Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудлын хогийн саванд монгол цамц хэвтэж буй дүр зургийг харав. Монголчууд бид арай ч үндэсний хувцсаа хогийн саванд хийхдээ тулаагүй байх. Тэгэхээр дэлхийн хаа нэгтэйгээс Монголыг зорин ирсэн жуулчин л байх гэж таамаглана.Тэгээд бодлоо...
Жуулчид Монголд ирэхдээ хэдэн төгрөгийг зарцуулахаар ирдэг юм бол. Худалдаа үйлчилгээнд хэдийг нь төлөвлөдөг юм. Ер нь Монголоос юу худалдан авдаг юм бол. Бид жуулчид сэтгэл дүүрэн худалдаж авахаар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна вэ. Үлдээх мөнгийг нь “салгаж” чадаж байна уу гэж. Өөрөөсөө асуусан бүхнийхээ эрэлд гарав.
Эхний асуулт: Жуулчид Монголд ирэхдээ хэдэн төгрөгийг зарцуулахаар ирдэг юм бол
2015 онд гаргасан судалгаагаар жуулчид Монгол Улсад дунджаар 14 хоног аялдаг бөгөөд хувийн аялагчид 1526 ам.доллар, багц аялагчид 2383 ам.долларыг тус тус зарцуулдаг байжээ. Харин 2019 оны судалгаагаар өөрийн орны тур агентаар дамжуулан аялал захиалсан жуулчид дунджаар 2187 ам.доллар зарцуулж байхад Монголын тур оператороос аялал худалдан авсан жуулчид дунджаар 2048 ам.долларыг төлдөг тухай өгүүлжээ. 2022 онд Нийслэлийн аялал жуулчлалын газраас явуулсан судалгаагаар жуулчдын 38 хувь нь 3000 хүртэлх доллар, 58 хувь нь 3000-8000 доллар, дөрвөн хувь нь 8000-аас дээш доллар зарцуулахаар төлөвлөснөө өгүүлжээ. Цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад Монголд аялахаар ирсэн жуулчдын аялалд зарцуулах мөнгөн дүн багагүй өссөн харагдана.
Хоёр дахь нь: Худалдаа үйлчилгээнд хэдийг нь төлөвлөдөг юм бол
Жуулчдын аяллын зорилго, сэтгэл ханамжийн талаарх судалгаа хангалттай байдаг боловч бараа бүтээгдэхүүнд хэдийг төлөвлөөд, хэдээр нь бараа худалдан авдаг талаарх судалгаа маш ховор юм. 2015 онд Монгол банк, Аялал жуулчлалын үндэсний төвийн хамтран хийсэн “Монгол Улсад аялж буй гадаадын жуулчдын зардлын түүвэр судалгаа”-нд дурдсанаар хувийн аялагчид нийт зардлын дунджаар 30 хувийг зочид буудал, байранд 24 хувийг ресторан, хоолны газарт, 20 хувийг бараа худалдан авахад зарцуулдаг байна. Харин багц аялагчдын хувьд нийт зардлынхаа 72 хувийг жуулчлалын компанид төлж, найман хувийг бараа бүтээгдэхүүнд зарцуулдаг байна. Мөн л Монгол банк, Аялал жуулчлалын үндэсний төвийн хамтран 2019 онд хийсэн“Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” судалгаанд худалдаа үйлчилгээний зардлын талаар товч дурджээ. Аяллын багц худалдан авахгүйгээр өөрөө аяллаа зохион байгуулсан жуулчид дунджаар 1658 ам.долларыг дараах байдлаар зарцуулсан байна. Үүнд, тээвэрт 421 ам.доллар,байр сууцанд 400 ам.доллар, бараа, бүтээгдэхүүн худалдан авахад 319 ам.доллар, хоол унданд 246 ам.доллар, бусад үйлчилгээнд 272 ам.долларыг зарцуулжээ.
Гурав дахь нь: Монголоос тэд юу авдаг юм бол
Жуулчдаас Монголоос худалдан авсан бүтээгдэхүүний талаар судалгаа авахад 53 хувь нь ноос ноолууран бүтээгдэхүүн, 34 хувь нь гар урлалын зүйлс, 15 хувь нь футболк ба бусад хувцас, найман хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн, долоон хувь нь, зургаан хувь нь бусад зүйл хэмээн нэрлэсэн байна. Зургаан хувийн бусад зүйлст морин хуур, хөгжмийн CD, DVD, нум сум, шагай, шоколад, гоёл чимэглэл, монгол цай, зөгийн бал, “Чингис” архи, ил захидал, морины тоног, хэрэгсэл зэрэг багтжээ. Энэхүү судалгаа 2019 оных. Цаг хугацааны хувьд ч хоцорсон зүйлгүй, цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар уналтад орохоос өмнөх үеийн бодит судалгаа. Гэхдээ бид 2022 оны жуулчид юуг худалдан авч буйг судлахаар аялагчид хамгийн их зочилдог Улсын их дэлгүүр, “Цэцэг” худалдааны төвийг зорьлоо.
Улсын их дэлгүүрийн худалдааны зөвлөх Ц.Нямсүрэн
Жуулчин бүр өөр, өөр зүйл худалдаж авна. Япончууд гараар урласан бүтээгдэхүүн, европчууд футволка, магнет, уран зураг, ил захидал худалдан авдаг. Эсгий углаашийг бүх л орныхон худалдан авдаг. Монгол үндэсний хувцас тэр бүр худалдан аваад байдаггүй. Үндэсний их баяр наадмаар ирсэн жуулчид голдуу малгай, цамц авдаг. Энэ зуны хувьд группээрээ аялагчид их байлаа.Азийн аялагчид ихэнх нь байсан. Эртний эдлэл зарим нь сурдаг ч манайд байдаггүй. Бэлгэдлийг бодож илүүтэй сонголт хийдэг.
“Цэцэг” худалдааны төвийн худалдааны зөвлөх М.Уянга
Овор хэмжээ багатай л бүтээгдэхүүн худалдан авдаг. Хөргөгчний наалт, ил захидал гэх мэт. Ачаа тээштэй багатай явах шаардлагатай юм шиг байгаа юм. Жижиг зүйл л худалдан авдаг. Бэлэгдлийг нь хараад сонголтоо хийдэг.
Дөрөв дэх нь: Бид жуулчид сэтгэл дүүрэн худалдаж авахаар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна вэ
Жуулчид сонирхож худалдаж авдаг зүйл олныг нэрлэж болно. Харин Монголоос сэтгэл дүүрэн худалдаж авдаг ганц зүйл нь ноолууран бүтээгдэхүүн. Жуулчдын хамгийн их үйлчлүүлдэг “Говь” хувьцаат компанийн борлуулалтын орлого нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар 16 хувь өсөж, 45.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тус компанийн хоёрдугаар улирлын борлуулалтын 21 хувийг л гэхэд гадаадын жуулчдын худалдан авалт бүрдүүлжээ. Зөвхөн жуулчдаас гэхэд 10-аад тэрбумыг тэд “салгаж” чадсан байна. Монголоос жуулчдын худалдан авдаг нийт бүтээгдэхүүний 53 хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн эзэлдэг тухай дээр дурдсан. Тэгвэл ноолууран бүтээгдэхүүн дотроо юуг илүүтэй худалдан авч буйг сонирхлоо.
“Negun сashmere”худалдааны зөвлөх Б.Аззаяа
Ороолт өмд, цамц, пальто гээд бүгдийг л худалдаж авдаг. Гэхдээ ороолт, шааль илүүтэй худалдан авдаг. Ноолууран дотуур хувцас их сонирхдог ч манайд байдаггүй. Жуулчдын хувьд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг 100 хувь ноолуур гэдгийг мэддэг учраас материал гэхээсээ илүүтэй загварыг чухалчилдаг. Европ жуулчдын хувьд сүүлийн үед сарлагийн хөөвөр их сонирхдог болсон. Харин Ази жуулчдын хувьд илүү зөөлөн буюу 100 хувь ноолууран бүтээгдэхүүн сонгодог. Энэ зуны хувьд БНСУ-ын аялагчид хамгийн их үйлчлүүллээ.
Тав дахь нь: Үлдээх мөнгийг нь “салгаж” чадаж байна уу
Худалдаа эрхлэгчдийн хэлснээр БНСУ болон европын жуулчид түлхүү байсныг хэлж байна. Энэ нь БОАЖЯ-наас гаргасан тоотой ч таарч байна. Яамнаас мэдээлснээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийт 168 мянга 891 гадаад жуулчин Монгол Улсад ирсэн байна. Үүний 79019 нь ОХУ-ын жуулчин байгаа бол 35996 нь Өмнөд Солонгосын жуулчид байгаа юм. Мөн энэ хугацаанд Казакстанаас 13516, Америкаас 5,995, Хятадаас 5725, Германаас 3,175, Беларусаас 2672, Японоос 3691, Туркээс 2214, Францаас 1114 жуулчин иржээ. Жуулчид Монгол Улсад нийт 172 626 269 ам.долларын орлогыг манай улсад оруулсан байна.
Жуулчид “гар” татдаггүй
172 626 269 ам.долларын орлогоос илүүг бид авч үлдэх боломж байна уу гэвэл байна. Жуулчид хэзээ ч Монголд “гар татдаггүй” нь аяллын компаниудын хөтөч болох худалдааны зөвлөхүүдийн хэлж буйгаас харагдана. Ижил загвартай хоёр бүтээгдэхүүн танилцуулахад чанар сайтайг нь сонгодог байна. Тэд үнэ гэхээсээ илүүтэй өөрт нь таалагдсан бол худалдан авах дүрмийг баримталдаг аж.
УИХ-ын дэлгүүрийн худалдааны зөвлөх М.Оюунбилэг
Манай тасгийн бүтээгдэхүүнээс жуулчдын хамгийн их худалдан авдаг бүтээгдэхүүн нь даавуу, эсгийн дээр зурсан уран зураг (хуйлмал зураг), ил захидал, зурагт хуудас байдаг. Ижил шахуу бүтээгдэхүүн 30, 50 мянга гэсэн үнээр худалдаалагдаж байхад үнийг нэг их чухалчилдаггүй. Энэ нь 20 мянган төгрөгийн хямд байна гэлгүй өөрт таалагдсанаа сонгодог. Жуулчид уран зураг их худалдан авч байна. Өчигдөр гэхэд ОХУ-ын жуулчин нэг хүн найман сая төгрөгт уран зураг худалдан авсан. Энэ нь тийм ч ховор тохиолдол биш. Аялагчдын хувьд таалагдсанаа л авдаг.
Харин гар урлалын худалдаа эрхлэгчдийн хувьд жуулчид овор хэмжээний хувьд бага, хямд зүйлийг хэрэглэдэг гэх хандлагатай байна. Тиймээс жижиг бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэдэг байна. Харин жуулчид оруулж ирдэг компаниудын хөтчийн зүгээс гар урлалын худалдаачдад гурван том алдаа буйг хэллээ.
Нэгдүгээрт, хамгийн хямд материалыг сонгож, маш хямд бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэдэг байна. Жуулчид “хэрэгтэй”-гээ л авдаг болохоос хэрэгтэй, хэрэггүй “хог” цуглуулах маш дургүй. Тиймээс чанартай бүтээгдэхүүнийг цөөн тоогоор үйлдвэрлэж өндөр үнээр борлуулах нь хямд чанаргүй бүтээгдэхүүнээс илүүтэй орлого оруулдаг байна. Жишээлбэл, хөргөгчний наалт л гэхэд хамгийн хурдан хуурах, өнгөө алдах материалаар хийдэг байна. Футболка, цамц авах сонирхол маш их байдаг боловч материалын хувьд чанарын шаардлага хангадаггүй. Бөөний төвийн хамгийн хямд малгай, футболка, цамц дээр бүгдээрээ шахуу “Mongolia”гэж бичиж хэвлэхээс биш арай илүү чанартай малгайг сонгож, арай “өөр” зураг хэвлэх талаар нь нэг нь ч боддоггүй, бүгд нэгнийгээ дуурайсан байдаг.
“Nomads adventure tours”компанийн захирал Л.Баяндорж
Монгол Улс аялал жуулчлалын бүтээгдэхүүн буюу сувенерийн маш сонголт муутай оронд ордог. Нэг жуулчин хамгийн багадаа 300-500 долларыг зөвхөн бэлэг дурсгалд зориулахаар төлөвлөдөг. Гэтэл бэлэг дурсгалын зүйл 10-20 доллар л зарцуулж байна. Шалтгаан нь манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хүний хэрэгцээг хангадаггүй. Сувенир хийж чадаж байгаа юу гэвэл тийм гэнэ. Гэхдээ маш хямд материалаар үнэ цэнгүй бүтээгдэхүүн хийгээд хямд зарахаар гологдоно. Жуулчдын хувьд чанарыг чухалчилдаг. Жуулчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн материалаар чанартай бүтээгдэхүүн хийгээд зарахад өндөр үнээр худалдан авахад бэлэн байдаг. Монголчууд харин үүнийх нь яг эсрэг байна.
Цөөн тооны чанартай бүтээгдэхүүн худалдаалж чадаж буйн нэг жишээ болгож “Ялгуун” брэндийг онцолж байна. Аяга таваг, алчуур, цүнх, түрийвч гээд бараг ердөө 10 гаруй төрлийнх. Мэдээж дотроо загвараараа ялгаатай.
“Ялгуун” брэндийн худалдааны зөвлөх М.Үлэмж
Жуулчдын хувьд манай бүтээгдэхүүнүүдээс гоо сайхны цүнх, түрийвч, кардиган, цүнх, алчуур, аяга таваг зэргийг худалдан авдаг. Жуулчдын чухалчилдаг зүйл нь нэгдүгээрт чанар, хоёрдугаарт загвар. Манай худалдан авагчдын ихэнх евровчууд. Азид алчуурны соёл өндөр хөгжсөн гэдэг утгаараа алчуур их худалдан авахаас гадна хослуулж цүнх худалдан авдаг. Энэ зуны хувьд маш их ачаалалтай байлаа. Өдөрт 100-аад жуулчин худалдан авалт хийсэн. Энгийн үед нэг л хүн ажилладаг байсан бол яг энэ цаг үеэр 2-3-уулаа ажиллаад ч хүрэлцэхгүй байлаа. Есдүгээр сар гараад жуулчид харьцангуй цөөрлөө.
Хоёрдугаарт овор хэмжээний хувьд бага хэмжээтэй байх хэрэгтэйг бодолцдоггүй. Жуулчид авч явахад амар хялбар бүтээгдэхүүнийг сонгодог. Гэтэл үүнээс болж хамгийн их хоцорч үлдэж буй нь сийлбэрийн бүтээлүүд. Уг нь тэд үүнийг ойлгодог “том” бүтээлүүдээ урласаар. Уран зургийн жаазыг хүртэл “төвөгшөөдөг”. Урлаачдын цөөнгүй тоогоор үйлдвэрлэж буй морин хуур гэхэд хамгийн бага зарагддаг бүтээгдэхүүнд багтдаг юм байна. Шалтгаан нь нөгөө л овор хэмжээ. Бас бэлгэдэл зүйг нь төдийлөн сайн ойлгуулдаггүйгээс үүдэн сонголт хийдэггүй байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч М.Цэцэгсүрэн
Жуулчид жаазтай зураг худалдан авлаа гэхэд жаазыг салгуулж авдаг. Нутагтаа очоод жаазлуулна гэдэг. Ерөнхийдөө жааз нь гологдоод байна уу гэж ч хардаг.
Гуравт жуулчдын хэрэгцээг мэдэрдэггүй. Гар урлаачдын бүтээгдэхүүний ихэнхийг түлхүүрийн оосор эзэлнэ. Гэтэл одоо дэлхий нийтээр түлхүүр хэрэглэхээ больж байна. Үүний оронд картын сав болоод утасны гэрийг үйлдвэрлэх нь илүү борлуулалт өндөртэй аж. Зуны халуунд жуулчдад малгай авах хэрэгцээ гарлаа гэхэд ихэнх нь футболк, цамц олноор үйлдвэрлэсэн. Худалдаалж буй малгай нь нэг л төрлийн буюу саравчтай малгай байх бөгөөд өөр төрлийн сонголтгүй. Тиймээс хэрэгцээ, шаардлагыг соргогоор харж мэдрэх нь юу юунаас илүү чухал. Хувь тохирдог, овор хэмжээний хувьд бага байх ёстой.
Төлөвлөсөн мөнгийг нь салгаж үлдэхэд худалдаа эрхлэгчдэд нэг том дутагдал байна. Энэ нь хөтөч болон аяллын компаниудтай холбогдох. Ноолуурын борлуулалт дангаараа 50 гаруй хувийг эзлээд буй амжилтын нэг шалтгаан нь хөтчүүдтэй “хувь тохирох” байдаг. Гэтэл Улсын их дэлгүүртэй залгаа шахуу орших, түүнээс ч илүү сонголттой гар урлалын худалдаачид “Хөтчүүдтэй хувь тохирдог талаар анх удаа сонсож байна” гэх. Гар урлаачдын ихэнх нь жуулчдыг “бага” зүйл худалдан авдаг, мөнгө муутай хэмээн үзэж байна. Гаднах төрх нь танд ядруу харагдаж байвч цаанаа бол “үгүй” л юм. Жуулчид хэзээ ч гар татдаггүй, үнэд ач холбогдол өгөлгүй худалдан авдаг гэдгийг жуулчдын компани, хөтөч, жуулчдын хамгийн их үйлчлүүлдэг дэлгүүрийн худалдааны зөвлөхүүд дуу нэгтэйгээр хэлж буй нь нэгийг бодуулах биз ээ.
Сүүлийн асуулт: Бидний бэлэг яагаад онгоцны буудлын хогийн саванд үлдээд буй юм бол
Хариулт нь дээрх бүгд.Үйлдвэрлэсэн чанаргүй бүтээгдэхүүн нь онгоцны буудал “орж” амждаггүй. Сонголт муутайгаас үүдэн хүчээр шахуу худалдан авсан ч ачаа хэтрэхэд “гологдол” болдог. Үүнээс гадна худалдаачид зарж л байвал жуулчдаа “үл өрөвдөж” мэдэхгүйг нь далимдуулан хилээр гарах хориотой ангийн арьс, амьтны соёо, динозаврын өндөг зэрэг зүйлсийг худалдаж энэ нь үлддэг байна.