
Шим ертөнцдөө ээлтэйгээр зохицон амьдрах тогтвортой хөгжлийг эрэлхийлж улс орнууд хот суурингаа ногооруулах, хүлэмжийн хийг багасгах технологийн шийдлүүдэд харамгүй хөрөнгө оруулж буй. Ингэхээс ч аргагүй юм. Өдгөө хот суурингууд дэлхийн эрчим хүчний 80 хувийг хэрэглэж, хүлэмжийн хийн 70 хувийг “үйлдвэрлэдэг”. Хот тэлэх тусам тэнд оршин буй биологийн олон төрөл зүйлүүд уур амьсгалын өөрчлөлтөд улам эмзэг болж, хүмүүсийн амьдрах орчин нөхцөл илтэд доройтсоор байгаа билээ. 2050 он гэхэд дэлхийн найман тэрбум хүн амын 70 орчим хувь нь хотод амьдарна гэж тооцоолбол одоо л өрсөж цомхон, нүүрстөрөгч багатай, байгалийн сорилтод тэсвэртэй, хүртээмжтэй суурьшлын бодлого руу шилжих нь юу юунаас илүү чухал боллоо. Тогтвортой хотжилтын бодлого эхэн үедээ өртөг зардал ихтэй, хөгжиж буй орнуудын төсөвт жин дарах боловч алс ирээдүйгээ тооцоолж чадвал урт хугацаандаа хамгийн ашигтай шийдэл байж чаддаг аж.
Бетонон ширэнгийн эсрэг
Агаар мандалд ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 38 хувийг барилгын салбар дангаараа гаргаж буй тул бетоныг бохирдол багатай түүхий эдээр солих нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эхний алхам болно. Бетоноор хийсэн барилга нүүрстөрөгчийн давхар ислийн долоон хувийг эзэлдэг нь агаарын тээврийн салбараас 2.5 хувиар давсан үзүүлэлт. Харин дэлхий даяар жил бүр бетоны гол бүрэлдэхүүн хэсэг болох 4.4 тэрбум тонн цемент үйлдвэрлэдэг. Гэтэл барилгын материалын сонголт, хийц нь эрүүл мэнд, эдийн засгийн асуудалтай шууд хамааралтай. Өнөөгийн шил толь болсон барилга, бетонон цамхагуудад ашигласан материал хорт бодис, хүнд металлын агууламжгүй, барилга доторх хүмүүсийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхээргүй байж чадах уу.

Харин архитекторууд байгаль болоод хүнд ээлтэй, цаг агаарын эрс тэс үзэгдлийг тэсвэрлэх тогтвортой барилга байгууламж барихын тулд бетоны оронд эртний суурингуудыг бүтээсэн шавар шороо ашиглахыг уриалж буй. Шавар барилгууд нь зундаа сэрүүн, өвөлдөө дулаан, эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадвартайн дээр байгаль орчинд маш бага нөлөө үзүүлдэг. Дээрх материалыг дахин бүрэн боловсруулах боломжтой аж. Йемений нийслэл эртний Сана хотоор жишээлэхэд л шавраар бүтээсэн цамхаг барилгууд нь хоёр мянганыг ажрахгүй давж, геометрийн өвөрмөц хэв маягтай чимэглэл нь ойролцоох шохойн уулстай өнгө сүлэлдэн уран барилгын гайхамшгийг мэдрүүлсээр байгаа билээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн эдгээр барилгуудад одоо ч хүн оршин суудаг хэвээр.

Бид цаашид эдгээр бетонон ширэнгэд амьдрах боломжгүй. Хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг бодолцсондоо ч тэр шавар нь бетоныг орлох төгс тогтвортой хувилбар байж чадна. Шавран барилгын бетон, цементээс ялгарах гол давуу тал нь гадаргуу дээр ирэх ачааллыг хуваарилах чадвартай тул газар хөдлөлт, хуй салхи зэрэг байгалийн эрс тэс үзэгдлүүдэд илүү тэсвэртэй.
Сахарын их цөлөөс Судан хүрэх худалдааны зам дагуу МЭ 800 онд байгуулагдсан Женне хот ч архитектурын өвөөрөө Йеменээс дутахгүй. Өрнөд Африкийн Мали улсын төв хэсэгт орших хотын эртний зонхилох байгууламжууд шавраар бүтээгдсэн билээ. Тэр дундаа дэлхийд хамгийн өндөр буюу 20 метр чацтай, 91 метр өргөн Их сүмийн цогцолбор гойд уран хийцтэй. Хэдэн зуун дамнан сүндэрлэж буй Их сүмийг сэргээн завсарлах ажил жил бүр явагдаж Женне хотын оршин суугчид эрвийх дэрвийхээр оролцон эртний дурсгалаа хадгалж үлдээхээр хичээдэг аж. Багачууд залуус шавар зуурч, охид бүсгүйчүүд ус сүрэл дөхүүлэх ажлыг нугалдаг бол туршлагатай ахмадууд өрлөгийн явцыг удирдана. Хотын албан ёсны баяр шахуу болсон энэ заншил гагц сүмийн сэргээн засварлалтаар хязгаарлагдахгүй. Оршин суугчид орон гэрээ ч додомдож дахин шавардах, засварлах үед хот дахин төрсөн мэт болдог тухай Лондонгийн Дорно дахины болон Африк судлалын сургуулийн профессор, антропологич Тревор Марчанд өгүүлсэн юм.

Тогтвортой бүтээн байгуулалт
Байгалийн материалыг түүхийгээр нь эсхүл хамгийн бага боловсруулсан хэлбэрээр ашиглах нь архитектур хийгээд хүрээлэн буй орчныг хослуулах гайхалтай хандлагын нэг юм. Өдөр бүр амьсгалах, амьдрах орчиндоо мод, шавар, чулуу, хулс гэх мэт байгалийн материал шингээх нь эерэг таатай уур амьсгал бүрдүүлдэг аж.

Бидний өвөг дээдэс үнэхээр ухаантай, бүтээлч байсныг уламжлалт барилга байгууламжаас мэдэрч болно. Ямар ч эрчим хүч ашиглахгүйгээр хүссэн үедээ дахин боловсруулж чадах цорын ганц материал бол шавар. Үүнтэй харилцахад чамд ямар нэгэн тусгай багаж хэрэгсэл хамгаалалтын өмсгөл ч шаардлагагүй. Шавар агаараас илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийгээ гаргах чадвартай. Ийм болохоор эдгээр байшингууд амьсгалдаг юм.
Шавар хана нь өдрийн цагаар нарны цацрагаас дулааныг хуримтлуулж, шөнөдөө ялгаруулдаг. Тийм болохоор тасалгааны температур хэзээ ч өөрчлөгддөггүй, үргэлж тав тухтай түвшинд барьдаг онцлогтой. Мэдээж зузаан шавар тоосгон хана нь гадна болон хажуугийн дуу чимээг бууруулна. Үнэ өртгийн хувьд ч боломжийн тусдагийн бэлээхэн жишээ нь Бангладеш улсад хэрэгжүүлсэн METI сургууль барих төсөл юм. Австрийн архитектор Анна Херингерийн зураг төслөөр орон нутгийн гар урчууд, барилгачид шавар, хулс зэрэг гар доорх материалыг багахан нейлон бэхэлгээ, хөнгөн элементүүдтэй хослуулж орчиндоо ээлтэй сургуулийн барилгууд барьж буй. Гэхдээ шаврыг барилгын ажилд ашиглах нь тогтвортой байх ёстой бөгөөд газар тариалангийн талбайг багасгах ёсгүй гэдгийг Анна Херингер сануулсан юм.
2008 онд Йемений зүүн төв хэсэгт болсон хүчтэй үерт 5000 гаруй барилга байгууламж сүйдэхэд Вади Даваны хөндийн суурингуудын амссан хохирол хамаагүй бага байв. Учир нь эндэхийн шавар байшингууд 1.5 метр гүн чулуун суурьтай тул ус хөрсний гулгалтад тэсэж үлджээ. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын (IPCC) энэ жилийн тайланд өгүүлснээр дэлхийн хот, суурингууд цаг агаарын эрс тэс үзэгдлийг даван туулахад огт бэлтгэлгүй байгаа аж. Улмаар хэдэн тэрбумаар хэмжигдэх хохирлоос зайлсхийх, хүмүүсийг хамгаалахын тулд уур амьсгалд тэсвэртэй барилга байгууламж, дэд бүтцэд хөрөнгө оруулах ёстойг ч сануулсан.
Өнгөрсөн оноос Их Британийн Байгаль орчны аудитын хороо одоо байгаа байшингийн дулаалгыг сайжруулахын тулд зөвхөн шавар, шохойн суурьтай гипс, байгалийн эслэг зэрэг био суурьтай бүтээгдэхүүн ашиглахыг зөвлөх болсон.
Технологийн үсрэнгүй хөгжлийн эринд байгальд ээлтэй амьдарна гээд балар эртний маягаар аж төрөхгүй нь ойлгомжтой. Нарны зай хураагуур, борооны ус хуримтлуулах, байгалийн халаалт хөргөлт, хог хаягдал, бохир ус цэвэрлэх систем зэрэг хүний хэрэгцээн дээр суурилсан технологийн шийдлийг шавран барилгатай хослуулснаар тогтвортой агаад хүрээлэн буй орчинд нөлөө багатай хотыг бүтээж чадах билээ.