
МАН-ын гишүүдийг уурлуулсан сонгуулийн тойргийн газрын зураг батлагдлаа. Намын жагсаалтын 28 мандатыг хот, хөдөөгийн тойргуудад нэмж хуваарилахаар болсонд АН болон МАН төдийлөн санал зөрөлдөөгүй. Харин тойргийн газрын зураг буюу аль тойрог дээр мандат нэмэх, тухайн тойрогт ямар ямар засаг захиргааны нэгж, хүн амыг хамруулах вэ гэдэг шийдэл дээр ёстой л алаан болов.
Намын жагсаалтын 28 мандатыг хот, хөдөөгийн тойргуудад нэмж хуваарилахаар болсонд АН болон МАН төдийлөн санал зөрөлдөөгүй.
Монголын газар нутгийг “Манай аймаг, танай сум, бидний баг, миний жалга” гэлцэн өмчөө булаацалдаж буй мэт маргалдаж, талцан тэмцэлдэв. Хэдэн хэсэг болгож жиргэх нь ээ, янз нь. Гэвч эцэстээ гаргасан шийдвэр нь олон түмэнд нийцтэй байсангүй. Ардын хүүхдийн алаг үзсэн байдлаар мандатаа хуваарилж, тойргоо зурлаа. Нэг аймгийн зон олныг гомдоож, нөгөө аймгийн сонгогчдод ая тал засч “Ах аа, намайг бодоорой” гэдэг шиг амин хувиа бодсон байдлаар хандав.
Хүн ам нь адил тэнцүү хоёр аймагт адилгүй мандат хуваарилсан нь сонгогчоо алаг үзсэн явдал гэж харагдаж байгаа тухай амтай бүхэн ярьж байна. Аргагүй юм. Нэг аймаг нь нэг мандаттай, нөгөө аймгийг нь гурван мандаттай байхаар хуваарилсанд ямар ч эрүүл тайлбар олдохгүй байгаа юм. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Чингис хааны нутаг учраас Хэнтийд гурван мандат хуваарилж байгаа юм” гэсэн хачин тайлбар өгөөд сууж байх вэ дээ. Яг ямар зарчим барьж сонгуулийн мандатаа хуваарилсан юм бэ гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын асуугаад байдаг нь ч аргагүй юм. Хүн амаа жишсэн юм уу, засаг захиргааны нэгжээ харсан уу, эсвэл хэн тухайн тойрогт очиж дэвшээд хэдээр гарч ирэх вэ гэдгийг гол зарчмаа болгосон юм уу гэдгийг тодруулах шаардлага байсан.
Уг нь тойрог хуваарилахад хоёрхон шалгуур бий. Хүн амын тоо, засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн хэмжээ.Тэгвэл Булган аймаг 61138 хүнтэй. Өмнөговь аймаг 60872 хүнтэй. Эндээс Булган аймаг хүн амын тоогоороо илүү гэж харагдаж байна. Засаг захиргааны нэгжээр бол Булган аймаг 16 сумтай, Өмнөговь аймаг 15 сумтай. Сонгогчдын тоогоороо Булган 39115, Өмнөговь 34067 сонгогчтой. Гэтэл Булган аймаг нэг мандаттай, Өмнөговь аймаг хоёр мандаттайгаар баталжээ. Өөрөөр хэлбэл, Булганы хоёр сонгогч Өмнөговийн нэг сонгогчтой тэнцэнэ гэдгийг баталгаажуулаад хуульчилчихсантай адил шийдвэрийг гаргалаа.
Булганы хоёр сонгогч Өмнөговийн нэг сонгогчтой тэнцэнэ гэдгийг баталгаажуулаад хуульчилчихсантай адил шийдвэрийг гаргалаа.
Үүнийг эсрэг талаас нь мөн тайлбарлаад үзье. Булганаас сонгогдох УИХ-ын гишүүн 40 мянган хүнийг төлөөлж байгаа бол Хэнтийгээс сонгогдсон гишүүн түүнээс гурав дахин бага буюу 14 мянган хүнийг төлөөлнө. Уг нь сонгогч хаана амьдарч байгаагаас хамаарахгүйгээр адил эрх эдлэх учиртай биш бил үү. Тиймдээ ч сонгогчийн эрхийг ноцтой зөрчсөн энэ үйлдэл нь Цэц дээр унах вий гэсэн хүлээлтийг бий болгоод байна. Засаг захиргааны нэгжийг баримтлал болгож байна гээд зарим аймгийн төвийг нэг тойрог болгоод баталчихсан ч явдал байгаа юм. Гэтэл аймгийн төвийг сум гэж нэрлэдэг болсон байх аа, бид. Дорнод аймгийн төвийг Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн төвийг Баруун-Урт сум гэдэг. Тэгвэл бид УИХ-ын гишүүн биш сумын депутат сонгох гэж байгаатай адил байдлаар тойргоо хуваарилсан гэсэн үг болоод байна.
Нөгөөтэйгүүр, газар нутгийн хэмжээг харгалзан тойргоо хуваарилах нэг зарчим бий. Үнэндээ энэ зарчмыг ч баримталсангүй. Үүнд ганцхан жишээ татъя. Говь-Алтай аймаг 56209 хүн амтай. Тэдний 35735 нь сонгуулийн насны иргэн байдаг. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсад хоёрдугаарт ордог. Засаг захиргааны 90 гаруй нэгжтэй, зарим сум нь 360 км хүртэл алслагдсан, иргэд сонгогчид нь тархай амьдардаг, хөгжлийн хувьд хоцрогдсон бүс гэгддэг. Гэтэл энэ аймагт ганц мандат олгохоор шийдвэрлэжээ. Говь-Алтай аймгаас газар нутгийн хэмжээгээр бага, засаг захиргааны цөөхөн нэгжтэй аймгуудад 2-3 мандат олгосон атлаа шүү дээ. Тус аймагт хэзээнээсээ хоёр мандат оногддог байсан. Ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойшх энэ жишгийг зөрчиж ганцхан тойрог хуваарилсан нь цаанаа тун шогийн шалтгаантай гэж дуулдаж байна. Юу гэнэ үү, Говь-Алтай аймаг улаан тойрог учраас гэнэ. Улаан гэдэг нь дандаа МАН-ыг сонгодог учраас илүү мандат нэмж өгөх нь өрсөлдөгч МАН-даа нэг суудал нэмж бэлэглэсэнтэй адил гэж эрх баригчид үзсэн бололтой юм.
Цэнхэр, улаанаар ялгасан байдлаар сонгуулийн газрын зургаа зурахад л ялалт байгуулах магадлал өснө гэж тооцож.
Ер нь мажоритар тогтолцоог сонгосон шалтгаан нь бараг энэ юм даг уу даа. Цэнхэр, улаанаар ялгасан байдлаар сонгуулийн газрын зургаа зурахад л ялалт байгуулах магадлал өснө гэж тооцож. Тэр ч ёсоороо тойрог хуваахдаа өөртөө ээлтэй хэсгийг сонгож, энд л манай нам тугаа зооно гэж газрын зургийг хүссэнээрээ өөрчлөн зурсан ажээ. 1996 онд “Базарсадын гутал”, ”Зэнээгийн зааны хошуу” хэмээн сонгуулийн тойргийн марзан газрын зураг гарч байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Базарсадыг дэмжих магадлалтай сумдыг түүгээд нэг тойрог болгочихсон чинь тэр нь гутлын хэлбэр үүсгэсэн юм байх. Харин Зэнээгийн олон санал авах боломжтой газруудыг холбоод нэг тойрог болготол зааны хошуу шиг урт, мушгирсан хэлбэр гарч л дээ. Энэ мэхийг ингэж хэрэглэж байсан туршлага бий учраас үүнийгээ 20 жилийн дараа дахин хэрэгжүүлэхээр санаа сэдсэн нь энэ бололтой. Гэхдээ энэ удаа үүнийгээ бүр улаан цагаан, бүр ил тод хийсэн байна. Тухайлбал, тойргийн газрын зургийг зурахдаа сум сум алгасаад зурчихсан жишээ олон байна.
Тэр тойрогт хэн нэр дэвшихээс хамаарч, түүнд зориулж сонгуулийн тойрог зурсан гэсэн үг л дээ. Хөдөө орон нутгийн сонгогчдод нэг онцлог байдаг аж. Нэр дэвшигч тухайн суманд ямар нэг сэжүүрээр холбоотой байвал дэмжих хандлага илүү. Энэ миний ээжийн төрсөн сум, аавын төрсөн сум, арван жилээ төгссөн сум, хэсэг зуур амьдарч байсан сум гэж тал тохой татах байдлаар сонгогчдынх нь саналыг авч болдог. Харин хотод бол тийм боломжгүй. Баянгол дүүрэгт нэр дэвшигч нь гуравдугаар хороололд амьдарч байсан гэдгээрээ сонгогчдын саналыг татаж чадахгүй. Ийм ялгаан дээр улстөрчид илүү төвлөрсөн бололтой. Ийм шалтгаанаар тухайн нэр дэвшигчийнхээ хамааралтай сумдыг нэг тойрог болгохын тулд зарим сумдыг алгасаад, үхрийн бөөр шиг алаг тарлан хуваарилжээ.
Тэр тойрогт хэн нэр дэвшихээс хамаарч, түүнд зориулж сонгуулийн тойрог зурсан гэсэн үг.
Улаанбаатар хотын дагуул гурван том хот Налайх, Багануур, Багахайнгайг гурван дүүргийн тойрог дотор оруулж хуваагаад тавьчихсан нь ч үүний тод жишээ. Налайх дүүрэг Сүхбаатар дүүрэг рүү, Багахангай Чингэлтэй рүү, Багануур Хан-Уул дүүрэг рүү хуваагдаж орохоор болсон. Уг нь эдгээр дүүргийг 70 мянган хүн амтай гэдэг үзүүлэлтээр нэг тойрог болгоод хуваарилчихсан СЕХ-ны саналыг өрсөлдөгч намдаа нэг суудал алдах магадлал өндөр гэж тооцоод, эдгээрийг салгасан байх магадлалтай. Улаанбаатар хотын дундаж нэг тойрогт 48 мянган хүнтэй байна гэсэн тооцоо Сонгуулийн ерөнхий хороо хийсэн байгаа. Гэтэл бараг хоёр тойрог байхаар хэмжээний нийслэлийн дагуул хотуудыг нэг тойрог болгож зурсангүй нь цаанаа ямар нэг шалтгаантай гэж хардах хүмүүс их байна.
Эцэст нь дүгнэхэд, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын захиалга гүйцэтгэлээ гэх дүгнэлт их гарах болов. Тэр тусмаа тойрог, мандатын тоог тогтоохдоо эрх баригч, дарга нарын захиалгаар санал оруулж ирж баталсан гэдэг шүүмжлэл өртөөд байна. Хамгийн тод жишээ нь, Хэнтий аймгийг гурван тойрогтой болгоё гээд санал оруулж ирээд, түүнийг нь УИХ олонхиороо түрий бариад баталчихлаа гэх. Энэ нь АН-ын УИХ дахь бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын захиалга. Өөрөө ч үүнийгээ үгүйсгээгүй. “Би Чингис хааны төрсөн нутаг болох Хэнтий аймагтаа нэг тойрог нэмж хуваарилсан юм. Яагаад болдоггүй юм” гэх утгагүй үгийг тэр чуулган дээр хэлсэн. Адал балмад тань арай л дэндлээ гэж сөрөг хүчнийхэн хэчнээн хашгираад ч тусыг ололгүй, тойргийн газрын зургийг юутай ч тэд өөрсдийнхөөрөө баталж чадлаа.
Ард түмнээ араас төрсөн, өврөөс төрсөн гэж ялгаварлаад зогсохгүй, газар нутгаа улаан цэнхэрээр тэмдэглэсэн тэдний газрын зураг дээр сонгууль өрнөх нь тодорхой боллоо. Нэг л үг санаанд бууж байна. “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахайнууд илүү тэгш эрхтэй”.