
-1986-1998 онд төрсөн иргэд вакцинд хамрагдана-
Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 50-иас илүү хувь нь 18-30 насны иргэд байгаатай холбогдуулан манай улс НҮБ-ын Хүүхдийн сангаас 624 мянган тун вакциныг 948.3 сая төгрөгөөр захиалсан гэх мэдээллийг албаныхан өгч байна. Тус вакцин нь энэ сарын 10-ны өдөр ирсэн бөгөөд орон даяар 18-30 насны иргэдийг вакцинжуулах аян энэ сарын 12-ноос эхлээд байна. Тодруулбал, “Улаанбурханы эсрэг хамтдаа” уриатай тус нэмэлт вакцинжуулалтад 1986-1998 онд төрсөн иргэд хамрагдах юм.
Энэ насны 600 мянга гаруй иргэнийг орон даяар байнгын, түр, явуулын гэсэн гурван цэгээр дамжуулан вакцинд хамруулахаар болсон аж.
Энэ насны 600 мянга гаруй иргэнийг орон даяар байнгын, түр, явуулын гэсэн гурван цэгээр дамжуулан вакцинд хамруулахаар болсон аж. Байнгын цэг нь вакцин хийдэг томоохон өрхийн эмнэлгүүдэд байрлах бол түр цэг нь албан байгууллага, сургуулиудад очиж иргэдийг вакцинжуулалтад хамруулж байгаа юм байна. Харин явуулын цэг нь вакциндаа хамрагдахгүй байгаа айлуудад очиж хийх юм байна. Тэгвэл бид энэ удаа байнгын цэг буюу зарим өрхийн эмнэлэг дээр ванцинжуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сурвалжлалаа. /2016.05.13/
-“Улаанбурханы эсрэг хамтдаа” Gee-тэй нэгдээрэй-

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд буюу 32 дугаар тойргийн гэр хорооллын дунд байрлах “Мөнхбаясгалан” өрхийн эмнэлэгийн үүд, хана, хаалгууд дээр дуучин Gee-гийн зурагтай ”Улаанбурханы эсрэг хамтдаа” гэх уриалга хуудас харагдана. Үүнтэй зэрэгцээд “Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт...” гэх зарлал байв. Гэхдээ тус эмнэлэг дээр 09:40 цагийн үед улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахаар ирсэн нэг ч иргэн байсангүй. Харин өндөр настан болон хүүхдүүд эмчид үзүүлэхээр дугаарлажээ. Тус хороонд 18-30 насны 1750 гаруй иргэн бүртгэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар тэдний 20 гаруй нь улаанбурханы вакциндаа хамрагдсан гэнэ.
Вакцинд хамрагдах гэж буй эрчүүдээс эмч нар вакцинаа хийлгэхийн өмнө “Өндөгний харшилтай юу”, “Ойрын хугацаанд улаанбурханы вакцинд хамрагдсан уу”, “Цус сэлбүүлсэн үү” хэмээн асуух аж. Харин бүсгүйчүүд эдгээр асуултад хариулсны дараа “Улаанбурхан-Улаанууд өвчний эсрэг вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудас”-тай танилцаж “зөвшөөрсөн” гарын үсэг зурсны дараа вакцинаа хийлгэх юм байна.

Мөн та вакцинаа хийлгэхийн тулд иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлэх ёстой бөгөөд бичиг баримтгүй бол регистрийн дугаар, гэрийн хаяг зэрэг зүйлсээ амаар хэлж бүртгүүлэх боломжтой. Ийн бүртгүүлж, үзлэгт орон вакцинаа хийлгэхэд танд 20 орчим минут шаардлагатай бөгөөд вакцинд хамрагдсан иргэдээ баталгаажуулах зорилгоор эмч нар бидний зүүн гарын чигчий хурууны хумсан дээр ийм тэмдэглэгээг хийж байлаа.

Ш.Нарантуяа: Амралтын өдрүүдэд вакцинд хамрагдах боломжтой

Ингээд “Мөнхбаясгалан” өрхийн эмнэлгийн их эмч Ш.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар танай эмнэлэгт хэдэн иргэн улаанбурханы вакцинд хамрагдсан бэ?
-Улаанбурханы нэмэлт вакцинжуулалт орон даяар тавдугаар сарын 12-ноос буюу өчигдрөөс эхэллээ. Өчигдөр 13 иргэн хамрагдсан. Харин өнөөдөр 7 хүн хамрагдаад байна.
-Иргэд амралтын өдрөөр вакцинаа хийлгэе гэсэн төлөвлөгөөтэй байгаа болов уу. Танай эмнэлэг ажиллах уу?
-Ихэнх иргэд амралтын өдрүүд хийлгэе гэсэн бодолтой байгаа байх. Тийм болохоор манай эмнэлэг маргааш ажиллахаар болсон.
-Албан байгууллагууд болон зарим иргэдийн гэрт нь очиж вакцин хийнэ гэсэн. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Манай хорооны хамгийн олон ажилтантай байгууллага бол “Хүчит шонхор” зах. 200 гаруй ажилтантай. Тиймээс тус зах дээр өнөөдөр үдээс хойш очиж, иргэдийг вакцинд хамруулна.
-Танай эмнэлгийн зүгээс иргэдийг вакциндаа хамрагдахыг уриалсан ямар ажил хийж байгаа вэ. Иргэд хэр зэрэг мэдээлэлтэй байгаа вэ?
-Манай эмнэлэг хороотойгоо хамтран ажиллаж, иргэдэд мэдээлэл өгч байна. Сургууль, цэцэрлэг, хорооны байр гээд хүмүүс их цуглардаг газар зарлал наасан байгаа.

-Аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудад вакцин хийнэ-
Бид ийн явсаар хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Мөнхцолмон” өрхийн эмнэлэг дээр очлоо. Тус эмнэлэг нь “Peace mall” төвийн чанх ард байрладаг юм. Биднийг 12:30 цагийн үед тэнд очиход тариа хийлгэж буй хоёр өндөр настан, эмчдээ үзүүлэхээр ирсэн жирэмсэн эмэгтэйг эс тооцвол тэнд өөр ямар ч хүн байсангүй. Тус хороонд 18-30 насны 2000 гаруй иргэн бүртгэлтэй бөгөөд вакцинжуулалтын эхний өдөр 33 иргэн вакцинаа хийлгэжээ.

Гэхдээ “Манай эмнэлэг хотын төвд буюу аж ахуйн нэгж байгууллагууд ихээр төвлөрсөн газар байрладаг тул вакцинд хамрагдах ёстой 2000 иргэнээс гадна эдгээр байгууллагын ажилчдыг вакцинд хамруулах ажлыг хийнэ” хэмээн тус эмнэлгийн их эмч Ч.Энхчимэг ярьсан юм.
-Вакцины эсрэг заалт, анхааруулга-
-Жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлнө.
-18-30 насны, жирэмсэн биш охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьснаас хойших нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байх.
-Улаанбурханы вакциныг нэг сарын дотор хийлгэсэн хүнд хийхгүй.
-Кортикостеройд бусад төрлийн дархлаа дарангуйлах эм, туяа эмчилгээний үед вакцин хийхгүй.
-Халуурсан, цочмог халдварт өвчин, лейкеми, лимфома, хурц цус багадалт, цусны тогтолцооны бусад цочмог өвчин, бөөрний үйл ажиллагааны хурц дутагдалтай үед вакцин хийхгүй.
-Декомпенсацийн шатанд байгаа зүрхний өвчнүүдийн үед вакцин хийхгүй.
-Иммуноглобулин хийлгэсэн буюу цус сэлбүүлсэн тохиолдолд вакцин хийхгүй.
-Вакцины найрлаганд орсон бодисонд харшилтай бол вакцин хийхгүй.
-Өндөгний харшилтай бол хийхгүй.


