
Таван жилийн өмнө суэцийн сувагт тэгнэж дэлхийн худалдааны урсгалыг зургаан өдрөөр тасалдуулсан чингэлэг тээвэрлэгч даяарчлалын эринд далайн усан гарц эдийн засгийн “амь судас” болсныг бодитоор харуулсан.
Өнөөдөр ч Ираны дайны дүйвээнд Ормузын хоолойгоор дамжих газрын тос тээвэрлэлт зогссон нь дэлхий нийтээр эрчим хүчний хямрал дагууллаа. Даяарчлалын худалдаа арилжаа бараг бүхэлдээ далайгаар дамждаг.

Далай тэнгис хаяа хязгааргүй мэт уудам санагдах ч тив, эргийг холбох усан замуудын ихэнх нь мөчид нарийхан, байгалийн хийгээд улс төрийн хувьд нэн эмзэг бүсэд оршино. Усан зам хэсэг зуур хаагдахад үр дагавар нь тухайн бүс нутгаар тогтохгүй дэлхий даяар тархах магадлалтайг Ормузын жишээ бэлхнээ харууллаа.
Байгалийн жамаар бүрдсэн далайн хоолой, хүний гараар бүтээгдсэн сувгийг оролцуулаад хөдөлгөөн нь саарч, тээврийн урсгал хаагдсан тохиолдолд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөх долоон эмзэг цэг бий.

Персийн булангаас Энэтхэгийн далай руу хөтөлдөг усан зам нь 167 километр урт, 39-96 км өргөнтэй. Далайн замаар тээвэрлэдэг газрын тосны 20 хувь, шингэрүүлсэн хийн 35 хувь дамжин өнгөрдөг тус хоолойгоор Саудын Араб, Кувейт, Ирак, Катар зэрэг зонхилох экспортлогчид нефтиэ дэлхийн зах зээлд гаргаж байна. Ялангуяа Ираны тээг саад тавиад байгаа хэсэгт хоолой илүү нарийсдаг тул 3 км орчим зурвасаар зорчих дүрэмтэй усан онгоцны хөдөлгөөнийг хянахад нэн хялбар. Техран ч газарзүйн ашигтай байрлалаа геополитикийн зэвсэг болгон ашиглаж байгаа нь анхны тохиолдол биш. 1980-1988 оны ИранИракийн дайны үеэр талууд Ормузын хоолойгоор зорчих газрын тосны экспортыг тасалдуулсанаар дэлхийн зах зээлд үнэ өсөж байв. Ер нь Иран хийгээд өрнөдийн зөрчил хурцдах бүрт энэ бүс дэлхийн анхаарлын төвд ордог.

Энэтхэгийн далайг Өмнөд Хятадын тэнгис болон Номхон далайтай холбох 900 км урт хоолойгоор дэлхийн худалдааны 40 орчим хувийг тээвэрлэдэг хамгийн ачаалалтай усан зам. Ойрхи Дорнодоос Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг эрчим хүчний хэрэглээ өндөртэй орнууд руу түүхий нефть, байгалийн хий тээвэрлэдэг энэхүү дөт замаар өдөрт 23.2 сая баррель тээвэрлэдэг нь Ормузаас ч давах үзүүлэлт аж. Жилдээ 100 000 гаруй хөлөг дамжин өнгөрдөг ч Сингапурын хэсэгт хоолой нь ердөө 2.7 километр өргөн тул байгалийн саад тотгор үүсэх эсвэл зэвсэгт мөргөлдөөн тэмцэл гарсан тохиололд газрын тос далайн усанд асгарах өндөр эрсдэлтэй. Хэрэв Малакка хаагдвал танкерууд илүү тойруу зам сонгох шаардлагатай болж тээврийн хугацаа хэдэн долоо хоногоор нэмэгдэн Азид бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд хүргэнэ.
Үүний зэрэгцээ Малакка олон жилийн турш далайн дээрмийн бай болсоор ирсэн. Өнгөрсөн жил гэхэд л усан онгоц руу халдсан 104 удаагийн тохиолдол бүртгэгдсэн ч энэ оны эхний улиралд буурсан тухай бүс нутгийн Засгийн газрууд хамтран далайн дээрэмтэй тэмцэх зорилгоор байгуулсан ReCAAP нэгдэл мэдээлжээ.
Ормузын хямралаас улбаалж Малаккаг гатлах замыг мөнгөжүүлэн хөлөг онгоцонд өндөр татвар ногдуулж болох юм гэсэн санаа Зүүн Азийн зарим улстөрчөөс цухалзах болсон. Өнөөхөндөө Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан хоолойн дагуух улсууд усан замыг нээлттэй байлгах стратегийн ашиг сонирхлоо хадгална хэмээн амалсан бол Малайзын Гадаад хэргийн сайд Мохамад Хасан хоолойн талаар нэг талын шийдвэр гаргах боломжгүй хэмээв. Ойрхи Дорнод, Африкаас импортолдог түүхий газрын тосны 80 хувь дамждаг болохоор Хятадын хувьд Малакка хоолой стратегийн чухал түшиц. Хоолой дагуух улсуудын эв түнжин муудвал Хятад шууд оролцохыг үгүйсгэх аргагүй юм.

Европ, Азийг холбох усан сувгийг хүний гараар бүтээснээр хоёр зууны өмнө Африкийг тойрч гардаг байсан хөлөг онгоцны аяллын хугацааг 8900 км-ээр бууруулсан. Египетийн Засгийн газар 2014 онд сувгийг өргөтгөж, өдөрт усан замаар ашиглах боломжтой хөлөг онгоцны тоог бараг хоёр дахин нэмэгдүүлж, 49-өөс 97 болгосон. Өнгөрсөн жилийн тооцоогоор дэлхийн худалдааны эргэлтийн 12 орчим хувь нь Суэцээр дамжин өнгөрчээ.
Дэлхийн II дайны дараах Их Британитай үл ойлголцол, 1973 оны Араб-Израилийн дайн үеэр суваг хаагдаж байсан ч ойрмог түүх болох Арабын хавар хувьсгал, эдүгээ Ойрхи Дорнодод өрнөж буй мөргөлдөөн төдийлөн нөлөөлсөнгүй. Харин ч механик хүчин зүйлээс үүдэлтэй саатал Египетийн орлогыг тасалдуулж байв. Сүүлийн жишээгээр 2021 онд “Ever Given” чингэлэг тээвэрлэгч нүсэр хөлөг сувагт гацахдаа 900 сая ам.долларын алдагдал учруулсан байдаг.

Улаан тэнгисийг Аденийн булантай холбон улмаар Энэтхэгийн далайгаар газрын тос, байгалийн хий тээвэрлэх гол зам болдог Баб-эль-Мандебын хоолой Малаккатай нэгэн адил далайн дээрмийн халдлагад өртөх эрсдэл өндөртэй бүс. Африкийн эвэрт орших улсууд цэргийн хүч хавсран Адены булангаар эргэлдэх дээрмийн жижиг бүлгүүдээ эмхэлж дөнгөсөн ч Йемений хусит босогчдын өөдөөс гар мухарддаг. Иргэний дайнаас мэндэлсэн хуситууд Улаан тэнгисээр зорчих хөдөлгөөнийг саатуулж Персийн булангаас Европ, АНУ, Ази руу чиглэсэн газрын тосны тээврийг тасалдуулсныхаа шанг үе үе хүртэн Америк болон холбоотны хүчний агаарын цохилтод өртөмтгий. 2024 онд дэлхийн худалдаанд 200 тэрбум орчим ам.долларын хохирол учруулсан тэдний халдлага дайралтын улмаас Африк болон Арабын хойгийг тусгаарладаг Улаан тэнгисээр дамждаг худалдааны зам хаагдан дэлхийн усан тээврийн зардал 5 дахин өсжээ.
Геополитикийн хувьд нэн тогтворгүй улсуудын дундуур урсах уг хоолойгоор өдөрт 6.2 сая баррель түүхий нефть тээвэрлэж байна. Иран, Америкийн хэлэлцээ мухардан Ормузын хоолой нээгдэх горь тасарч буй эдгээр өдрүүдэд хуситийн удирдагч Хуссейн аль-Эззи ч барьцаа ахиулан Баб альМандеб хоолойг хааж магадгүй хэмээн заналхийлэх боллоо.

Инженерийн бүтээн байгуулалтын гайхамшигт тооцогддог Панамын суваг нь Америк тив болон АзиЕвропын худалдааны гол гарц. Тогтвортой ажиллагаа нь олон улсын эдийн засагт шууд нөлөөлдөг суваг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хомсдолтой нүүр тулсан нь дэлхийн худалдааны хурдад нөлөөлж буй. Учир нь усны түвшин буурах үед сувгаар нэвтрэх хөлгийн тоо хязгаарлагдаж, урт дараалал үүсдэг. Геополитикийн хувьд харьцангуй эрсдэл багатай ч АНУ-ын хөлөг онгоцнуудаас дэндүү өндөр төлбөр авдаг гэх шалтгаанаар Ерөнхийлөгч Дональд Трамп Панамын сувагт цэргийн аргаар хяналтаа тогтоохоор заналхийлсэн удаатай. Сувгийг анх америк инженерүүд байгуулж, газар нутгийг нь олон арван жилийн турш хяналтдаа байлгасан түүхтэй ч 1999 онд Панам улсад бүрэн шилжүүлсэн юм.
Панамаар жилд 14 000 хөлөг онгоц нэвтэрдэг нь дэлхийн далайн худалдааны 2.5 хувийг бүрдүүлдэг аж.

АНУ, Хятадын харилцаанд санал зөрөлдөх гол шалтгаан болдог Тайваний хоолойн энхжин өдгөө зөвхөн газарзүйн байрлал бус технологийн өрсөлдөөний асуудал болж хувирсан. Арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг БНХАУ-ын талаас хоолойгоор нисэх онгоц, тэнгисийн цэргийн хөлгүүд тогтмол илгээж, цэргийн дарамт шахалт үзүүлдэг бол Тайвань батлан хамгаалахын салбараа чадавхжуулахын тулд АНУын зэр зэвсгээс ихээхэн хамааралтай болж буй. Хиймэл оюун, дэвшилтэт технологийн гол бүрэлдэхүүн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр зонхилдог Тайвань арал орчимд цэргийн сургуулилалтаас зэвсэгт мөргөлдөөн биежиж ирвэл дэлхийн технологийн салбар бүхэлдээ доголдож болзошгүй. Иймээс Тайваний хоолойг XXI зууны хамгийн эмзэг стратегийн цэг хэмээн тодорхойлох болсон.

Ази, Европыг зааглан жилдээ 40 000 хөлөг онгоц нэвтрүүлдэг Босфорын хоолой нь Болгар, Гүрж, Румын, Орос болон Украины Газар дундын тэнгис рүү гарах ганц зам. Эрт цагаас “Хар тэнгисийн багалзуур” хэмээх хоч зүүсэн хоолойгоор үр тариа, нефть, металл зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүнийн урсгал тасралтгүй хөвөх учиртай тул аливаа саатал дэлхийн хүнсний зах зээлд шууд нөлөөлнө. Ялангуяа Орос-Украины мөргөлдөөний үед энэ бүсийн ач холбогдол улам тодорч буй. Босфорын хоолой шууд мөргөлдөөн тэмцлээс ангид нутагт байрладаг ч байгалийн тогтоцын хувьд нарийхан, хүн ам шигүү суурьшсан бүсээр дамжин өнгөрдөг тул ослын эрсдэл өндөртэй.
Ирээдүйд технологи хөгжиж, шинэ замууд нээгдэх магадлалтай ч одоогийн байдлаар эдгээр долоон бүс дэлхийн худалдааны үндсэн тулгуур хэвээр байна. Тиймээс эдгээрийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах нь зөвхөн тухайн улсын бус олон улсын хамтын хариуцлага хэвээр байх болно.