Аливаа үндэстний хоол, хүнсний уламжлал, бэлтгэх, хүртэх ёс нь тэр чигээрээ тухайн улсын соёлын нэгэн томоохон хэсэг. Гэвч бид монгол хоолны уламжлалаасаа өдрөөс өдөрт алсарсаар байна. Монгол хоолноосоо “холдож” буй нь энгийн мэт санагдах ч хүндтэй нэгэн соёлоо өөрсдийн гараар устгаж буй гэмт хэрэг гэж боддог.

Үндэснийхээ хоол хүнсний талаар судлахаар шийдсэн ч төдийлөн шийдвэртэй алхам хийж чадахгүй байлаа. Харин “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 2022 онд Монголын уламжлалт хоол хүнс сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг олж харсан даруйдаа энэ талаар судлахаар шийдсэн юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд энэ өдрийг жил бүр дэлхийн олон оронд тэмдэглэдэг байна.

Монгол үндэстнийхээ хоол хүнсний талаар судалж мэдэхээр хоол зүйч, шим тэжээл судлаач нартай зөвлөлдлөө. Хэд хэдэн бүтээл шүүрдэхээр болов. Олон бүтээлээс энэ удаад ШУТИС-ийн профессор, доктор Г.Гомбын туурвисан “Монгол үндэстний хоол хүнс” бүтээлээс уншиж мэдсэнээ хуваалцъя. Уулзсан эрдэмтдийн минь дуу нэгтэйгээр санал болгосон энэхүү бүтээл нь “Монгол үндэстний хоол хүнс” хэмээх нэгэн сэдвээр хэвлүүлсэн анхны гэж хэлж болохуйц бүтээл ажээ.

Монголчууд шим тэжээлийн дутагдлаас “холуур” өнгөрсөн түүх

Аливаа улс үндэстний хүнс, хоол ундаагаа бэлтгэх, хэрэглэх ухаан, ёс дэг нь түүний оршин буй газар нутаг, байгаль цаг уурын нөхцөл, голлон эрхэлдэг аж ахуй хийгээд шашин шүтлэг, соёлтой нягт холбоотой аж. Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагтай манай орны хувьд бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүнс хоол, ундаагаа бий болгон бэлтгэх, хэрэглэх талаар маш өвөрмөц соёл, ур ухааныг бий болгожээ. Монголчуудын зонхилон эрхэлдэг аж ахуй нь бэлчээрийн таван хошуу мал учраас тэдгээрийн сүү, мах нь хүнс, хоол ундааны үндсэн түүхий эд болохоос гадна амьжиргааны гол хэрэгсэл нь байдаг байжээ.

Бид монголчууд мах, гурил л зооглодог гэж боддог байлаа. Гэтэл бусад суурин үндэстнийг бодвол байгальд хамгийн ойр амьдардаг учраас ургамлын гаралтай олон төрлийн хоол хүнс, ундаа бэлтгэж хэрэглэж иржээ. Өвөг дээдэс минь олон жилийн өмнөөс Монгол нутаг дахь төрөл бүрийн амтат жимс, жимсгэнэ, мөөг, самар, ааг амтат, анхилуун үнэрт сонгино, мангир, хөмүүл, таана, гоньд, гогод үрт үүргэнэ, суль, цулихар, үндэст мэхээр, улаан цэцэгт төмс зэрэг шим тэжээлт чанараараа хосгүй гойд хүнс хэрэглэж иржээ. Тиймээс шим тэжээлийн дутагдалд орж байсан түүх бүтээгээгүй байжээ. Шим тэжээлийн дутагдлын нэг хэлбэр болсон таргалалтаас “дээр үеийн” хүмүүс хол байсан аж.  Мөн байгаль дэлхийн ургамал жимсийг хүртэхээс гадна олон зүйлийн гөрөөс, загас, шувуу зэрэг ан олзворын асар баялагтай үндэстэн байсан нь ч нөлөөлжээ.

Улирлын онцлогоос гадна бодисын солилцоо, биеийнхээ илчинд тохируулан зоогоо хүртэж иржээ

Монголчууд хүнс, хоол, ундаагаа хүртэхдээ тухайн цаг улиралд зохицуулан онцгой ёс дэглэмийг мөрддөг байсан. Гэвч бидний үеийнхэн энэ уламжлалыг алдаж байгаад нэгийг бодууштай. Жил, улиралд тохируулан хооллохоос гадна хүйс, нас, бие махбодийн онцлог, бодисын солилцоо, илч эрчмийн хуримтлалд онож тохируулан хооллодог байжээ. Монгол хоол идээг нийтэд нь тав ангилах бөгөөд “Цагаан” буюу сүүн идээ, “Улаан” буюу махан идээ, “Ногоон” буюу ургамлын идээ, “Шар” буюу тосон идээ, “Хар” буюу ус, архи, рашааны идээ гэж өнгөөр нь ялган зоогоо хүртдэг байжээ.

Өнгө, өнгийн зоогоо хэдийд хүртдэг вэ

Дэлхийн хүмүүсийн өвчлөл, шаналлын суурь шалтгааны 80 шахам хувь нь бодисын солилцооны хэм алдалтын буюу хүнс, хоол, ундны зохистой хэрэглээ, хоолзүйн соёл, хооллолтын дэгтэй шууд ба дам холбоотой болохыг НҮБ-ын (FAO, WHO) мэргэжлийн байгууллагууд хэлдэг. Тэгвэл монголчууд зоогоо хэрхэн хүртэж, хооллолт, хоол зүйн ямар дэглэм баримталж ирсэн бэ.

“Цагаан” буюу сүүн идээ, ундаа

Агь нүдэлж, яргуй цэцэглэн мал ногоонд цадаж эхлэх цагаас монголчууд “цагаан” буюу сүүн идээ, ундааны дэглэмд шилжиж, тараг, ээдэм бяслаг, аарц, ааруул, өрөм, зөөхий, айраг, хоормог, цийдэм, хярмаар хооллож ундаалдаг. Мөн арвай, буудай, бог будаа зэрэг “Ногоон” идээтэй хослуулан хэрэглэдэг байна. “Цагаан” идээ, ундааны энэхүү дэглэм нь хаврын дунд сараас намрын адаг сарын дунд үе хүртэл буюу дулааны улирлын турш ууланд анхны цас унах хүртэл үргэлжилдэг байж. Хангай, тал хээр, говийн аль бүс нутаг вэ гэдгээс шалтгаалан 4-6 сар шахам үргэлжилж, хугацаа нь харилцан адилгүй байжээ.

“Ногоон” буюу ургамлын идээ

Зун буцан харьж, намарших цагт “Ногоон” идээ буюу ургамлын идээг хэрэглэдэг байна. Тухайлбал, үрт, үндэст ургамал жигдэрч боловсорч гүйцэх үед гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүд, тошлой, улаалзгана, мойл, бөөрөлзгөнө, говийн хармаг гэх мэт төрөл бүрийн жимс, жимсгэнэ, мөөг, самар, сонгино, суль зэргийг дараа жил нь ургах үр, үндсийн нөөцийг нь үлдээн түүж хэрэглэдэг байна. Мөн энэ үед “Ногоон” идээг “Цагаан” идээтэйгээ хослуулан хэрэглэдэг байна.

“Улаан” буюу махан идээ ба “Шар” буюу тосон идээ

Өвөл цаг буюу есийн ес, 81 хоногийн хугацаатай хүйтний улиралд “Улаан” буюу махан, “Шар” буюу тослог идээг хэрэглэдэг байна. Тухайлбал, үхрийн махыг шим тэжээл, илч тэгш чацуу, хадгалахад чанар нь гүйцэн боловсордог учир хавар цагт, адууны махыг чанар, илч-эрчим үлэмж их, шингэхдээ хялбар тул идэр есийн хүйтний үед, хонины махыг шим тэжээл, илч чанар жигд сайн гэж намрын адаг, өвлийн эхэн, адаг саруудад түлхүү хэрэглэдэг байна.

Хурим найрын эхлэл ба төгсгөлд цай өгдөг заншлын нууц

Манай ард түмэн хүслийг хангагч чандмань эрдэнэтэй усыг зүйрлэн адилтгаж, түүнийг амьдралын “Эх” гэж үзэж, энэ сургаалиа үр удамдаа өвлүүлсээр ирсэн. Усны амин ач холбогдол, үнэ цэнийг өнө эртнээс ойлгож, түүнийг хорвоод хосгүй чандмань эрдэнэтэй зүйрлэж байсныг өнөөдөр дэлхийн дахинаа ярьж усны ач холбогдлыг таниулан ойлгуулж байна. Монголчууд өвлийн цагт оройн зоогийн дараа аарцыг усаар шингэлж, шар цагаан тос, элсэн чихэр, шар цагаан будаагаар баяжуулж эсвэл шар, цагаан тос самарсан аагтай цайг заавал уудаг байжээ. Энэ нь мах, өөх голлосон хоолны шингэцийг сайжруулах нэн зохимжтой арга гэж үздэг. Мөн монголчууд ногоон цай нь хоолны шингэлтэд маш тааламжтай нөлөө үзүүлдэг болохыг эртнээс танин мэджээ. Иймээс баяр ёслол, хурим, найр, хүндэтгэлийн зоог ердийн хоол ч ялгаагүй цайгаар эхэлж, түүгээр дуусгадаг ёс заншил тогтсон байна.

Оройн хоолны дараах тустай хичээл

Монголын соёлын орон зайд томоохон нэг орон зайг эзлэн орших нь монгол ардын аман зохиол. Өнөө болоод хуучин цагийн эрдэмтэд, энэ цагийн шилдэг сэхээтнүүд монгол ардын домог, туульс сонсож өссөн бага нас нь түүний бичгийн амьдралын их зам мөрийг зааж, гэрэлтүүлсэн тухай байдаг. Тэгвэл монголчууд эртнээс нааш оройн хоолны дараа настан буурал, ахмадындаа хот айлаараа цуглаж, үлгэр хэлж, туульс хайлж, оньсого таавар таалгаж, шатар, даам, шагайгаар тоглодог байжээ. Эсвэл багачууд хүүхдүүддээ, бичиг ном, үйл оёхыг зааж, чөдөр ногт зангидахыг сургаж, 3-4 цаг хөгжилддөг байсан уламжлалтай. Үүний учир нь хоолоо шингээн, сэтгэлээ баяслаар дүүргэн, шөнийг хагаслаад амардаг байсан учиртай холбоотой байжээ.

Уншиж судалвал өөр нарийн нандин, маш сонирхолтой олон зүйлс энэ номд багтаж. Мах, ногоогоо чанаж, болгож л хэрэглэдэг ард түмэн гэж боддог байлаа. Гэтэл чанаж, ууршуулж, жигнэж, шарж хэрэглэдэг, бүр хэдэн зууны өмнө зөөхийндөө загас шарж идэж байсан түүх хүртэл байна. Хоол хүнсээрээ өвчнөө хэрхэн анагааж байсан түүхийг ч мөн эндээс тольдох боломжтой.

“Монгол үндэстний хоол хүнс” хэмээх энэхүү бүтээлтэй танилцахад монголчууд хоол, хүнсний асар өргөн соёлтой, нарийн нандин жортой, хүнсээ “эрчмээр” нь ангилан хүртдэг, хоолыг гайхалтай боловсруулж хүртдэг, шингээдэг, өндөр соёлтой, түүхтэй ард түмэн байжээ. Нийтлэлийнхээ төгсгөлд нэгэн зүйлийг хүсье. Та Монголынхоо уламжлалт хоол хүнсэндээ “сэтгэл гаргаж”, хооллолтдоо анхаарах нь өөрийн болоод гэр бүлийн тань гишүүдийн эрүүл мэндэд тустайгаас гадна эх орныхоо өв, соёлд оруулж буй маш том хувь нэмэр юм шүү гэдгийг онцлон тэмдэглэе.