"Чингис хаан" музей өнөөдөр /2022.10.11/ нээлтээ хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гарган, музейд залсан юм. Нээлтэд төрийн тэргүүн болон төр нийгмийн зүтгэлтнүүд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Чингис хаан" музейг нээж хэлсэн үгэндээ "Их Эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадынхаа үйл хэргийг монголчууд бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Эзэн хаанаараа овоглосон хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.

2019 оны Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах шийдвэр гарсан цаг мөчөөс өнөөг хүртэл дэлхий нийтийг хамарсан цар тахлаас авхуулаад хүндрэл, бэрхшээл олонтоо тохиолдсон ч музейг богино хугацаанд барьж ашиглалтад орууллаа.

Монголчууд бид оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө нэгтгэн эрч хүчтэй хамтран ажиллаж чадвал  ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг  гэдгээ энэ түүхэн бүтээн байгуулалтаар бас дахин нотлон харууллаа" хэмээн онцлов.

Харин Чингис хаан" музейн захирал С.Чулуун "Хэмжээгээрээ Ази тивд эхний 10-т багтах уг музей нүүдлийн соёл иргэншлийн цогц түүхийг харуулах боломжтой" хэмээн тодотгов.

21 дүгээр зууны хамгийн том соёлын бүтээн байгуулалт гэж нэрлэгдээд буй эл музейд,

  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан)
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан)
  • Их Монгол Улс
  • Монголын Их эзэнт улс
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе)
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим)
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийн нийтэд толилуулах юм байна.

Музей нийт 12 мянга орчим үзмэртэй. Тэдгээрийн 92 хувь нь эх үзмэр бол үлдсэн хэсэг нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар юм байна. Тухайлбал, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг болон Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватиканд байгаа хаадын захидал зэргийн А хуулбар байгаа аж.

Олон улсын стандартад нийцсэн музейтэй болсон нь монголчуудын түүх соёлоо сурталчлах, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг аж. Чингис хаан музей энэ сарын 12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхлэх бөгөөд насанд хүрэгчид 30,000, гэр бүлээрээ 20,000, оюутан 15,000 төгрөгөөр үйлчлүүлнэ. 0-16 хүртэлх насны хүүхдүүд болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй юм.

"Чингис хаан музей" нээгдлээ