Төр, хувийн хэвшлийн түншлэлийг улс орон бүр дэд бүтэц, төрийн үйлчилгээг хөгжүүлэх бодлогын арга хэрэгсэл болгон ашигладаг. 2021 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулж, Сангийн яамнаас энэ хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан юм. Тус хууль батлагдсанаар хувийн хэвшил, төр хоорондын түншлэл ямар байх, түүний бодит харилцааг хэрхэн зохицуулах асуудал анхаарал татаж байгаа юм.
ТХХТ-ийн тухай хуулийн төсөл” нь нийт есөн бүлэг, 60 зүйлтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын гишүүн орнуудын дагаж мөрддөг ТХХТ-ийн загвар хуулийг үндэслэн боловсруулсан аж. Энэ хууль нь олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, ил тод, зөв менежменттэй, урт хугацаанд өрсөлдөөнийг дэмжсэн зарчимд тулгуурлах юм байна. Энэ хууль Батлан хамгаалах, уул уурхай, банк санхүүгээс бусад салбар буюу нийтийн зориулалттай дэд бүтэц, зам тээвэр зэрэг салбарт үйлчилнэ. Хууль батлагдсанаар Концессын тухай хууль хүчингүй болно. Учир нь концесс нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр буюу энэ дотроо агуулагддаг ойлголт юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь Концессын хуулиас дараах байдлаар ялгагдана.
ТХХТ-ийн тухай хууль батлагдсанаар томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдүүлнэ. Мөн "Барих-Шилжүүлэх" төрлийн богино хугацаатай, төсөвт дарамт учруулах төслүүдийг түншлэлээр хэрэгжүүлэхгүй. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг нь зөвхөн "Барих-Ашиглах", "Барих-Шилжүүлэх" хэлбэрээр явагддаггүй. Ойролцоогоор найм орчим хэлбэрээр төр хувийн хэвшил түншлэх боломжтой. Төр олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зайлшгүй шаардлагаар зарим төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хэрэгцээ үүсдэг. Тэр хөтөлбөр нь хувийн хэвшилд төдийлөн ашигтай биш учраас сонирхлыг нь татдаггүй. Хувийн хэвшил ашигтайгаа сонгож хийдэг байсан бол энэ хууль батлагдсанаар нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, төр урт хугацаанд санхүүжилт хийж хувийн хэвшил түүнийг авч явна. Төр бүх түвшиндээ нэгдсэн том судалгаа хийж чадахгүй байсан учраас зарим алдаа гарч байсан. Цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ауил, ТХХТ-ээр хийгдэх ажлуудын эдийн засгийн үр өгөөжийг судална. Ингээд дүгнэлт гаргаад Засгийн газраас дэмжигдсэн тохиолдолд цааш ажил хэрэг болдог болно" хэмээн мэдээлсэн.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар ТХХТ-ийн талаар олон улс дахь Монгол Улсын үнэлгээ сайжирна гэж үзэж буй. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл бий болж, хөрөнгө оруулалт өсөж, олон улсын технологи, туршлага, чадавхийг нутагшуулах аж.
Сангийн сайд Б.Жавхлан "Одоо энэ төрлийн харилцааг Концессын хуулиар зохицуулж буй. ТХХТ-ийн тухай хууль бол анхдагч хууль. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирэхдээ хамгийн түрүүнд энэ хуулийг асуудаг. Хууль баталснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Одоо байгаа концессын хууль үүргээ гүйцэтгэсэн. ТХХТ-ийн хууль батлагдсанаар бариад шилжүүлэх тухай ойлголт байхгүй болно. Олон улсын түншлэлийн харилцаанд бариад төсөвтөө шууд шахдаг зохицуулалт байхгүй. Энэ бол түншлэл биш. Төсвөө дээрэмдэж байгаа хэлбэр. Өнөөдрийг хүртэл есөн тэрбум долларын ТХХТ-ийн "Барих-Шилжүүлэх" өрийг барагдуулж байна. Шинэ хууль нь нийгэм эдийн засгийн өсөн нэмэгдэж байгаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн боломж, чадавх дээр суурилж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр төрийн үйлчилгээг хүртээмжтэйгээр урт хугацаанд тогтвортой явуулах эрх зүйн зохицуулалт. Тус хуулийн 31, 32 дугаар зүйлд хариуцлагын асуудлыг маш тодорхой тусгасан. Төр хувийн хэвшлийн бизнесийг хамгаалж өгнө" гэв.
31 дүгээр зүйл. Засгийн газрын баталгаа
31.1. Засгийн газар төслийн бүрэн шинжилгээний үр дүнд үндэслэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төсөлд дараах баталгааг гаргаж болно:
31.1.1. ТХХТ гэрээ болон түүнийг дагалдан байгуулагдсан гэрээ, тэдгээрийн гол нөхцөл зөрчигдөх нөхцөл үүссэн тохиолдолд түншлэлийн төсөлд төсвөөс санхүүжүүлэх үүргийн баталгаа;
31.1.2. түншлэлийн төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, олон нийтийн хэрэгцээнд ашиглах, хэрэглэх баталгаа.
31.2. Энэ хуулийн 31.1-д заасан баталгааг гаргах, үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийн түншлэгчтэй холбогдох гэрээ байгуулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.
31.3. Энэ хуулийн 31.1-д заасан баталгаа нь Засгийн газрын өрийн баталгаанд хамаарахгүй бөгөөд уг баталгааг гаргах, гэрээ байгуулахтай холбоотой асуудлыг энэ хуулийн 7.2.5-д заасан журмын дагуу зохицуулна.
31.4. Энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээгээр ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлд Засгийн газраас өрийн баталгаа гаргахаар тогтоогдсон тохиолдолд хувийн хэвшлийн түншлэгчид Засгийн газрын өрийн баталгааг Өрийн удирдлагын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн гаргаж болно.
31.5. Энэ хуулийн 31.4-т зааснаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар зохицуулна.
32 дугаар зүйл. Төрөөс үзүүлэх дэмжлэг
32.1. Засгийн газрын шийдвэрээр түншлэлийн гэрээний хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчид дараах дэмжлэгийг үзүүлж болно:
32.1.1. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхээр хангах,
32.1.2. төрийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр хангах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглах эрх олгох;
32.1.3. холбогдох хууль тогтоомжид заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
32.1.4. түншлэлийн гэрээнд зааснаар төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг төсвөөс санхүүжүүлэх;
32.1.5. шаардлагатай тохиолдолд түншлэлийн зүйлийг даатгалд хамруулах;
32.1.6. түншлэлийн төслөөр бий болгохоос бусад төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээгээр хангах;
32.1.7. хуульд заасан бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх.
32.2. Төрийн түншлэгч түншлэлийн гэрээний дагуу хувийн хэвшлийн түншлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай төрийн өмчид хамаарах оюуны өмчийн онцгой эрхийг тодорхой нөхцөл, хугацаатайгаар шилжүүлж болно.
32.3. Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвөөс санхүүжүүлэх нийт дүн нь төслийн нийт зардлаас хэтэрч болохгүй.
32.4. Түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжинэ.