Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр тушаал гаргаж Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглолоо. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн бөгөөд “Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн зарим хэсэгт газар ашиглалтын хэт төвлөрөл үүсэж, холбогдох хууль, дүрэм журам зөрчигдөж, ашиглалтын нөөц даац хэтэрсэн, байгалийн нөөцийн доройтолд орох, амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тулгарч байгаатай холбогдуулан Богдхан уулын ДЦГ-ын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглолоо” хэмээв.
Сошиалаар “ажлаа хийдэг” сайд Б.Бат-Эрдэнэ Нүхтийн аманд байрлах зэрлэг амьтдад аюул нүүрлээд буйг твиттер, фэйсбүүкээс анзаарсан бололтой, ямар ч байсан ийм нэгэн ухаалаг шийдвэр гаргав. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ сайд анх удаа энэ талаар шийдвэр гаргасан юм биш. Сайд бүхэн Нүхтийн аманд газар олгохыг хориглосон тушаал гаргаж байсан гэхэд болно.
Үе үеийн сайд нар Нүхтийн аманд газар олгуулахгүй шийдвэр гаргаж ирсэн ч үр дүнд нь...
Б.Бат-Эрдэнэ сайдаас өмнө түүний өмнөх сайд Н.Уртнасан хориглох шийдвэр гаргасан. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/361, А/362 тоот тушаалаар "Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол, газар ашиглалтын төлөвлөлт хийх, хилийн цэсийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхтэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт шинээр газар ашиглах эрх олгохыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хориглож байлаа.
Нүхтийн газар олголт эртнээс яригдаж эхэлсэн. С.Оюун Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд байхдаа 2012 онд есдүгээр сарын 22-нд тушаал гаргаж, Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг 2014 оны долдугаар сарын нэгэн хүртэл хориглож байсан юм. Энэ үед л Богд хан уулын Зайсан, Арцат, Нүхтийн амны газар байшин барилгаар дүүрч, хөрс нь эвдэрч, зарим ургамал устаж үгүй болох тухай яриа эхэлсэн байдаг. Ан амьтад ч дайжиж одсон талаар хэлж байлаа.
Түүнээс хойш Д.Оюунхорол хоёр удаа, Н.Цэрэнбат болон түүнээс өмнө 2-3 сар сайдаар ажилласан Д.Цогтбаатар хүртэл энэ талаарх шийдвэр гаргаж байлаа. Гэтэл хориглосон энэ олон шийдвэрийн дүнд Нүхтийн аманд жорлонгийн нүхний газар ч үлдсэнгүй.
“Нүхтэд нүхлэх газар үлдсэнгүй” хэмээн сэтгүүлчид 2013 онд буюу одоогоос есөн жилийн өмнө шүүмжилж бичиж байлаа. Хэрвээ үе үеийн сайдуудын шийдвэр баячуудын өмнө сөхрөөгүйсэн бол байдал иймдээ тулахгүй байсан биз.
Орц, гарц л хүссэн
Б.Бат-Эрдэнэ сайд газар байхгүй газар олголтыг зогсоолоо гэж шоудахын оронд уулын амыг хашаалсан хууль бус шийдвэрүүдийг цуцалж, иргэдэд уул руу гарах гарц, орц зэрлэг амьтдын ус уух замыг нээж өгөх нь илүү оноо авна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Нүхтийн аманд ажиллах үеэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав “Дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэдэг ч хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоохгүй бол ан амьтан тархан байршиж чадахгүй, Богдхан ууланд нийслэлчүүд зорчих боломжгүй болно” хэмээж байсан билээ.
Энэ аман дахь газрын хууль бус бизнес, замбараагүй барилгажилт, зам, гарц, нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж боосныг нь шийдэж чадвал нэгэн адил шийдвэр гаргасан сайд нараас ялгарах билээ. Үе үеийн сайд нар хориглосоор ирсэн, үр дүнгүй шийдвэрийг давтан гаргах нь огтоос “утгагүй” байна, Б.Бат-Эрдэнэ сайд аа.
Эцэст нь сануулахад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бол “поп” стилээр ажиллах боломжтой газар. Үе үеийн дарга нар нь ч иймэрхүү стилээр ажилласан. Гэхдээ та одоо энэ газрын дарга бус, салбарыг хариуцсан сайдаар ажиллаж буй гэдгээ санахад илүүдэхгүй билээ.