Долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.

Их Эзэн Чингис хааны төрсөн өдөр тохиолоо

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ долоо хоногт тохиолоо. Энэ жил Эзэн Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас Монгол бахархлын өдрийг тэмдэглэх долоо хоногийн хөтөлбөр гаргасан юм. Энэ хүрээнд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болж, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болов. Мөн Монгол Улсын Их Хурлаас “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулаа.

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн одон - Чингис хаан одон хүртээдэг уламжлалтай. Энэ жил Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Дэчингунгаагийн Доржготов, Америкийн Нэгдсэн Улсын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфорд нарт хүртээлээ.

Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфордыг, Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан. Энэхүү бүтээлүүд нь олон хэлээр орчуулагдан дэлхий нийтийн хүртээл болохдоо монголчуудын талаарх түүхэн бодит ойлголтыг өнөөгийн дэлхий ертөнцөд дахин таниулж, Чингис хаан судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлсэн юм.

Харин Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготовыг, Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийн, хээрийн шинжилгээний ажил зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан.  Монгол орны анхны хөрсний зураг болон анхны сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан, эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан эрдэм шинжилгээний иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болох 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схем бүхий анхны үндэсний атлас болох “БНМАУ-ын Үндэсний атлас”-ыг хэвлүүлэн гарган, удаа дараа шинэчлэн боловсруулж, хөрс шороо, цаг уур, байгаль орчин судлал болон шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлсэн байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам ашиглалтад орлоо. Энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг төмөр замыг богино хугацаанд  ашиглалтад оруулах үүрэг өгч байлаа. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр  найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Төмөр замын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлсэн юм. Тэрээр “Улс орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км  төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууслаа. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандлын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан  бол өнөөдөр Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй” гэдгийг онцоллоо.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна.  Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна. Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ.

Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлнэ

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд “Цагааннуур” чөлөөт бүсийг 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарлаа. Чөлөөт бүсийг нээснээр Хятад, Орос, Казахстанаас орж ирэх импортын барааны нэр төрөл нэмэгдэж, хямд, чанартай бараа бүтээгдэхүүнээр баруун аймгийн иргэдийг хангах, чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх ач холбогдолтой. Мөн малын гаралтай түүхий эд боловсруулах, мах, махан бүтээгдэхүүнийг Хятад, Орос, Казахстан улс, цаашлаад Ойрхи Дорнодын улсуудад экспортлох боломжтой төдийгүй Зүүн Өмнөд Азийн орнуудыг дундад Ази, Зүүн Европын орнуудтай холбох, бараа бүтээгдэхүүний урсгал бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байна.

Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажилллагаанд шилжүүлэх болсонтой холбогдуулан гааль, мэргэжлийн хяналт, дотоодын цэрэг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангуулах, Цагааннуур тосгоноос чөлөөт бүс хүртэл шилэн кабелийн сүлжээ байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.    “Цагааннуур” чөлөөт бүс нь 708.4 га талбайтай, Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 65 км, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур хилийн боомтоос 25.8 км зайд нутгийн гүнд оршдог. Баруун бүсийн аймгууд болон БНХАУ-аас ОХУ, цаашлаад Европ руу гарах Азийн хурдны АН-4 чиглэлийн авто замын дагуу байрладаг давуу талтай.

ХӨСҮТ: Коронавируст халдвараар давтан өвдөх эрсдэл нэмэгдсэн

ХӨСҮТ-өөс коронавируст халдварын BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүн, онцлог, олон улсад тархсан байдал, томуу, томуу төст тархалт, вакцинжуулалтын үр дүн, бусад амьсгалын замын халдварт өвчний талаар мэдээллээ. Мэдээлэлд  манай улсын хэмжээнд 46 дугаар долоо хоногт ковидын 1855 тохиолдолд бүртгэгдээд байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн PCR шинжилгээнд эерэг тохиолдол нэмэгдсэн бөгөөд мөн нас баралт бүртгэгдсэн. Халдварын тархалтад тандалт судалгаа хийхэд 67 хувь нь ажлын байран дээрээ халдвар авсан бол 38 хувь нь гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн тухайд омикроны дэд хувилбарын халдвар авсан хүмүүсийн 68 хувьд нь хоолой өвдөх, 64 хувьд нь хуурай ханиалгах, 58 хувьд нь хамар битүүрэх, нус гоожих, халуурах шинж тэмдэг илэрсэн. Мөн омикроны халдварын хувьд нууц хугацаа богиноссон бөгөөд дунджаар хоёр хоног үргэлжилж байна. Мөн коронавируст халдвараар давтан өвдөх эрсдэл нэмэгдсэн. Иргэдийн хувьд долоон сараас нэг жилийн өмнө өвдсөн бол давтан өвдөх эрсдэлтэй хэвээр байна гэж үзэж байгаа. Тиймээс ковидын эсрэг вакцинаа хийлгэж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай.