Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сан байгуулах ажил хийгдэж буй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол ХХК-ийг олон улсын баялгийн сангийн жишигт нийцүүлж, групп компанийн хэлбэрээр ажиллахаар шийдвэрлэж, шинээр удирдлагын багийг томиллоо. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Одоо гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланг ерөнхий менежерээр томилсон. Эрдэнэс Монгол нэгдэл дүрмийн өөрчлөлтийг хийж, дотооддоо зэс, нүүрс, ховор металл, дэд бүтцийн гэсэн дөрвөн групп компанийг бий болгож ажиллана. Энэ нэгдлийн харьяанд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагдана. Эдгээрийн ашигт үйл ажиллагаа хангалтгүй явж ирсэн. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой", "Монголросцветмет” гэх мэт томоохон аж ахуйн нэгж байдаг. Нэгдсэн менежментийг хэрэгжүүлснээр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой болно. Монгол Улс хөрөнгө оруулалтаараа хоцрогдсон байна. Бодитой яриа хэлэлцээрийг хийхгүй бол эдийн засгийн эрчимтэй хөгжлөөс хоцрох аюул байна. Энэ онд "Эрдэнэс Монгол" нэгдэлийн 15 жилийн ой тохиож буй. Энэ хугацаанд тайлан баланс нэг ч удаа ашигтай гарч байгаагүй. Харин энэ онд анх удаа ашигтай балансыг гаргах боломжтой цаг үедээ ирсэн. Тиймээс Засгийн газраас тодорхой шинэчлэлийг хийж байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет” ТӨҮГ-уудын дүрэмд өөрчлөлт оруулсан. Ингэснээр гүйцэтгэх удирдлагыг томилох болон менежментийн үйл ажиллагааг "Эрдэнэс Монгол" нэгдэл дээр авч явахаар болсон. Бодлого нь энэ нэгдэл дээр зангидагдана. Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд шилжүүлэх дүрмийн өөрчлөлтийг хийсэн. Өмчлөл нь Төрийн өмчит бодлого зохицуулалтын газартаа, удирдлага, менежмент нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд төвлөрнө гэсэн үг" гэв.