
Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 50-иас илүү хувь нь 18-30 насны иргэд байгаатай холбогдуулан манай улс НҮБ-ын Хүүхдийн сангаас 624 мянган тун вакциныг 948.3 сая төгрөгөөр захиалан авчирсан. Уг вакциныг орон даяар 18-30 насны иргэд хийх аян энэ сарын 12-ноос эхлээд байгаа билээ.
Тодруулбал, “Улаанбурханы эсрэг хамтдаа” уриатай тус нэмэлт вакцинжуулалтад 1986-1998 онд төрсөн иргэд хамрагдах юм.
Энэ насны 600 мянга гаруй иргэнийг орон даяар байнгын, түр, явуулын гэсэн гурван цэгээр дамжуулан вакцинд хамруулахаар болсон аж.
Байнгын цэг нь вакцин хийдэг томоохон өрхийн эмнэлгүүдэд байрлах бол түр цэг нь албан байгууллага, сургуулиудад очиж иргэдийг вакцинжуулалтад хамруулж байгаа юм байна.

Харин явуулын цэг нь вакциндаа хамрагдахгүй байгаа айлуудад очиж хийх юм байна.
Мөн та вакцинаа хийлгэхийн тулд иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлэх ёстой бөгөөд бичиг баримтгүй бол регистрийн дугаар, гэрийн хаяг зэрэг зүйлсээ амаар хэлж бүртгүүлэх боломжтой.
Улаанбурханы нэмэлт вакцинжуулах аян энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

-Вакцины эсрэг заалт, анхааруулга-
-Жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлнө.
-18-30 насны, жирэмсэн биш охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьснаас хойших нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байх.
-Улаанбурханы вакциныг нэг сарын дотор хийлгэсэн хүнд хийхгүй.
-Кортикостеройд бусад төрлийн дархлаа дарангуйлах эм, туяа эмчилгээний үед вакцин хийхгүй.
-Халуурсан, цочмог халдварт өвчин, лейкеми, лимфома, хурц цус багадалт, цусны тогтолцооны бусад цочмог өвчин, бөөрний үйл ажиллагааны хурц дутагдалтай үед вакцин хийхгүй.
-Декомпенсацийн шатанд байгаа зүрхний өвчнүүдийн үед вакцин хийхгүй.
-Иммуноглобулин хийлгэсэн буюу цус сэлбүүлсэн тохиолдолд вакцин хийхгүй.
-Вакцины найрлаганд орсон бодисонд харшилтай бол вакцин хийхгүй.
-Өндөгний харшилтай бол хийхгүй.