуудлыг шийдвэрлэх, иргэд банкнаас шаардах байрны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар буюу илүү хямд эх үүсвэрээр бүрдүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ" гэв.