Ши Жиньпины дараа Хятадын хоёр дахь том нөлөө бүхий хүнээр нэрлэгдээд байгаа Ли Цян нь 2017 оноос хойш Шанхай хотын коммунист намын даргаар ажиллаж буй. Улс төрийн товчооны байнгын хорооны 7 гишүүний хоёрдугаарт эрэмбэлгдсэн тэрээр ирэх оны гуравдугаар сард халаагаа өгөх Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянийг залгамжлах нь нэгэнт тодорхой болсон.
Энэ жил 63 настай Ли Цян нь Ши Жиньпины хамгийн ойрын хүмүүсийн нэг. Шанхай хотын намын хорооны даргын албан тушаал Хятадын нөлөө бүхий улс төрчдийг төрүүлсээр ирсэн бөгөөд өмнөх үеийнхнээсээ ялгаатай нь Ли Цяны хувьд Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан туршлагагүй нэгэн.
Мөн цар тахлын улмаас Шанхай хотод удаан хугацааны турш тогтоосон хатуу хөл хорио нь эдийн засгийн ноцтой хохирол дагуулж, иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан нь Лигийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ч тэрээр суудлаа хадгалан үлдэж чадсан нь Ши Жиньпины ойрын холбоотон гэдгийг харуулж байгаа юм.
Ням гарагийн томилгооноос өмнө Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны халааг авах хамгийн өндөр магадлалтай хүнээр ерөнхий сайдын орлогч асан Ван Яныг нэрлэж байлаа.
Гэвч Ван Яны хувьд нэг асуудал байсан нь тэрээр Хятадын залуучуудын холбооны өрсөлдөгч бүлгээс гаралтай аж. Тус холбоог Ши Жиньпин өөрийнх нь засаглалд заналхийлдэг гэж үздэг хэмээдэг.
Ли Цяныг Хятадын хоёр дахь том эрхэмээр сонгосон явдал нь Ши Жиньпин зөвхөн итгэл даах ойрын хүмүүсээрээ өөрийгөө хүрээлүүлсний илрэл гэж ажиглагчид дүгнэж буй.
Ли сүүлийн 20 орчим жил буюу Жэжян мужийг удирдах үеэс эхлэн Ши Жиньпинтэй ойр дотно ажиллаж байгаа.

Тэрээр ням гарагийн томилгоогоор ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны долоон гишүүнд багтсан Цай Ци болон Ли Ши нарын хамтаар “Шинэ Жэжяны арми” –ын удирдлагын бүрэлдхүүнд багтаж байсан юм.
Шанхайд гадаадын олон томоохон хөрөнгө оруулагчдыг амжилттай татаж чадсан Ли Цяныг ковидоос болж хямраад буй Хятадын эдийн засгийг сэргээхэд чухал нөлөө үзүүлж чадна гэж олон хүн үзэж байгаа аж.