“Монгол Улсын хөгжлийн хурдасгуур буцах шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг 2022 оны зургаадугаар сарын 28-нд болж өнгөрөв. Дөрвөн цаг үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлгээс би олон “олз”-той үлдсэн ч энэ удаад хоёрыг нь л онцолъё. Миний “хоёрхон” олзны нэг нь “Хөдөөний айл”-ын олсон хөдөөгийн давуу боловсрол. Нөгөөх нь Хөвсгөл аймагт зургаан сар ажилласан Б.Түвшин эмчийн “өөр” амбиц.
“Хөдөөний айл”-ын олсон хөдөөгийн давуу боловсрол
“Хөдөөний айл” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч нар болох Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох нар 2021 оны дөрөвдүгээр сараас Ховд аймгийн Дөргөн суманд шилжин суурьшин амьдарч байна. Хөдөөд асар их боломж бий талаар үргэлж “үглэдэг” тэр хоёр хотынхныг хөдөө рүү уриалахдаа “Улаанбаатар хот бол амьдралын төлөөх өрсөлдөөний их сургууль. Энэ хотод олон жил амьдарсан бол хөдөөд боломжийг харах нүд, амьдрах чадвар тань маш их. Монголчуудаас түрүүлээд гаднынхан энэ боломжийг харчихаад орон нутагт нүүж ирээд байна” хэмээн онцолсныг энд тэмдэглэе. Хөдөөг жаргалтай зорьсон тэд нэг л зүйл дээр санаа нь зовж байсан нь хүүхдийн боловсрол. Гэвч одоо тэд сэтгэл дүүрэн байна. Учир нь,
-Хөдөө орон нутгийн багш нар тогтвор суурьшилтай удаан хугацаанд ажилладаг учир туршлагатай, чадварлаг.
-Анги дүүргэлт бага. Хөдөөд нэг ангид хамгийн ихдээ 20 гаруй хүүхэд суралцаж буй бол Улаанбаатар хотод хамгийн багадаа 50 хүүхэдтэй.
-Багшийн ачааллын түвшин бага учир хүүхэд бүртэй нэг бүрчлэн харилцаж, эцэг эхэд ирэх ачаалал энэ хэрээр бага. Улаанбаатар хотын эцэг эхчүүдийг бодвол завтай.
-Хотод хүүхдийн эцэг эхчүүд багштайгаа хөөцөлддөг бол малчдын хүүхэдтэй хөөцөлдөж “сурсан” багш нар хүүхдийнх нь араас өөрсдөө “хөөдөг”.
-Суурь боловсролын хувьд огт хоцрогдолгүй.
-Бүх сум интернэтэд холбогдсон.
-Хүүхдээ хүргэж өгч авахад замын түгжрэлгүй учир гэр бүлдээ, хоббиндоо гаргах цаг их гээд дээрх олон давуу тал бийг биеэрээ туулж буй тэд ийнхүү нэрлэлээ.

Харин хотынхноос багахан зүйл дутуу нь англи хэлний боловсрол. Ерөнхий боловсролын сургуульд англи хэлний хичээл ордог ч хангалттай мэдлэг авч чаддаггүй гэдгийг хэлсэн. Ховдын Дөргөнийг зорихоосоо өмнө тэд Төв аймгийн Батсүмбэр суманд амьдарч байв. Энэ хугацаандаа англи хэлний ярианы дугуйланг хичээллүүлтэл санаанд оромгүй үр дүнг бий болгожээ. Тухайн суманд ямар нэгэн сургалт дугуйлан эхлүүлэхэд олон хүүхэд байдаг ч сарын дараа гэхэд талаас илүү нь алга болдог байна. Харин тэдний хичээллүүлсэн сургалт эсрэгээрээ байж, хүүхдүүд өдрөөс өдөрт нэмэгдэн ангидаа багтахаа больжээ. Эндээс л тэд “сургуульд заадаггүй”-г сурах асар их хэрэгцээ бийг олж харжээ. “Хөдөөний айл”-ын зүгээс “Сурах” эрэлт маш их байна. Эрэлтийг хангах боловсон хүчин үнэхээр дутмаг байна. Үүнийг олж хараач” хэмээн боломжийг хайсан хүн бүрт уриалсан билээ.

Б.Түвшин эмчийн “өөр” амбиц
Улсын төрөлжсөн эмнэлгээс гэнэт Хөвсгөлийг зорьсон Б.Түвшин эмч Хөвсгөл аймагт хагас жил амьдарсан. Одоо тэр мэргэжил дээшлүүлэхээр Япон орныг зориод буй. Хөвсгөлд байх хугацаандаа Улаанбаатар хотод л хийдэг 40 гаруй мэс заслыг орон нутагт хийж, хавдраа оношлуулсан ч хотыг зорих тэнхээгүй олон хүнд амьдрал бэлэглэсэн. Эмчийнхээ үндсэн ажлаас гадна түүнд нэг зорьсон мөрөөдөл байсан нь орон нутгийн хүүхдүүдэд хотын хувийн сургуулиудад л өгдөг англи хэлний боловсрол. Өөрийнх нь хэлснээр “Орон нутгийн хүүхдүүд яагаад англи хэлний өндөр боловсрол орон нутагтаа эзэмшиж болохгүй гэж” хэмээх амбиц.
Тиймээс тэр ахлах ангийн 10 гаруй хүүхэдтэй дөрвөн сарын хугацаанд тулж ажиллажээ. Дөрөвхөн сар хэдийгээр богино ч тэд энэ хугацаанд хэн хэнийхээ сэтгэлийг галыг өрдөж чаджээ. Сургалтад суусан сурагчид ч урамтай, Б.Түвшин эмч ч орон нутагтаа сурч байгаа хүүхдүүдийг жаахан “тордоход” гаднын их сургуульд тэнцэхүйц англи хэлний түвшинтэй болно гэдэгт эргэлзэхгүй болов. Тэрээр “Ажлынхаа хажуугаар хийсэн сургалт маань туйлын сэтгэлд хүрсэн сайхан ажил болсон” хэмээн бахдал дүүрэн өгүүлсэн.
Бас “Хөдөөний айл”-ын хэлснийг ч давтсан. Б.Түвшин гэр бүлийнхнийхээ хамт Хөвсгөлийг зорьсон бөгөөд “Хөдөөд анги дүүргэлт бага, сургуулийн хүртээмж сайн. Ийм учраас цэцэрлэгийн болон дунд сургуулийн боловсролын чанар бол орон нутагт маш сайн санагдсан. Эрүүл орчны талаар ярих зүйл байхгүй. Өөртөө болон гэр бүлдээ гаргах цаг байдаг. Тээвэр, харилцаа холбоо ч сайхан хөгжсөн” хэмээсэн юм.
Энэ жишээнүүдээс харахад сургуулиас авах үндсэн боловсрол буюу суурь боловсролын мэдлэгээ хөдөөд хангалттай, бараг илүү авч чадаж байна. Харин тэдэнд “нэмэх боловсрол” буюу гүнзгийрүүлсэн мэдлэг, бусад дугуйлангийн зайлшгүй хэрэгцээ байгаа нь харагдана. Хоёрхон жишээг толилуулъя.
“Хөөрхөн” хүүхдүүд
Хөвсгөл далайн эрэг дагуу орших Хатгал тосгоны ЕБС-ийн хүүхдүүд номын сантай болохоор төсөл бичиж 10 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон. Учир нь тус сумын сургууль нь 1942 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогоос таван жилийн өмнө ашиглалтын хугацаа нь дуусжээ. 80 гаруй жилийн өмнө баригдсан сургуулийн анги танхим, номын сан нь хүйтэн, хүүхдүүд хичээллэхэд хүндрэлтэй байдаг учраас тав тухтай номын сантай болохын тулд өөрсдөө санаачилга гаргаж, төслөө бичин сурч мэдэхийн төлөө тэмүүлсэн байна. Одоо тэд төслийн хөрөнгө оруулалтаар өөрсдөө байраа засаж, номоо цуглуулна.
Хүүхдүүд хэн нэгний шахалтаар бус өөрсдийнхөө хүслээр жагсаалтаа гаргасан бөгөөд тэдэнд одоо ийм номууд хэрэгтэй гэнэ.
-Шалгалтын /IELTS, TOEFL, ЭЕШ зэрэг/, 100 орчим ширхэг
-Хэл судлал /монгол, англи, орос, солонгос, хятад хэлний анхан, дунд, ахисан түвшний ном/: 100-200 ширхэг
-Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном, 100-150 ширхэг
-Хувь хүний хөгжлийн ном /мэргэжил сонголт гэх мэт/, 50-100 ширхэг
-Уран зохиолын ном /гадаадын уран зохиол, сүүлийн үеийн, англи монгол хэлээр/, 50 ширхэг.
Хичээлээс “өөрийг” номын сангаасаа авахаар ийм “хөөрхөн” жагсаалт гаргажээ, тэд. Хамгийн хайр татмаар нь төслийг бичсэн сурагчид ахлах ангийнхан бөгөөд бид нарын “боломж дууссан” ч дүү нартаа их номтой, дулаан номын санг үлдээхээр энэхүү төслийг бичсэн гэв.
Өөр нэгэн “хөөрхөн” жишээг бүтээгчид нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумынхан. Энэ суманд хөгжим, бүжиг, зураг, шатрын дугуйлан хичээллэдэг. Саяхнаас хотоос ирсэн нэгэн бүсгүй англи хэлний дугуйлан хичээллүүлж эхэлжээ. Англи хэлний насанд хүрэгчийн ангид гурван бага ангийн багш, хоёр малчин эмэгтэй бий. Харин хүүхдийн ангид 2-4 дүгээр ангийн долоон хүүхэд суралцахаар болжээ. Англи хэл сурах болсон шалтгаан, зорилгыг асуухад нэг малчин бүсгүй нь “Манай нутагт аялахаар ирсэн гадаадын иргэдэд зам заагаад өгчихдөг, цаашлаад шаардлагатай үед орчуулагч, хөтөч хийчихдэг болмоор байна” гэсэн аж. Хэл сурахыг хүссэн ээж бүр хүүхдийнхээ англи хэлний хичээлийг давтуулчих чадвартай болохоор ийнхүү суралцахаар шийджээ. Хутаг-Өндөрт сонгодог хөгжмийн дугуйлан ч бий. Хантай багийн багачууд бямба гараг бүр 50 гаруй км замыг туулж, төгөлдөр хуурын дугуйланд явна. Улаанбаатарт намар налайж байхад тэнд хангай дэлхий цасаар хучигджээ. Цасны улмаас халтиргаатай тул багачууд нэгнийхээ гараас атган хөтлөн эгнэн алхана.
Италид долоон жил суралцсан ч дэргэдүүр нь өнгөрөхдөө байгалийн сайханд нь дурлаад Хутаг-Өндөрт дүрслэх урлагийн багшаар ажиллаж буй Л.Мөнхзаяаг уншигчид хэдийнэ таних байх. График дизайнер, зураач мэргэжилтэй энэ бүсгүй жил хүрэхгүй хугацаанд дугуйлан хичээллүүлж өнгөрсөн жил гайхмаар үзэсгэлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвд гаргаж байсан билээ.
Гэхдээ энэ бүх дурдсан “хөөрхөн” жишээ нь дан ганц Хатгал, Хутаг-Өндөрт л биш Монгол Улсын буйдхан суурин бүрт сурахын их хүсэл буйг үнэртүүлж байна. Тиймээс Улаанбаатарт буй сургалтын төвүүдийг хөдөө рүү “нүдээ бэлчээх”-ийг уриалж байна. Давчуу энэ хотод түрээс, цалин, татварт дарамтлуулж суухын оронд арай том алхаж, зориглож чадах нь цар тахлын алдагдлаа нөхөх нэгэн шийдэл ч байж мэднэ.

Сургалтын төвүүдэд хөдөө боломж бий юү, бэрхшээл, давуу тал юу байна гэдгийг судлахаар Монголын оюун ухааны академийн хоёр ч салбарыг Хэнтий аймагт нээгээд буй тус академийн ахлах багш, дасгалжуулагч олон улсын их мастер, Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдантай ярилцсан юм.
Сургалтын төвөө орон нутагт байгуулах санаа хэдийд төрсөн. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
Миний хувьд 2009 онд Улаанбаатар хотод оюутан болж ирсэн. Академийнхаа тухай мэдээнээс олж үзээд Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар багшийнхаа анхны шавь нарын нэг болсон. Мэргэжлийн тамирчин болж, амжилтууд гаргаж байсан. Энэ үеэс эхлээд л орон нутагт байгаа олон дүү нартаа, хүүхэд залууст үүнийг хүргэх юмсан гэж боддог байсан. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхээр Улаанбаатар хотынхоо салбарыг орон нутаг руу нүүлгэж, Хэнтий аймагтаа оюуны салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Монголын оюун ухааны академийн хоёр ч салбар орон нутагт байгууллаа. Улаанбаатар хотод сургалтын төв ажиллуулснаас илүү ямар боломжууд байна гэж харж байна вэ?
Хэнтий аймгийн төв Чингис хот болон Бор-Өндөр суманд Монголын оюун ухааны академийн хоёр гэрээт салбарыг байгуулаад байгаа. Анх суманд салбар байгуулахад “Хүүхэд хамрагдах уу, эрсдэлтэй алхам юм биш үү” гэж хүмүүс зөвлөж байсан. Зориг гаргаад салбараа байгуулсан. Сумын салбарын үйл ажиллагаа одоо бол сайн байгаа. Шавь нар маань улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Сургалтын төвийг байгуулахад хүүхдүүд хамгийн их баярласан. Хүүхдүүдийн жаргалтай, гал дөлтэй царайг харахад хамгийн сайхан.
Байр сууц, цалин, түрээс, хамрагдалтын тал дээр хоттой харьцуулахад ямар байна вэ?
Түрээсийн хувьд Улаанбаатар хотоос бага. Цалингийн тал дээр бид нар нэг зарчим баримталдаг. Энэ нь хот болон хөдөөд ажиллаж буй багш нараа адил цалинтай байлгах юм. Сургалтад хүүхэд хамрагдалтын хувь Улаанбаатар хотыг бодвол мэдээж бага. Гэхдээ сургалтын төвөө чанартай, сайн ажиллуулж чадвал төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэж харж байгаа.
Хариуцлагатай, туршлагатай ажилтнуудтай, багш нар нь чадварлаг байхаас хамаарна. Оюун ухааны академийн багш нарын хувьд танхим, стандарт, хөтөлбөрөөр ордог. Улаанбаатар хоттой адилхан хөтөлбөрийг заадаг. Нэг стандарт, нэг хөтөлбөрийн хувьд сонирхолтой, хүртээмжтэй байлгаж чадвал орон нутгийн хүмүүс маань сургая гэсэн хүсэл байдаг. Хүн болгон хүүхдээ боловсролтой байлгахыг хүсдэг. Асран хамгаалагчдын хувьд сургачих гэсэн хүсэл байсан ч аль аль талдаа л байгаа. Харьцангуй бага.
Орон нутагт сургалтын төв ажиллуулахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
Орон нутгийн хүмүүс их тайван. Аливаа зүйлд уужуу тайван ханддаг. Хичээл 09.00 цагт эхлэх байхад гэрээсээ 08.55 гэхэд гардаг. Цагийн хичээл цагтаа ороход хүндрэл үүсгэдэг. Санхүүгийн байдал тийм ч өндөр биш учраас дундаас нь төлбөрөө төлнө гэдэг ч төлбөр мөнгөө өгөхгүй тохиолдол гардаг.
Сургалтад хамруулах эдийн засгийн боломжтой иргэд хотоос бага гэж ойлгож болох уу?
Боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хүргэхийн тулд бүгдийг нь хамруулахын тулд хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа.
Орон нутагт сургалтын төв байгуулах хэрэгцээ, зах зээл, шаардлага бий гэж харж байна уу?
Хэрэгцээ, шаардлага байна. Орон нутагт байгаа хүүхдүүд Улаанбаатар хотод ирээд сургалтад хамрагдах гэхээр байрлах байр, хоол унд, хүргэж авах, өгөх хүнээс эхлээд асуудал гардаг. Орон нутагт байгуулснаар тухайн хүүхдүүдэд их боломж олгож байгаа. Үр ашигтай ажиллах боломжтой гэж үздэг.
Сургалтын төв байгуулагдсантай холбоотойгоор эцэг эхчүүд болон орон нутгийн удирдлагуудаас ямар санал ирж байна вэ?
Нутгийн удирдлагуудаас ирж байгаа санал бага. Эцэг эхчүүдийн зүгээс олон сайхан талархал ирдэг. “Орон нутагт байгуулаасай гэж их хүсч байлаа”, “Хүүхэд маань хичээлдээ дуртай явж байгаа”, “Хичээлдээ сайжирч байгаа”, “Тэтгэлэгт тэнцэж байгаа” гэдэг. Хүүхдүүд сургалтад сууснаар аливаа зүйлд идэвхтэй, ялж ялагдаж өрсөлдөөнийг даван туулдаг, өөртөө итгэх итгэлийг олж авдаг, найз нөхөдтэй болдог. Суралцах арга барилыг Монгол орны өнцөг булан бүрт хүргэх юмсан гэж зорьдог.

Эрүүл мэнд, боловсрол хоёр нь иргэд орон нутаг руу буцаж шилжихэд маш чухал үүрэг бүхий хоёр салбар гэдгийг би та бүхэнд баттай хэлмээр байна. Эцсийн бүлэгт Монгол Улсыг монгол хүмүүс л хөгжүүлнэ.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын 4.2-д“Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна” хэмээсэн.
Тэгвэл энэхүү зорилгыг биелүүлэхэд, иргэд хотоос хөдөө рүү шилжихэд, хүүхдийнхээ боловсролд анхаараад хотоос хөдлөхгүй байхад, тэднийг хөдөлгөж чадах ганцхан зүйл нь чанартай, чадварлаг сургалтын төвүүд байх нь. Тиймээс Шинэ засгийн бодлогоороо сургалтын төвүүдийг дорвитойхон шиг дэмжээд өгөх хэрэг байна. Тухайлбал, орон нутагт салбараа нээх гэж буй бол маш бага дүнгээр зээл олгох, байр, сууцны дэмжлэг үзүүлэх, эхний жил татвараас чөлөөлөх, хөдөө орон нутагт ажиллах багш, ажилтнуудыг орон байраар хангах, орон нутагт салбар байгуулсан тохиолдолд татвараас чөлөөлөх, хөнгөлөх, сум орон нутаг, аймгийн удирдлагууд бодлогоор дэмжих зэрэг сургалтын төвүүдэд тулгараад буй олон асуудлыг шийдчихвэл хөдөөд боловсрол “цэцэглэх” боломж бий харагдана. Эрэлт тэнд байна. Эндээс нүүж очих боломжийг нь хангачихъя.