Санхүүгийн зохицуулах хорооноос нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгох зөвшөөрөл авсан Голомт банк хувьцааны танилцуулгаа албан ёсоор эхлүүлж буй.
Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч, Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нийт хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг, нэгж хувьцааны үнийг 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгөөр банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, жижиг, дунд бизнесийн зээл, байгаль орчинд ээлтэй ногоон зээл болон орон сууцны зээлийн багцын хэмжээг 800 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх, цаашлаад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ирээдүйн бизнесийн тогтмол өсөлтийг бий болгох боломж бүрдэх юм.
Анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр эхлүүлэх бөгөөд хувьцааны захиалга 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын ууган арилжааны банкуудын нэг Голомт банк 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсад танигдсан нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч байр суурьтай, итгэлтэй найдвартай банк болон төлөвшиж харилцагчдадаа үзүүлж буй үйлчилгээ, хэрэгжүүлж буй бүхий л санаачилга, шийдлүүд нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэ цэнийг бүтээсээр ирсэн жишиг тогтоогч банк юм. “Дэлхийн жишиг Монголын банк” болох алсын хараан дор нэг сая гаран харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн, дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чадварлаг, мэргэжлийн баг хамт олон, орон даяарх 102 салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал: Манай улсын санхүүгийн салбарын ноён нуруу нь банкны салбар байдаг бол бусад улсад хөрөнгийн зах зээлдээ тулгуурлаж баялгийн тэгш хуваарилалтыг хийдэг. Тиймээс Голомт банк IPO хийж буй нь манай хамт олны 27 жилийн хугацаанд бүрдүүлсэн баялгаа иргэдтэйгээ хуваалцах боломж төдийгүй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх түүхэн үйл явц юм. Голомт банкны цэвэр ашиг энэ оны III улиралд 78 тэрбум төгрөгт хүрсэн нь 2021 оны цэвэр ашгаас гурав дахин өссөн дүн. Бид Нээлттэй банк стратегийг хэрэгжүүлж, IPO хийн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээр 2026 он гэхэд нийт олгох зээлийн хэмжээ 5.8 их наяд төгрөгт хүрч, цэвэр ашиг 209 тэрбум төгрөг болох тооцоо гараад байна.
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ: Өнгөрсөн 10 жилд Монгол Улсын банкны салбарын нийт актив хөрөнгө 6.2 их наяд төгрөгөөс 41 их наяд төгрөгт хүрч 6.6 дахин өссөн. Цаашид ч энэ хурдацтай өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.
Голомт банкны Аудит хариуцсан захирал А.Одонбаатар: Голомт банк нь Дотоод аудитын үйл ажиллагаандаа Хөндлөнгийн чанарын үнэлгээг хийлгэж, ОУ-ын стандартад бүрэн нийцсэнийг баталгаажуулсан Монгол Улсын цор ганц банк юм.
Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг: Голомт банк дижитал шилжилтээрээ салбартаа тэргүүлдэг. Гэхдээ энэ нь бидний гол зорилго биш юм. Бид иргэдээ дижитал иргэн болгох, дижитал үндэстэнг хамтран цогцлоох замаар улс орныхоо хөгжилд хувь нэмэрээ оруулахыг зорьдог. Нээлттэй банк нь үүнд том жишиг тогтооно.
