Манай улс мөнгөн гүйлгээний эртний түүхтэй. Бүр анхны төрт улсын үеэсээ буюу МЭӨ III зуун, Хүннү гүрэн байгуулагдсан цагаас зоосон мөнгө хэрэглэж, арилжаа наймаа эрхэлж, 1227 оноос цаасан мөнгө хэвлэж, гадаад гүрнүүдтэй харилцсаар иржээ. Гэхдээ баялаг түүх, бахархам уламжлалтай байлаа гээдөдгөө үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэ цэнтэй, бяртай, хүчтэй байдаггүй юм байна.Өнөөдөр монгол төгрөг цаас боллоо. Ингэж хэлсний учрыг бүгд мэднэ. Нэг доллартой гурван мянга таван зуун ширхэг нэг төгрөг дүйнэ. Жинлээд үзвэл бараг нэг кг татах нэгтийн дэвсгэрт. Мөнгө биш зүгээр цаас болсон нэг, арав, хорин төгрөгийн дэвсгэртүүд хэвтэвчин завсар ёс төдий л оршино. Ямар түүгээр нэг ширхэг бохь авч хүрэх биш тэндээ хэвтэж байхаас өөр аргагүй. Төлж хүчрэх зүйлгүй болсон тэр тасалгаанд тавьт, зуут, таван зуутын дэвсгэртүүд орохоор дугаарлаж байна. Хэрэв манай улс өдгөө ч зоос хэрэглэсэн хэвээр байсан бол тэрэг дүүрэн зоосоор талх худалдаж авах нь. 1990 онд АНУ-ын нэг доллар дөрвөн төгрөгтэй тэнцэж байсан бол 1993 онд 400, 2016 онд 2000 төгрөгтэй тэнцэж тасралтгүй өссөөр өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.
Ам.долларын өсөлт /2022 он гарсаар/
Евро 14 хувь
Фунт 17 хувь
Иен 25 хувь
Песо 11 хувь
Юань 9 хувь
Эх сурвалж: REUTERS
Доллар чангарч түүний эсрэг үндэсний мөнгөн тэмдэгт хүчгүйдээд байгаа нь ганц манай улсын зовлон биш. Ам.доллар бараг бүх валюттай хүч үзээд ялж байна. Хатуу валютын нэгт тооцогддог фунт стерлинг хүртэл ам.долларын эсрэг түүхэн доод хэмжээндээ хүрлээ.Есдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нэг фунт 1.0382 ам доллартай тэнцэж ам.долларын ханш фунтын эсрэг бүх цаг үеийн дээд цэгтээ хүрч чангарсан юм.Харин наймдугаар сард ам.долларын ханш еврогийн эсрэг хорин жилийн дээд цэгтээ хүрч өссөн билээ. Хятадын юань ч мөн долларын эсрэг суларчам.доллартай харьцах ханш нь хамгийн доод түвшинд хүрч буурлаа. Долларын ханшийг евро, иен тэргүүтэй зургаан валюттай зэрэгцүүлэн хянадаг USDX индекс өмнөхоны мөн үеэс 21.1 хувь, түүхэн доод үеэс 58 хувь нэмэгдэж 113 доллар болоод байна. Шри Ланк, Пакистан, Египет зэрэг улсуудад ч ам.долларын ханш өсөж, валютын нөөцөө шавхан, ОУВС-гаас тусламж хүссэн билээ. ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад төгрөгийн ханшийн сулрал, гадаад валютын албан нөөцийн бууралт сорилт болж байгааг мэдэгдсэн. Гэхдээ одоохондоо манай улстус сангийн хөтөлбөрт орох хүсэлтээ илэрхийлээгүй байгаа юм.
Ердөө жилийн өмнө 2849-2850 төгрөгийн хооронд тогтвортой байсан ам.долларын ханш төгрөгийн эсрэг сүүлийн нэг жил 470 төгрөгөөр өссөн буюу 15 хувиар чангарчээ. Энэ хугацаанд Монголбанкнаас нийлүүлэлт хийсэн ч түүнийг давсан эрэлт банкууд дээр үүссэн. Хэдийгээр банк хязгаарлалт тавьсан ч эрэлт өндөр байгаагийн улмаас “Найман шарга”валютын зах дээр хөл хөдөлгөөн нэмэгдэж, албан болон албан бус ханшийн зөрүү хэт өндөр болоод байна. Есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар ам.долларын албан ханш 3322 төгрөгбайсан бол “Найман шарга”-д 3510 төгрөгт хүрчээ.Доллар ховордож, хаданд гарахад хөл хорио цуцлагдмагц гадагшаа урссан ам.долларын урсгал нөлөөлсөн. Коронавирус дэгдсэнээс хойш орлого харгалзалгүйгээр хавтгайруулан олгосон халамж гадагшаа урсах валютын урсгалыг нэмэгдүүлсэн гэдгийг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи хэлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн онд манай төрийн өмчит компаниуд урд хөршийн төрийн өмчит компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь экспортын орлогыг бууруулсан аж. Өөрөөр хэлбэл,Монгол Улсаас гарч байгаа ашигт малтмалын борлуулалтын орлого буцаж орж ирэлгүйгээр дэд бүтцийн төслүүдэд зарцуулагдаж байгаа нь импортын хэрэгцээг нэмжээ.
Ханш эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог. Ханшийн өсөлтөд импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр өссөн нь мөн нөлөөлж байгаа юм. Жишээ нь, бид шатахуун түлшээ 100 хувь гаднаас импортолдог. Шатахууны үнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон улсын зах зээл дээр 50-60 хувь өссөн. Хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ ч мөн 20-30 хувиар өсжээ. Хэдийгээр бидний гаднаас импортолдог бараа бүтээгдэхүүний хэмжээ хэвээрээ байгаа ч үнэ нь өссөнтэй холбоотойгоор өмнө нь төлдөг байснаасаа хамаагүй илүү валютыг төлж байгаа юм.
Бид олсноосоо ахиуг үрж байна. Энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах нь валютын ханш өсөх үндсэн шалтгаан. Дээр дурдсанчлан ам.долларын эрэлт өсөж байгаа учраас үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээсэн Төвбанк ханшаа алдахгүйн тулд гадаад валютын албан нөөцөөсөө зах зээл дээр нийлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны гадаад валютын албан нөөц нэг жилийн дотор 40 хувиар буурчээ. ГВАН бол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хөдөлгөөнийг удирдах Төв банкны гол хэрэгсэл. 2021 оны есдүгээр сард 4.2 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол өдгөө 2.7 тэрбум ам.доллар болтлоо буураад байна. Тэгэхээр ГВАН-өө арвижуулах ямар арга байгааг болон бид хаанаас доллар олдог вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Манай улсад хэд, хэдэн замаар доллар орж ирдэг. Экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж, багцын хөрөнгө оруулалт, алтны үйлдвэрлэл, худалдаа гэсэн үндсэн сувгуудаар валют олох боломжтой. Төв банк алтны олборлолт, алт тушаалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Төлбөрийн тэнцлийн хямралын үед ийм арга хэмжээ авсаар ирсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалтын тухайд сүүлийн жилүүдэд өссөнгүй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татахад дан ганц Монголын гэлтгүй өөр олон хүчин зүйлнөлөөлж, маш их хүчин чармайлт шаарддагаараа онцлогтой.Ирэх онд 1.2 их наяд төгрөгийн зээл, 570.5 тэрбум төгрөгийн тусламж авч ашиглахаар 2023 оны төсвийн төсөлд тусгажээ.
2023 онд бид хоёр том бондын өр төлөх даалгавартай. Сангийн яамнаас Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг танилцуулах үеэрээ ирэх онд гадаад зээлийн асуудалд маш сахилга баттай хандана гэж хэлсэн. Түүнчлэн шинэ бонд гаргахгүй, өмнөх өрөө л санхүүжүүлж, зээлжих зэрэглэлээ хадгалахаа мэдэгдсэн юм. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч байгаатай холбоотойгоор гадаадын зээлдүүлэгчид төлж буй үндсэн төлбөрийн хэмжээ өмнө онтой харьцуулахад 310 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрийн хэмжээ 173.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. 2023 онд төлөх гадаад үнэт цаасны хүүгийн зардал 174.8 сая ам.доллартай тэнцэх хуваарьтай байна. Ингэхээр бид уул уурхайн бүтээгдэхүүнээ л зарж байж хэдэн доллартай болох нь. Алт нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн Монгол Улсад доллар авчирдаг. Үүнээс хамгийн тогтмол байгаа нь зэсийн экспорт. Оны эхний найман сарын байдлаар 1,063.2 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Алтны тухайд зэс, нүүрс шиг их хэмжээний валютыг Монгол Улсад авч ирдэггүй ч тогтмол, тодорхой хэмжээний валютын урсгал бий болгодог. Төв банк есдүгээр сарын 22-ны байдлаар 13.7 тонн алт худалдан авсан байна. Түүнчлэн нүүрсний экспорт сэргэж байгаа сайн мэдээтэй. Он гарсаар 17 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь өмнө оны мөн үеэс 48 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Цагаан хаданд нэг жил хагасын өмнө урьдчилаад зарчихсан 10 сая тонн нүүрсний овоолго үүссэн байсан. Бид бүтэн жил хагас энэ зарсан нүүрсээ л гаргасан. Валют орж ирээгүй гэсэн үг. Энэ овоолго тавдугаар сард дууссан юм. Одоо үүсээд байгаа валютын шок үүнээс болсон. Ирэх онд чанартай экспорт хийнэ. Нүүрсний экспорт хамгийн өндөр цэгтээ хүрч байсан үе буюу 2019 онд 36 сая тонн нүүрс экспортолж байх үед өдөрт 1200 машин нүүрс гарч байсан. Одоомашины тоо 1300-аас буухгүй байна. Энэ машинуудын багтаамж, даац нэмэгдсэн. Экспортын чанар гэдэг бол хэмжээ биш. Харин үүний зөрүүнд орж ирэх мөнгө юм.

Нүүрсний экспортоос илүү урт хугацаандаа зэс экспортын орлогыг бүрдүүлнэ. Алт ч мөн ялгаагүй. 2023-2024 онд Оюутолгойн далд уурхай ашиглалтад орно. Иймээс зэс болон алтны экспорт нэмэгдэхээр байна. Дээрээс нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсонтой холбоотойгоор нүүрсний экспорт нэмэгдэнэ. Мөн олборлолтоо эхлүүлэх гэж буй алтны төслүүд бий. Экспортын орлого цаашид өсөхөөр харагдаж байна.

Төмөр зам тавьсантай холбоотойгоор ачааны тэргээр зөөснөөс хамаагүй хямд өртгөөр, их хэмжээгээр нүүрс гаргах боломжтой боллоо. Үүнийгээ зөв тооцоолбол экспортын орлого нэмэгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг экспортлох тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй, ахиц гарахгүй л байна. Ядаж зуны улиралд аялал жуулчлалыг илүү хөгжүүлмээр байна. Үүнд агаарын тээвэр, үнэ ханшийн асуудал нөлөөлж байна. Ийм асуудал байгаа гэдгийг бүгд мэддэг ч өөрчилж чадахгүй байна.
Төгрөгийн ханшийг тогтвортой хадгалах нь Төв банкны зорилт. Хэрэглээний сагсан дахь импортын бүтээгдэхүүний орц өндөртэй манай улсын хувьд валютын ханш чангарах нь инфляцад сөргөөр нөлөөлнө. Энэ үнийн өсөлтийг иргэд үүрч буй. Төгрөг үнэ цэнтэй байхын тулд өгөөжтэй байх ёстой. Мөнгөний бодлогын хүү бол төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ. Жишээлбэл, АНУ-ын Холбооны нөөцийн банк хүүгээ өсгөхөд доллар үнэтэй болж байгаа шиг төгрөгийн өгөөжийг өсгөх ёстой. Тэр эрх нь бодлогын хүү гэдэг хэрэгслээр дамжинМонголбанкинд хадгалагддаг. Энэ утгаараа Монголбанк он гарснаас хойш бодлогын хүүг зургаан нэгж хувиар өсгөж 12-т хүргэсэн. Үүнээс гадна Төв банкны бодлого зорьсондоо хүрэх эсэх нь төсвийн бодлогын тэлэлт, бууралт, төлвөөс хамаарна. Харин энэ хоёр бодлого амжилттай хослох эсэх нь төлбөрийн тэнцлээс хамаарах юм. Төлбөрийн тэнцлийг сайжруулахгүй тохиолдолд төсөв, мөнгөний бодлогын орон зай хумигдмал хэвээрээ байна. Хэдийгээр Монголбанкны тухай хуульд Төвбанк нь төгрөгийн тогтвортой байдлыг хангана хэмээн заасан ч Монголбанкны анхдагч үүрэг бол төгрөгийн дотоод зах зээл дэх үнэ цэн буюу инфляцыг тодорхой түвшинд барих. Харин валют тэр дундаа ам.доллартой харьцах төгрөгийн ханш ямар байх нь зөвхөн мөнгөний бодлого төдийгүй макро эдийн засгийн олон хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс мөнгөний бодлогоос гадна төсвийн бодлого чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханшийг хамгаалахын тулд төсвийн бодлого ч чангарах хэрэгтэй юм.

Мөнгөний бодлогыг хатууруулаад төлбөрийн тэнцлийн хүндрэл, инфляцыг бууруулахаар зорьж байх үед төсвийн бодлого тэлэлттэй байвал мөнгөний бодлогын үр нөлөөллийг бууруулна. Ингэснээр өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг богино хугацаанд шийдэх боломжийг хойшлуулна. Тэгэхээр импортын дарамтыг бууруулсан, инфляцыг өдөөхгүй байх чиглэлд төсвийн нийт дүнг, төсвийн доторх зардлын бүтэц дээр оновчтой тохиргоо хийх шаардлагатай.
/Эх сурвалж: Ийгл тв, Эдийн засгийн тойм/

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-аас Монголбанкны гарыг хүлсэн гэж хэлэхээр шийдвэрүүд гаргасан. Янз бүрийн зээл олгох замаар эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлж байна. Нөгөө талд бодлогын хүүгээ чангалаад эдийн засгийг хумих арга хэмжээ авч байна.
Монгол Улсын 2023 оны төсвийг яг энэ цаг үед хэлэлцэж байна. Жил бүр, Сангийн сайд болгон маш хэмнэлттэй, зардлыг аль болох танасан сайн төсвийн төсөл өргөн барьсан хэмээн мэдэгддэг. Энэ жил ч мөн тэгж л мэдэгдлээ. Гэвч Сангийн яам түүхэндээ байгаагүй хамгийн өндөр зарлагатай төсвийн төслийг өргөн барьсан юм. Түүнчлэн, ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг ч төсөл шинээр эхлүүлэхгүй гэдгээ Сангийн сайд мэдэгдээд буй. Хэрэв энэ үнэн бол УИХ-ын гишүүд тойрог дээрээ төсвийн хөрөнгө оруулалтаар ямар нэг ажил хийж чадахгүй гэсэн үг. 2024 оны сонгууль ойртсон энэ цагт эрхэм түшээд үүнийг дэмжих үү, ирэх онд УИХ, Засгийн газар төсвийн зардлаа хумих, Монголыг чиглэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, хил гааль дээр үүссэн гацаа саадыг арилгах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг төгрөгийн ханшийг хамгаалах арга хэмжээг авч,шат дараатай бодлого хэрэгжүүлж чадах эсэхийг харах л үлдлээ.