УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тойрог, мандатыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн дунд ширүүн маргаан өрнөж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Давахгүй гэсэн даваагаар долоо давдаг юм гэсэн. АН-ынхан хүний мөс гэдгийг мэддэггүй л дээ. Энийгээ та нар сүүлчийн удаа ард түмэнд өнгөтөөр харуулж байгаад талархаж байна. Энэ бүх балиар юмыг чинь ард түмэн харж байгаа. Хүнээ хүн шиг амьдруулж, Улаанбаатар хотын иргэдийг хаусжуулна гэсэн яал аа. Ийм байдлаар ард түмнийг молигодож ялна гэвэл их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр болно доо. Увс АН-д санал өгдөггүй учраас малын арьс шиг тойргийг нь хэвтээгээр Н.Батбаяр, Х.Тэмүүжин хоёр зурж байна. Та нарт ичих булчирхай байна уу. Та нар одоо бүр шүлмийн төрхтэй болж байгаагаа мэдэхгүй байна уу. Яахаараа Б.Гарамгайбаатарт зориулж Хэнтийд нэг тойрог нэмдэг юм. Тойргийг дураараа бичдэг хэн юм та нар. Ард түмнээ хэт басамжилж байгаа юм биш үү. Багануурыг та нар тамлаж байна” гэх зуур УИХ-ын дарга З.Энхболд түүний микрофоныг хаав.
Тэрээр "Шүлэм гэдэг нь шулам гэсэн үг юм байна шүү. Зарим үгийг орчуулахгүй бол болохгүй байна" хэмээн ёжлоод авсан юм.