Гэрлэлт, хурим гэхээсээ бэр гуйж үнэ цэнэтэйгээр айлын гэргий болж, хүүхдээ овоглох шаардлагаар албан ёсоор батлуулагсадын судлаачдын нэрлэж амжаагүй гэр бүлийн хэлбэр ч бий.

Гэр бүлийн харилцааг судлагчид өөр өөрсдийнхөөрөө хэлбэржүүлэн хувааж тэр бүрт нь нэр оноосон байдаг ч гэрлэсэн, гэрлээгүй гэдэг хоёрхон нэршил нийгмийн талаасаа олон зүйлийг шийдэж байх шиг. Гэрлэлт, хурим гэхээсээ бэр гуйж үнэ цэнэтэйгээр айлын гэргий болж, хүүхдээ овоглох шаардлагаар албан ёсоор батлуулагсадын судлаачдын нэрлэж амжаагүй гэр бүлийн хэлбэр ч бий. Эхнэр, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах Нуклеар гэр бүл, хамтран амьдрах олон хэлбэрийг илэрхийлсэн альтернатив гэр бүлийн загвар гэж ч бий. Хамтран амьдрагч гэх нэр дээрх хэлбэрт огтхон ч тохирохгүй, амьдралаа холбосон ч хуримаа хийгээгүй, гэрлэлтээ батлуулаагүйгээ ингэж нэрлүүлэхийг хүсдэг хосууд гэж үгүй. Монголчууд бидний хувьд хайр сэтгэл, хоёр биенийхээ итгэл хүслийг хүндэтгэх эрмэлзэл хэзээд хамгийн тэргүүнд тавигдсаар ирсэн нь гэрлэлтээс тодхон харагддаг. Хэн нэгэнтэй хүчээр гэрлэх, богтлуулах гээчийг хувьсгалаас хойш биеэр мэдэрч сэтгэлийн зовлон эдлэн амьдрагсад одоо үед олдохгүй л болов уу.

Гэр бүлийн үнэт зүйл гэдгээр хамтран амьдрагч гэх статусыг буруушаах байдал судлаачдын дунд л их ажиглагдахаас бус энгийн иргэдийн дунд ийм статуст багтах гэр бүлүүдийг буруушаан нүд үзүүрлэх нэгэн тэр бүр таарахгүй. Нийтлэлийн гол дүр болсон А-гийн гэр бүл 2 настай нэг хүүтэй, намар төрөх шинэ хүнээ хүлээж буй залуу гэр бүл. Тэдний танилцсан түүх 7 жил ч хамтран амьдарсан хугацаа нь 5 жилийн өмнөөс эхтэй. Өнөөгийн монгол залуусын хамтын амьдралын гол загвар гэж хэлж болохоор бэр гуйж хадмуудтайгаа танилцан ууган хүүхдээ өлгийдөн авсан ч зарим нэг шалтгааны улмаас албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй яваа аж.

Өрхийн тэргүүн А: “Хурим хийлээ гээд илүү жаргалтай амьдарч, гэр бүлийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэж боддоггүй” гэх нь хамтран амьдрагч статустай ч багагүй хугацаанд амьдарч үр хүүхдээ өлгийдөн авсан олон хосын нийтлэг үзлийг илэрхийлэх шиг.

Гэр бүлийн үнэ цэнэ

Соц нийгмийн үед гэр бүлийн үнэ цэнийг гэр бүлийн тогтвортой байдал хэмээн тодорхойлдог байсан бол зах зээлд шилжсэнээс хойш энэ ойлголт илүү биежиж, хамтын хөрөнгөнд илүү анхаардаг болж өөрчлөгдсөн. Харин өнөө цагт гэр бүлийн үнэ цэнийг элэг бүтэн, эрүүл энх, дутагдаж гачигдах зүйлгүй энгийн чөлөөт амьдрал гэх үзэл эд хөрөнгөөр үнэ цэнээ хэмжих гэр бүлүүдтэй ижил хэмжээгээр зэрэгцэн оршиж байх шиг. Өрхийн тэргүүн А- 32 настай, хувийн компанид дунд түвшний удирдлагынажил хийдэг. Бүрэн дунд боловсролтой,олон хүүхэдтэй айлын дунд хүү. Бизнесийн удирдлага, маркетингаар суралцаж буй. Олон хүүхэдтэй болж, хүүхдүүдээ эх орондоо хэрэгтэй, шударга иргэн болгож хүмүүжүүлэхийг хүсдэг. Мэргэжил гэдэг диплом нэртэй бусдад үзүүлдэг цаас биш гэж боддог. Тэрээр гэр бүлийн үнэ цэнийн талаар: Сошиал сувгууд, телевиз хэвлэл мэдээллээр явж буй өвчтэй хүүхэддээ, эхнэртээ, нөхөртөө хандив гуйж буй гэр бүлүүдийг харахад гэр бүлийн үнэ цэнэ элэг бүтэн, эрүүл энх амьдрал юм байна гэж бодох болсон. Хэдий их мөнгөтэй байлаа ч өвчний, үхлийн өмнө хүний эд хөрөнгө үнэ цэнэгүй хэдэн цаас болох нь бий. Залуу хүн залхуурахгүй, халшрахгүй зүтгэвэл хүнд үзүүлэх дипломгүй ч ажил хийгээд эхнэр, хүүхдээ тэжээгээд явах боломж хаана ч бий гэж боддог. Надад эзэмшсэн мэргэжил одоохондоо байхгүй ч ямар ч ажлыг хичээж хийдэг, нягт нямбай хандахыг эрмэлздэг зангаараа ажилласан компанидаа үнэлэгдэж хар ажилчнаас дунд түвшний удирдлагын ажил хийж, хажуугаар нь дээд сургуульд суралцажбайгаадаа сэтгэл хангалуун байдаг. Манай гэр бүлийн хувьд эд хөрөнгөнд бус эрх чөлөөнд шүтэж амьдардаг. Эхнэр маань энэ үзлээрээ надтай адилхан учраас байр, машин авах зэрэг хөрөнгөтэй холбоотой зүйл дээр огтхон ч муудалцдаггүй нь сайхан” гэв. Эхнэр Ж-ийн хувьд гэр бүлийн үнэ цэнийг гэр бүлийн аз жаргалтай холбоотой асуудал гэж боддог гэв. “Гэр бүлийн аз жаргал гэхээр дутагдах гачигдах зүйлгүй, эсвэл элбэг хангалуун байх биш юм. Эхнэр нөхөр хоёр ихэнх зүйл дээр санаа нийлдэг. Хоёулаа хамтдаа гэсэн зорилготой амьдарвал гэр бүл маргаангүй, тайван амьдарч бүх асуудлуудаа хамтдаа шийдэж чадах юм шиг бодогддог. Манай гэр бүлийн үнэ цэнэ бол бид гурвын аз жаргалтай энэ амьдрал”.

Хүүгээ төрөхөд нөхөр А нь уурхайд очиж ажиллах найзынхаа саналыг хүлээн авахад бэлэн байсан ч эхнэр нь зөвшөөрөөгүй учраас яваагүй аж. Эхнэр Ж нь энэ талаараа: Уурхай ч бай, гадаадад ч бай цалин хөлсний сайныг сонгож амьдрах зөв сонголт шиг санагддаггүй. Уул уурхай, гадаадад ажиллагсдын аль нь ч хугацаатай л ажиллана. Уртдаа 5, бүр 10 жил байг. Тэрний дараа ахиад шинэ ажил хайх хэрэгтэй болдог жишээ ойр тойронд минь олон бий. Миний хувьд аливаа зүйлд хурдан хүрэх, мөнгө хурдан олдог ажил хийхээсээ илүү тогтвортой урт хугацааны ажил илүү дээр сонголт гэж боддог. Одоо байр лизингээр авсан ч, банкны бүх төрлийн зээл авсан ч адилхан тогтвортой ажиллаж байгаа эсэхийг нь голчлон анхаардаг болсон цаг. Нэг жил өндөр цалинтай ажил хийснийхээ дараа хагас жил ажилгүй суух уу, бага боловч тогтвортой цалинтай ажилд орох уу гэдэг сонголт их тулгарах болжээ. Би нөхөртөө хоёр дахь сонголтыг санал болгосон гэж ярилаа.

Залуу гэр бүл төрөөс юу хүсдэг вэ?

А-гийн гэр бүлтэй ижил түвшинд, ижил загвараар амьдарч яваа залуу хос цөөнгүй бий. Төрөөс залуу гэр бүлийг дэмжих талдээр ямар ч бодлогогүй гэх шүүмжлэл улиг болтлоо яригдсаар. Харин залуу гэр бүлүүд энэ талаар ямар бодолтой явдаг бол?

Өрхийн тэргүүн А: Залуу гэр бүлийг төрөөс дэмжих гэдэг дээр хүүхдэд хандсан ажил байвал гэсэн ганц л бодол байна. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг хангалттай болгоод өгчихвөл өөр зүйл дээр хүний гар харах зүйл залууст бага болсон цаг. Эхнэр нөхөр хоёр ажилдаа бүх анхаарлаа хандуулья гэхэд ард санаа зовох зүйл нь ганц хүүхэд болдог. Төрсний дараа эхнэр нь хүүхдээ хараад 1 жил ч юмуу гэртээ суух бол асуудалгүй, тэрнээс урт хугацаатай болоод ирэхэд гэр бүлийн санхүү хүндрээд ирдэг. Хөлд ороод, бие даагаад ирсэн хүүхдээ цэцэрлэгт өгөх гэхээр ясли тэр бүр байхгүй, хэдэн хороон дунд ганц байх.

Цэцэрлэгт өгье гэвэл 9 сард 2 нас хүрээгүй хүүхэд авахгүй гэдэг. Хоёр нас хүрэхэд нэг сар дутуу байна уу, нэг хоног дутуу байна уу хамаагүй дүрэм журам ярина. Зарим нь зүгээр л сугалаагаар шийдэх нь байна. Хүний амьдрал бүтэн тооцоотой явна гэж үгүй. Хүүхдээ 9 сард хоёр нас хүрсэн байхаар төрүүлнэ гэдэг хүндхэн, инээдтэй асуудал биш гэж үү. Улсын цэцэрлэгт өгөх боломж хасагдахад үлдэж буй хоёр боломж нь хувийн цэцэрлэг үү? Эмээ өвөөгөөр нь хүүхдээ харуулах уу? Хувийн цэцэрлэг сард дунджаар 250-350 мянган төгрөгний төлбөртэй, цалингийнхаа талыг, зарим нь талаас ч илүүг нь хүүхдийнхээ цэцэрлэгт өгчихвөл эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суухаас ялгаагүй болчихно. Ийм л сонголтоос үүдэн эхнэрүүд гэрийн эзэгтэй болж ажил, мэргэжлээ өөртэйгээ хамт гаргуунд нь гаргадаг тохиолдол хөгшин хүнд хөлд орж буй хүүхэд харах гэдэг өдрийн 8 цагийн ажил хийснээс ч хүнд тусдаг. Төрөөс залуу гэр бүлийн хүүхдүүдийг хүмүүжүүлдэг байгууллага болох цэцэрлэг, сургуулийг л хангаж өгвөл эндээс урган гардаг олон асуудлууд өөрсдөө дагаад шийдэгдэх биз.

Тэвчээрийн хязгаар хаана оршдог вэ?

Эр хүний ноён нуруу, эмэгтэй хүний тэвчээр дээр гэр бүлийн амьдрал оршдог гэлцдэг. Залуу гэр бүлийн маргаануудын шалтгаан ихэвчлэн юу байдаг вэ? Гэрийн эзэгтэй Ж. МУИС-ыг Сэтгүүлчээр төгссөн, нөхөр шигээ 6 хүүхэдтэй айлын дунд охин. Хувийн компанид мэргэжлээрээ ажилладаг. Эмэгтэйчүүдэд нийтлэг байдаг цагаан даашинз өмсөж хуримын ордонд гэрлэлтээ батлуулахыг хүсдэггүй ч хамтран амьдрагч гэсэн статуст гэр бүлээ оруулахыг эсэргүүцдэг. Хурим найр хийсэн гэрлэлт илүү баталгаатай байдаг гэж боддоггүй. А-гийн гэр бүлийн маргааны шалтгаан бусад залуу гэр бүлийнхэнтэй л ижил. Гэхдээ хардалт, архи дарс, мөнгөнөөс болж тэр бүр маргахгүй. Хэдий хоёрхон настай ч хүүгийн хүмүүжлээс болсон маргаан дийлэнхийг, үүний дараа гэр бүлд анхаарал тавихгүй байгаа явдал, ажлын ачаалал стрессээс үүдэлтэй маргаан үе үе гардаг гэлээ.

Хүүхдийн хүмүүжилд буруу үйлдэл хийсэн хүүхдийг ээж нь зэмлэж байхад аав нь инээж суух нь хүүхдэд зөв бурууг ялгахад хэцүү болгодог.

Эдний гэр бүлд итгэл хамгийн эхэнд тавигддаг, хааяа тоглоомоор хардах ч амьдрал дээр хараас болсон маргаан байхгүй. Хоёр дахь хүүхэд дээрээ тамхийг бүр мөсөн хаяна гэсэн учраас 7 хоногт 3-4 янжуур л татдаг болсон өрхийн тэргүүн зөвхөн тэмдэглэлт баяр, эсвэл найз нөхөдтэйгээ уулзахдаа л багахан хүртдэг. Гэртээ кино үзэнгээ шар айраг уухыг илүү тухтай гэж үздэг. Хүүхдийн хүмүүжил дээр төрөхөөс нь өмнө тохиролцсон нэгнээсээ зөрсөн үйлдэл гаргахгүй гэсэн явдал одоо мартагдсанаас жинхэнэ маргаан дэгддэг болжээ. “Хүүхдийн хүмүүжилд буруу үйлдэл хийсэн хүүхдийг ээж нь зэмлэж байхад аав нь инээж суух нь хүүхдэд зөв бурууг ялгахад хэцүү болгодог. Тиймээс аав инээж байгаа учраас би тийм ч буруу зүйл хийгээгүй байна гэсэн бодол төрж, хийсэн үйлдлээ буруу гэж бодохгүй. Зөвхөн ганц тохиолдол дээр ч бус олон зүйл дээр эцэг эх буруу үед нь бурууг нь ойлгуулах нь чухал гэсэн байдаг. Анх ярилцсанаасаа зөрж нэгнээсээ хүүхдээ жаахан өмөөрөх хандлага гаргах нь ихэссэн. Эндээс л жинхэнэ маргаан дэгддэг. Гэхдээ хүүхэд уйлахад бухимдсан бухимдал түүнийгээ инээхэд л алга болж гэр бүлээрээ инээлдэж эхэлдэг нь сайхан.

Эцэг эхээ яаж муудалцуулахаа мэддэг ч буцааж эвлэрүүлж чаддаг нь хүүхдийн ид шид” гэж тэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөв. “Өөрийн гэсэн гэр бүлээ зохиосон л бол аль болох бие даан тусдаа амьдрахыг хичээх хэрэгтэй. Үгүй бол гэр бүл дунд мөнхөд үргэлжлэх ах дүү, аав ээжээс боллоо гэх хэрүүлийн эхлэл тавигддаг. Эхнэр хүн дуулгавартай байх, эр хүн тэвчээртэй байх гэдэг өөр өөрийн хэмжээтэй байдаг бололтой. Гэр бүл зохионо гэдэг яаран шийдэх асуудал биш. Өнөөдөр танилцаж сарын дараа нэг гэрт орж, жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авлаа гэдэг. Бие биенээ огт танихгүй, уух ус, амьсгалах агаараас бусад нь өөр хүмүүс ийм хурдан нэг нэгнээ таниж мэднэ гэдэг насны ханиа, түшиг тулгуураа мөн гэж таних нь ховор тохиолдох аз гэж хэлж болно. Хүүхэдтэй болоход хэзээ ч оройтдоггүй. Харин гэр бүл салж, хүүхэд өнчрүүлнэ гэдэг засаж болдоггүй зүйл. Эцэг эхийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийлэл хүүхдэд их хүндээр тусдаг. Насан туршдаа ийм бараан дурсамжтай амьдарч, өөртөө итгэлгүй байдлынх нь шалтгаан болсон найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсийн жишээ ч бий” гэж өрхийн тэргүүн А өөрийн бодлоо хуваалцсан юм.

Харин гэрийн эзэгтэй Ж: “Гэр бүл болж байгаагийн гол учир нь хайртай хүнтэйгээ үлдсэн насаа өнгөрүүлэхээс гадна, хайраасаа төрсөн хүүхдүүдтэй болох нь аз жаргалыг үргэлжлүүлдэг. Тэр бүх хугацааны туршид маргах асуудал олон гардаг. Гэр бүлийн маргаанд тэвчээртэй нь, ухаантай нь, хүчтэй нь ялдаггүй. Ерөөс хэн нэгэн ялагч гэж байдаггүй. Зөвхөн харилцан ярилцаж эцэслэн шийдсэний дараа л маргаан бүрэн шийдэгддэг” гэлээ.

Эдний гэр бүл монголын гэрлэлтээ батлуулаагүй залуу гэр бүлүүдийн нэг. Түрээсийн байр, цэцэрлэгт багтаагүй хүүхэд, цалингийн зээл, гэрлэлтийн баталгаагүй байдал гэхдээ аз жаргалтай, эрүүл энх, байгаадаа сэтгэл хангалуун амьдралтай олон мянган залуу гэр бүлийн нэг. Гэрлэлтийн баталгаа гэдэг аз жаргалтай, баталгаатай гэр бүл биш ердөө хуулийн өмнө, улсын доторх албан ёсны нэгж гэдгийг баталсан баримт гэдгийг илэрхийлсэн олон гэр бүлүүдийн нэг юм.

Л.Эрдэнэжаргал