Цэнхэр гарагийн хүн зон найман тэрбумд хүрч, статистик мэдээ шинэ агуулгаар баяжлаа. Тэгвэл 4.5 тэрбум жилийн настай дэлхий ертөнцөд хүний ул мөр илэрсэн нь ердөө 200 мянганаар хэмжигдэнэ. Хүн төрөлхтөн нэг тэрбум хүртэл өсөхөд хэдэн мянган жил шаардагдсан бол сүүлийн 200 жилд бид долоон тэрбумаар бүл нэмжээ. НҮБ-аас гаргасан төсөөллөөр дэлхийн оршин суугчдын тоо 2030 онд 8.5 тэрбумд хүрэх бол 2080 онд 10 тэрбум даван оргилдоо хүрч,  2100 онд шинэ зуунтай золготол өсөлт хэвээр хадгалагдах аж.

Хойшид дэлхийн өнөр бүлийг тэжээн тэтгэх байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, ажиллах хүчний тэнцвэрийг хадгалах, хүйсийн тэгш бус байдал, хөрс ус агаарын бохирдол, цар тахал, байгалийн гамшиг ослоос сэргийлэх зэрэг үй түмэн асуудал шийдлээ хүлээж буй.

Эхлээд тоо

Дэлхийн хүн амын талаарх анхны тооцооллыг 1682 онд Английн эрдэмтэн Уильям Петти гаргаж, 320 сая гэж багцаалж байв. Гэвч орчин үеийн тооцоогоор тухайн үед дэлхийн оршин суугчдын тоо бараг хоёр дахин их байсан гэж үздэг. Ер нь бол 1300-аад онд дэлхийг нөмөрсөн их өлсгөлөн, хар үхэл тахлын дараа хүн ам тасралтгүй өссөөр ирсэн аж. XVIII зууны эхээр нэг тэрбум хүрч, үйлдвэржилтийн хувьсгалаас хойш хүний дундаж наслалт нэмэгдлээ. Анагаах ухааны үр шимээр халдварт өвчний тархалтаас гэтэлж, газар тариалангийн хувьсгалаар хөдөө аж ахуйн бүтээмж үлэмж нэмэгдсэн нь хүн амын өсөлтөд түлхэц өгчээ.

XX зууны эхэн үеэс эдийн засгийн хөгжил, нийгмийн эрүүл мэндийн байдал нь сайжирсан хөгжиж буй орнууд өдгөө хүн амын өсөлтөөр түрж буй. Хятадын хүн ам 1850 онд ойролцоогоор 430 сая байсан бол 1953 онд 580 сая болж өссөн бөгөөд одоо 1.4 тэрбумаас даван нэгдүгээрт бичигдэж байна. Тэгвэл 2023он гэхэд Энэтхэг улс Хятадыг гүйцэн, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно.

Ерөнхий зургаараа хүн амын тоо нэмэгдэж буй ч 2015 оноос өсөлтийн хурд саарч 1.1 хувиар хэмжигдэх болсон. Тэгвэл жилд 1.8 хувиар өссөн хамгийн өндөр үзүүлэлт 1955-1975 онуудад тохиож, 1965-1970 оны хооронд бүр 2.1 хувьд хүрч байлаа.

Өнөөдөр 65 буюу түүнээс дээш насныхан хүн амын 10 хувийг эзэлж байгаа бол 2050 он гэхэд 16 хувь болж өсөх төлөв гарчээ. Тухайн үед өндөр настнуудын тоо 5-аас доош насны хүүхдийн тооноос хоёр дахин их болж хүн төрөлхтөн хөгширч эхэлнэ гэдгийг хүн ам зүйчид анхаарууллаа.

Хүн амын өсөлтийг урьдын цаг үетэй адил хяналтгүй орхих боломжгүй цаг үед бид амьдарч байна. Хэрэв бид асуудлыг тоохгүй өнгөрөөх аваас байгаль бидний өмнөөс үүнийг зохицуулах болно.

Түүнчлэн төрөлтийн түвшин болон дундаж наслалтад асар их өөрчлөлт гарчээ. ХХ зууны 70-аад оны эхээр эмэгтэйчүүд дунджаар 4-5 хүүхэд төрүүлдэг байсан бол 2015 оноос төрөлтийн түвшин буурч нэг эмэгтэй амьдралынхаа туршид 2-3 хүүхэд төрүүлэх болжээ. 2019 онд дэлхийн хүн амын дундаж наслалт 72.8 байсан нь 1990 оныхоос бараг 9 насаар нэмэгдсэн ч 2021 онд 71 нас болж буурахад цар тахлын дэгдэлт нөлөөлсөн юм. Яваандаа 2050 он гэхэд дэлхийн хүн амын дундаж наслалт 72.6-77.1 болно.

НҮБ-ын хүн амын сангийн тооцооллоор XXI зууны дунд үе гэхэд хүн амын эрчимтэй өсөлтийн голомт нь Африк тив болж Конго, Египет, Этиоп, Нигери, Танзанийн тоон үзүүлэлт жин дарна. Үүний зэрэгцээ Энэтхэг, Пакистан, Филиппин зэрэг Азийн орнуудад ч өсөлт хадгалагдана.

Харин Европ, Хойд Америк, Латин Америк, Карибын тэнгис, Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Төв болон Өмнөд Азийн орнуудын хүн ам дээд хязгаартаа хүрч, 2100 он хүртэл буурах хандлагатай байна.

Хүн нэмбэл хүнс нэмнэ

30 жилийн дараа есөн тэрбум хүнтэй болно гэж төсөөлөхөд тэр хэрээр хоол хүнс, ундны ус, эрчим хүч шаардана. Дэлхий томрохгүй нь ойлгомжтой. Бөмбөрцгийн орон зай хязгаарлагдмал хийгээд амьдрал тэтгэх нөөц ч хэмжээтэй. Гэтэл хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг тогтвортой хангаж, өдөртөө ядаж ганц удаа халуун хоолтой залгуулахын тулд өнөөгийн хүнс үйлдвэрлэлийг даруй 70 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Ирэх арван жилд зөвхөн махны хэрэглээ 70 хувиар өснө гэж багцаалахад хүлэмжийн хий бууруулах нэрийдлээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мал махнаас татгалзах ямар ч боломжгүй юм. Ердөө 12 зүйлийн ургамал, таван төрлийн амьтан дэлхийн хүнсний 75 хувийг бүрдүүлдэг. Манай гараг дээр ургадаг 350 000 төрөл зүйл ургамлын 30 мянгыг нь л хүнсэнд хэрэглэж болно. Цаашлаад ургамлаас авч болох илчлэг, уургийн 60 хувийг будаа, эрдэнэ шиш, улаан буудай гэсэн гуравхан төрлийн үр тарианаас авах боломжтой. Тэдгээрийг тарьж ургуулах, арвин ургац авахын тулд нийлэг бордоо, пестицидээр үржил шимийг дэмжихээс аргагүй. Энэ мэтчилэн даян дэлхийн хүнсний хэрэгцээ өсөхийн хэрээр хөдөө аж ахуйн салбарын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө улам бүр хурцдах нь тодорхой.

Хүнсний байнгын эх үүсвэртэй болохын тулд ургамал тариалж, малыг гаршуулахаа аргаа олсноор бэлчээр тэлэх болсоор хүн төрөлхтөн хэдийн 1.1 тэрбум га ойгоо сүйтгээд буй. Үүнээс 100 сая га нь ердөө сүүлийн 20 жилийн “үр дүн” ажээ. Дэлхий даяарх нийт цэнгэг усны 70 орчим хувь нь газар тариалан, мал аж ахуйн салбарт ашиглагддаг гээд бодохоор хүн амын хэт өсөлт түгшүүр дагуулна. Гэтэл энэ дэлхий ертөнц зөвхөн хүмүүст зориулагдаагүй билээ. Харвардын биологич Э.О.Вилсоны тооцоолсноор жилд 30,000 зүйлийн амьтан, ургамал зөвхөн хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж устан үгүй болж буй. Байгалийн суурь үзүүлэлттэй харьцуулж үзэхэд үүнийг хүн төрөлхтний түүхэнд байгаагүй их хядлага гэж нэрлэж болохоор аж.

Ерөөс манай гарагийн нийт хуурай газрын 40 хувь нь хүний хүнсний хэрэгцээнд зориулан өөрчлөгдсөн бөгөөд 1700 онд энэ тоо дөнгөж 7 хувь байсан билээ. Тэгвэл ирээдүйд хүнсний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн улмаас байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг хэрхэн бууруулах вэ? Хөдөө аж ахуй, байгаль орчны талаарх олон тооны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа НҮБ-аас дэлхийн хүнсний асуудалд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх дараах алхамуудыг санал болгосон юм. Юуны түрүүнд ойн баялгийг хадгалж, 2030 оноос мод тайрахаа зогсоохоор дэлхийн удирдагчид нэгэнт тохиролцоонд хүрсэн. Удаад нь хөдөө аж ахуйн фермерүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхэд дэлхийн нийтээр анхаарал хандуулж эхэллээ. Ялангуяа Африк, Латин Америк, Зүүн Европт байгальд ээлтэй өндөр технологиор ургацын хэмжээг нэмэгдүүлж чадна гэж тооцоолж буй. Цаашлаад газар тариалан, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нөөцийг илүү үр дүнтэй ашиглах, хог хаягдлаа бууруулах зайлшгүй шаардлагатай. Дэлхий дээр жилд 1.3 тэрбум тонн буюу нийт үр тарианы гарцтай ижил хэмжээний хүнс хэнд ч хэрэглэгдэхгүйгээр хаягддаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл нийт хүнс тэжээлийн гуравны нэг нь үйлдвэрлэл, борлуулалтын үе шатууд болон хэрэглэгчдийн гар дээрээс хогийн цэгт очдог гэсэн үг. Хөгжиж буй орнуудын хувьд юун түрүүнд дэд бүтцээ сайжруулан, хүнс тээвэрлэлтийн зөв горим, хөргөлтийн систем бүхий зориулалтын агуулах, зоорь, хортон шавьжтай тэмцэх замаар хүнсээ хэмнэх боломжтой аж. Ядаж л хаяж буй хүнснийхээ дөрөвний нэгийг нь хэмнэж чадвал дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдээд буй 800 сая хүнийг хооллож дөнгөнө. Хүмүүс бид түүхийнхээ аль ч хугацаанд илүү их газар нутгийг эрхшээх, илүү их нөөц баялгийг ашиглах гэсэн хүсэл шуналдаа захирагдсаар ирсэн болохоор эдгээр шийдлүүдийг шууд хэрэгжүүлэх мэдээж амаргүй, нийгмийн сэтгэлгээний томоохон өөрчлөлт шаардах биз. Энэтхэгийн соён гэгээрүүлэгч Махатма Гандийн хэлснээр дэлхий дээр хүн бүрийн хэрэгцээг хангахуйц нөөц бий ч бүх нийтийн шуналыг гүйцэлдүүлэх боломжгүй юм.

Өнөөдрийн тавгаа дүүрэн байлгах, ирээдүйн дэлхийгээ тэжээх хоёрын тэнцвэрийг олох цаг мөч яг энэ үед тохиож байна.

Хөгширч буй хүн төрөлхтөн

Дэлхийн хүн амд тулгамдаж буй өөр нэгэн таагүй үзүүлэлт бол насжилт. Дээр өгүүлсэнчлэн 2018 онд 65-аас дээш насны хүн амын тоо 5-аас доош насны хүүхдүүдийн тооноос анх удаа давлаа. Ажиллах насны хүн амаас өндөр настны тоо илүү байх нь эдийн засагт яав ч таатай нөлөө үзүүлэхгүй. 2050 он гэхэд Европ, Хойд Америкийн дөрвөн хүн тутмын нэг нь 65 болон түүнээс дээш настай байх төлөвтэй байна. Дэлхий даяар төрөлт нөхөн үржих боломжоос хэт доогуур түвшинд хүртэл багассан нь хүн амын насжилт нэмэгдэх үндсэн шалтгаан.

Эрчимтэй хөгжиж буй, өдгөө хүн амын өсөлтөөр ч дэлхийд толгой цохиж яваа Хятад, Бразил, Энэтхэг зэрэг орнууд бүр ч том асуудалтай тулгарна. Хүн амын хурдацтай өсөлтийн явцад залуу үеийнхэн давамгайлж эхлэх ч тэд хөгшрөх цагт төрөлт буурч, ажиллах хүчний хомсдолд орох юм. Тэр цагт хэдэн зуун саяар тоологдох өндөр настнуудаа тэжээж дийлэх эсэх нь туйлын эргэлзээтэй аж.

Монгол Улсын хувьд 1960-1980-аад оны “их төрөлт”-ийн үеийнхэн 2020 оноос эхлэн тэтгэврийн насанд шилжиж ахмад настны хүн ам зүйн ачаалал нэмэгдэж эхэллээ. Улмаар 2040 он гэхэд ажил хийж буй арван хүн найман хүний тэтгэвэр төлдөг болно. Арав хүрэхгүй жилийн дотор манай хүн ам дөрвөн саяд хүрэх төлөвтэй байгаа ч бодлогын ямар нэгэн ажил хэрэгжүүлэхгүйгээр цаашид энэ хэвээр үргэлжилбэл 2030-2050 он гэхэд хүн амын жилийн дундаж өсөлт 0.6-0.1 хувь болж буурах магадлалтай.

Өнгөрсөн арван жилд тохиосон хүн амын өсөлт зөвхөн ядуу буурай орнууд тэр дундаа Африк тивд төвлөрч буй нь анхаарал татна.Хөгжингүй хийгээд хөгжиж буй улс орны эмэгтэйчүүд сайн боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхлэхийн хэрээр нөхөн  үржихүйн асуудал орхигдож төрөлт эрс буурсан. Ялангуяа Япон, Испани тэргүүтэй 23 улс 2100 он гэхэд одоо байгаагаасаа хоёр дахин бага хүн амтай болсон байх аж. Өмнө нь ихэвчлэн дайн, өлсгөлөнгийн үед л төрөлт ингэтлээ буурч байлаа.

1991 онд 2.28 тэрбум хүн байнгын ажил хөдөлмөр эрхэлж байсан бол 2022 онд 3.32 тэрбумд хүрсэн. Дэлхийн ажиллах хүчний 1/3 нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажилладаг. Ажиллах хүчний 43 % эмэгтэйчүүд.

Нөгөө талд ядуу буурай орны 222 сая орчим эмэгтэйчүүд өөрсдийн бие махбодь, нөхөн үржихүйн үйл ажиллагааг хянах чадваргүй нөхцөлд аж төрдөг. НҮБ-ын Хүн амын сангийн (UNFPA) “Дэлхийн хүн амын байдал 2022” тайланд өгүүлснээр нийт жирэмслэлтийн тал орчим нь төлөвлөөгүй жирэмслэлт бөгөөд тэдний талаас илүү хувь нь хууль эрх зүйн нөхцөл байдлаас үл хамааран үр хөндөлтөөр төгсдөг аж.

Гэтэл зарим улс оронд хүн амын тоо буурахаас сэргийлж үр хөндөх эрхийг хуулиар хязгаарлаж эхэллээ. Бүр сургуулийн сургалтын хөтөлбөрт бэлгийн боловсрол олгохыг хориглож, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдалд харшлах жендэрийн хэвшмэл ойлголтыг сурталчилж буй ч тохиолдол бий. Аливаа улс орны хүн ам зүйн байдал ямар ч байсан хүний ​​үндсэн эрхийг дордуулсан хүн амын бодлогыг зөвтгөх боломжгүй юм.

Энэ мэтчилэн дэлхий хэмээх их айлын ачаа тэнг тааруулахын тулд 8 тэрбум гэх цифрээс цаадахыг харж хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн нэг бүрийг чадавхжуулах сорилтын өмнө тулж ирлээ. Ялангуяа цар тахлын дараах эдийн засаг нийгмийн гүнзгий хямрал, геополитик дэх хүчний харьцаа өөрчлөгдсөн дайн дажинтай цаг үед сорилт шалгуур илүүтэй томорч буй.