Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ пүрэв гарагт /2022.11.24/ тохионо. Уламжлалын дагуу энэ өдөр төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг 2005 оноос Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.

Жил жилийн “Чингис хаан” одонг ямар гавьяа байгуулсны улмаас хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн нэг саная. “Чингис хаан” одон мэндэлсэн түүх, дагалдах шагналыг ч танилцуулъя.

Ерөнхийлөгч Н.Багабандийн санаачилгаар “Чингис хаан” одонг хүртээж эхлэв

2005 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ-аас сайшаан дэмжиж, 21 дүгээр тогтоол баталснаар энэхүү одонг буй болгосон юм. Уг одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагджээ. Харин дараагаар нь тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан.

Есөн цэн алттай тэнцэх шагналаар шагнуулж, Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй

“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын Долоодугаар зүйлд Одон хүртэгчид үзүүлэх урамшууллыг дараах байдлаар тусгажээ. Үүнд,

7.1.Одон хүртэгч Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

7.2.“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

7.3.“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

7.4.“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.

“Чингис хаан” одонт эрхмүүд

2005 он П.ОЧИРБАТ

“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байсан юм. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан.

Зарлигт “П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өртгөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж” хэмээн өгүүлжээ.

2006 он Б.ШАРАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд “Чингис хаан” дуурь бүтээснийг ийнхүү өндрөөр үнэлж “Чингис хаан” одонг хүртээжээ.

2009 он Д.БЯМБАСҮРЭН

2007, 2008 онд завсарласны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасан. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв. Түүний түүхэн гавьяаг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Д.Бямбасүрэн гуай улс орноо улс төр, эдийн засаг, санхүү нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээн бэхжүүлэх, Монгол Улсын хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд оруулахад түүхэн гавьяа байгуулж, онцгой хувь нэмэртэй ажилласан” гэж онцолсон байв.

2010 он Р.Гончигдорж

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Р.Гончигдоржид Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Р.Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Р.Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавьяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагнаж байна” гэв.

2011 он Н.Багабанди

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж зарлиг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хаан” одонгоор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байв. Энэ жилийн одонгийн эзэн нь өөрөө шагналыг санаачлагч гэдгээрээ онцлог байлаа.

2012 он Д.Дэмбэрэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээсэн. Ерөнхийлөгч “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааны одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна.

2013 он Д.Содном

2013 оноос өмнө “Чингис хаан” одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг байсан бол энэ оноос эхлэн “Чингис хаан” одонг Монгол бахархлын өдрөөр гардуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм. 2013 онд энэхүү одонг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Д.Содном гуай хүртсэн юм. Түүнд шагнал гардуулах үеэр “Д.Содном нь төрийн тулхтай, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна гуравдагч хөрш, хөрш орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолсон юм.

2014 Х.Намсрай

Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг “Чингис хаан” одонгоор шагнасан. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Х.Намсрай та бол манай улсын дэлхийд данстай эрдэмтдийн нэг. Монголын ард түмэн танаар бахархдаг. Танд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм” хэлсэн байлаа.

2015 Г.Мэнд-Ооёо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жил, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонг яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёод хүртээсэн юм. Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн учир түүнд энэхүү шагналыг хүртээсэн юм.

Г.Мэнд-Ооёо шагнал гардахдаа “Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд, өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна” хэмээсэн юм.

2016 Г.Ариунбаатар

2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт хүртээсэн. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг гардуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан, ухаант аав ээжийн авьяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатар танд монголчуудын бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн, улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” хэмээсэн юм. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон.

2017  Н.Түвшинбаяр

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг спортын салбараас хүртсэн нь үгүй байсан. Тиймдээ ч тухайн жил Н.Түвшинбаяр гавьяатыг хүртэх байх гэсэн таамаг хамгийн өндөр байсан. Энэ нь биеллээ олж “Чингис хаан” одонг хүртэх 11 дэх эрхмээр Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тодорсон билээ. Түүнд одон хүртээх болсон талаарх хэвлэлийн хурлын үеэр ЕТГ-ын дарга асан З.Энхболд " Монгол ахуйгаас урган бойжсон, дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэж, монгол түмний сэтгэлийн хоймрыг эзэлж, магнайг тэнийлгэж явах ховор хувь заяанд төрсөн Монгол бахархал Найдангийн Түвшинбаяр Танд гүн хүндэтгэл, талархал илэрхийлье" гэж байсан.

Харин Н.Түвшинбаяр “Хүний сайн, газрын сайхан, тэнгэрийн цэлмэг Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна. Монгол хүн Олимпийн их наадамд оролцож эхэлсэн цагаас Монголын үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдын олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол Улсад минь Олимпийн анхны алтан медаль ирсэн гэж би боддог оо.  Энэ медаль Үндэсний бахархлыг сэрээж, эв нэгдлийг дагуулан ирсэнд миний хувьд туйлын их баяртай байдаг юм” хэмээж байв.

2019 “The Hu” хамтлаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ойг тохиолдуулан "The Hu" хамтлагт "Чингис хаан" одонг хүртээсэн. Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн 2016 онд үүсгэн байгуулсан тус хамтлаг Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглож, эх хэлээрээ уран бүтээлээ туурвин дэлхий дахинаа Монголын соёл урлагийг сурталчилсан тул ийнхүү шагнахаар болсон билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигтаа "Эзэнт гүрэн, өвөг дээдсийн суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийн дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хөг аялгуунд нийцүүлэн "Хүннү рок" хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж рок хөгжмийн "The Hu" хамтлагийг Монгол Улсын Төрийн дээд шагнал-тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнасугай" хэмээсэн байв.  Анх удаа хамтлаг /байгууллага/-т “Чингис хаан” одон гардуулах болсон тул жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм.

2021 Ж.Гүррагчаа

2020 онд Монгол бахархлын өдөр “Чингис хаан” одонг гардуулаагүй. Учир нь ковид-19 цар тахлын халдвар газар авч, улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор энэхүү өдрийг тэмдэглэхийг цуцалж байсан юм. Ийнхүү өнжсөний эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад хүртээсэн. Уламжлалын дагуу уг нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр олгох байсан ч гуравдугаар сарын 22-нд гардуулсан юм. Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "40 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа, ОХУ-ын иргэн В.А.Жанибеков нарын хамтарсан баг "Союз-39" хөлгөөр сансарт нисэж, гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан билээ. НҮБ-ын гишүүн 194 улсаас 36 нь сансарт иргэнээ нисгэсэн. Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь улс, Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь хүн болсон. Монгол хүн сансарт ниссэнээр манай улсад сансар судлал хөгжих эхлэлийг тавьжээ. БНМАУ, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа бол Монголчууд төдийгүй, хүн төрөлхтөний бахархал мөн. Дэлхий дахинд монголын суу билгийг алдаршуулж, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бадраасан гавьяаг үнэлж, Төрийн дээд шагнал тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонгоор түүнийг шагнаж байна" хэмээсэн юм.

2021 Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн

Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд 2021 оны тавдугаар сарын 29-нд гардуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Өнгөрсөн түүхийн туршид Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, Их эзэн Чингис хааны  ялагдашгүй цэргийн залгамж Монгол цэргийн нэр төр яруу алдрыг өндөрт өргөж, дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд эр зориг тэсвэр тэвчээр, сахилга бат, ур чадвараар манлайлан оролцож, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн, Зэвсэгт хүчний үе үеийн ажилтан, албан хаагч,  цэрэг, офицер, ахлагчдын гарамгай гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнасугай” хэмээсэн юм.

Жилд нэг л удаа Монгол бахархлын өдрөөр  олгодог энэхүү шагналыг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү дэгийг нь алдагдуулсан юм. Тэрээр гуравдугаар сарын 22-нд Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаад, тавдугаар сарын 29-нд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд гардуулсан билээ.

2022-?

2022 онд “Чингис хаан” одонг хүртэх эрхмийг Ерөнхийлөгчийн тамгын газрын маргааш зарлана. “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын Гуравдугаар зүйлийн 2-т “Чингис хаан” одонгоор шагнагдах хамтлаг, иргэн, хуулийн этгээдийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс өмнө 10 хоногийн дотор олон нийтэд зарлах ёстой хэмээн заасан билээ.

Энэ жилийн хувьд “Чингис хаан” одонг “Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайханд өгнө хэмээн яригдсан энэ нь ташаа мэдээлэл гэдгийг ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн.

Хэрвээ энэ жил “Чингис хаан” одонг цоо шинэ салбараас тодруулна гэвэл одоогоор улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан, утга зохиол, спорт, батлан хамгаалах салбараас төрөн гарч байсан.

Харин багагүй түүхтэй, хийсэн бүтээсэн нь түүхэнд тэмдэглэгдэх эрхмүүдтэй эдийн засаг, хууль зүй, хөдөө аж ахуй, анагаах ухаан, барилга, гадаад харилцаа, байгаль орчин, боловсрол, зам тээвэр, худалдаа үйлчилгээ, хүнс, уул уурхай, эрчим хүчний салбараас хараахан төрөөгүй байгаа билээ.

Жил бүрийн “Чингис хаан” одонг хүртэх эрхэмд нэрлэгддэг Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, энэ жил зодог тайлсан Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх ч мөн энэ жил яригдаж байна. Эрдэмтэн хүнд хүртээнэ гэсэн сураг ч бий.

2022 онд хэн гэдэг эрхэм энэхүү шагналын эзэн болж буйг маргааш олон нийтэд албан ёсоор зарлах юм. Гэхдээ тодруулахгүй байх ч боломжтой. Одоогоор “Чингис хаан” одонг 2007, 2008, 2018, 2020 онд олгоогүй.